Монгол Улс анх удаа "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-тай болсон. Тус хууль нь 9 бүлэг 41 зүйлтэй. Амьтны асран хамгаалагчийг хариуцлагажуулах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэх, хүчирхийллээс ангид байлгах зорилго агуулсан тухайн хууль нь нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бид тухайн хуулийг боловсруулахаас батлагдах хүртэл ажлын хэсгийн гишүүнээр ажилласан "Азтай савар" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзултай ярилцлаа.
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар хүн, амьтан хоорондын харилцааг зохицуулахаас гадна нийгмийн хэрэгцээ шаардлагыг та бүхэн юу гэж харсан бэ?
-Энэ хууль зөвхөн амьтны эрхийг хамгаалж буй асуудал биш. Хууль бол нийгмийг цогцлоох асуудлыг зохицуулах ёстой. Энэ бол нийгмийн эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийг хариуцлагажуулсан явдал. Анхдагч хууль учраас батлагдах ёстой шалтгааны талаарх асуулттай тулгарна. Жишээлбэл, 18 метр тутамд амьтны ялгадас байгаа юм. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Сэг зэм ч гэсэн. Мөн гурван амьтны нэг нь хүнд халдварладаг өвчлөлтэй байна.
Хохирогчдын 90 орчим хувь нь эзэнтэй амьтанд хазуулсан байдаг. Гудамжинд хаягдсан амьтдын тал нь эзэнтэй. Тэжээх гэж аваад хаячихдаг тохиолдол байна гэсэн үг. Тиймээс амьтны эздийг хариуцлагажуулахаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр хамгийн чухал нь эздийг хариуцлагажуулъя, амьтдыг бүртгэлжүүлье, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулъя, нийгмийн эрүүл мэндийг хамгаалъя гэх зорилго.
-Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь заавал 18 нас хүрсэн байх, орлогоо нотлох зэрэг шаардлагыг хуульд тусгасан байна. Тухайлбал амьтан тэжээхийн тулд дундажаар ч гэх үү, хэдий хэр хэмжээний орлоготой байх ёстой болж таарах вэ?
-Нэг амьтныг тэжээхэд дор хаяж 1,500,000 төгрөгийн зардал гарна. Хоол хүнсийг нь авна, вакцин туулганд хамруулна гэх мэт. Тиймээс тодорхой хэмжээний орлоготой байж л тухайн амьтныг асран хамгаалахаас өөр сонголт байхгүй. Хууль хэрэгжиж эхэлснээс зургаан сарын дотор журам батлагдана. Түүнд орлого нотлохын тулд бүрдүүлэх баримт бичгийн талаар тодорхой дурдана. Харин бидний төсөөлж байгаагаар, дансны хуулга байхад л болох хэмжээнд.
Тус хууль хэрэгжиж эхлэхээр зөрчлийн хуулиар хариуцлага үүрэхээр болж байгаа. Тиймээс Монгол Улсын иргэн, 18 насанд хүрсэн байх ёстой болно. Зөрчлийн хуульд "амьтны тухай хууль зөрчих" гэсэн бүлэг орж байгаа. Тухайн блэгт хэд, хэдэн ялгаатай заалт буй. Асран хамгаалагчийн үүрэг гэхэд л амьтныхаа өтгөн ялгадасыг аваагүй тохиолдолд торгоно гэх мэт. Мөн үржүүлэгч нар тухай.н амьтныг зориулалтын газар үржүүлээгү байх юм бол хариуцлага хүлээнэ. Учир нь тэд ч бас зөвшөөрөл авдаг болсноор буцах хаягтай эзнээс хүмүүс амьтнаа худалдаж авна гэсэн үг. Иргэн зарим амьтдаа худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлэх бүрэн эрхтэй байна.
-Тухайн хуулийг судалж байхад эрх, үүргийн талаарх заалтууд дэмжлэгээсээ их байна. Төрөөс үржүүлэгч эсвэл түр асран хамгаалагчдад үзүүлэх дэмжлэг байх уу?
-Түр харагч ч мөн зөвшөөрөл авахаар тусгасан. Төрөөс дэмжлэг үзүүлж байгаа, ганц чөлөөлж байгаа зохицуулалт нь түр харагчдад хамааралтай, бүртгэлийн хураамжаас чөлөөлөхөөс эхлээд журмууд байна. Учир нь олон амьтан нэг дор байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хяналт байх ёстой болж таарна. Зөвшөөрөл гэдэг нь баримтаа өгөхөд л шийдэгдэх зүйл.
-Гэрийн тэжэээр амьтны бүртгэл хэдийнээс эхлэх вэ? Хууль боловсруулахын өмнө эзэнгүй амьтны тоо толгойн судалгаа хийсэн байх, түүнээс хойш дахиж хийсэн үү?
-2021 онд албан ёсоор судалгаа хийсэн. Улсын хэмжээнд 320 мянган эзэнгүй нохой, муур байсан. Энэ бол бага тоо биш. Үүнээс хойш судалгаа хийгээгүй. Бүр их өссөн ч байх магадлалтай.
"Эзэнгүй амьтныг буудаж устгахыг хориглоно" гэх хуулийн заалт таван жилийн хугацаанд хэрэгжихгүй. Энэ хугацаанд буудаж устгах ажил хийгдэх боломжтой. Учир нь энэ хууль хэрэгжиж эхлэнгүүт л эзэнгүй амьтад үгүй болчихгүй шүү дээ.
Харин бүртгэл, чиптэй холбоотой журам батлагдах ёстой. Мөн систем байх ёстой. Систем нь бараг л бэлэн. Зөвхөн сайжруулах шаардлагатай. Эдгээрийг хийхэд 6 сарыг зарцуулахаар тооцоолсон. Тиймээс бүртгэлийн ажил зургадугаар сараас хойш албан ёсоор эхэлж, хэрэгжинэ.
-Хуулиар бол амьтандаа үржил хаалгах мэс ажилбарыг заавал хийлгэх үүрэгтэй болж байна. Харин тухайн ажилбарыг хийлгэхгүй байж болох тохиолдол нь юу вэ?
-Амьтандаа үржил хаалгах мэс ажилбар хийлгэх үүргийг асран хамгаалагч нь хүлээж байгаа. Харин үүрэггүй хоёр тохиолдол байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман настай нохой, мууранд заавал энэ төрлийн мэс ажилбар хийлгэх шаардлагагүй. Найм бол нохой, муурны хувьд өндөр нас. Тухайн ажилбар нь эрсдэлтэй болоод ирнэ гэсэн үг. Нас барахыг ч үгүйсгэхгүй. Мөн монгол үүлдэрийн нохойнд энэ төрлийн мэс ажилбарыг хийлгэх шаардлагагүй.
Учир нь монгол уламжлалаа дээдэлж, монгол банхар болон тайга нохойны үржлийг нэмэгдүүлэх зорилгоос үүдэлтэй. Цэвэр үүлдэрийн нохойг бүртгэлжүүлэхэд удмын бичиг шаардана. Түүнчлэн "Азтай савар"-ын зүгээс хөдөө орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар болж байгаа.
-Хууль баталлаа, хэрэгжүүллээ. Эргэх холбоо гэдэг зүйл чухал шүү дээ?
-Гагц төрийн байгууллага гэлтгүй иргэд ч гэсэн хяналт тавих хэрэгтэй. Хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэх, шаардлага тавих байдлаар хандах хэрэгтэй.
Төрийн байгууллагуудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлээд явна. Тухайлбал, иргэн "нохойгоо хошуувч, хөтөлгөөгүй авч яваа, амьтныхаа ялгадсыг авахгүй явсан асран хамгаалагч"-ийг мэдээлж байж хууль илүү сайн хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (2)