Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газартай хамтран хүүхэд, гэр бүлтэй ажилладаг, иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг албан хаагчдыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үе шаттай мэргэшүүлж байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр сонсголын бэрхшээлтэй хүнд үзүүлэх анхан шатны нийгмийн тусламж үйлчилгээг илүү саадгүй, хүртээмжтэй болгох зорилгоор төрийн албан хаагчдад зориулсан дохионы хэлний анхан шатны чадвар эзэмшүүлэх сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтүүд, иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн ерөнхий газрын харьяа мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102, 107, 103 шуурхай удирдлагын хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газар болон харьяа хэлтсүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн албан хаагчид болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны 70 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, сонсголын бэрхшээлтэй хүнтэй дохионы хэлээр ярилцах анхан шатны чадвар эзэмшлээ.
Эх сурвалж: ХНХЯ