Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.жаргал
Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд аж амьдрал "хав харанхуй". Болно, болгоно, босно гэдэг найдвар ч нэг нэгээрээ унтарч байна. Бүгдээрээ сэтгэлээ цөмчүүлсэн олон үйл явдал, хүнд мөчүүдийг туулав.
Үерт одсон нэгнийгээ үдэж эмгэнэлээ, харгис тамлалыг үзсэн хүүхдүүдийн араас эмтэрч эмгэнэлээ, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн хүнээ харуусан эмгэнэлээ. Энэ хүртэл эмгэнэлээ.
Хэнд гомдож, хэнээс хариуцлага нэхэж, хэнд аргадуулж, хэн рүү алхахаа ч мэдэхгүй, учир битүүлэг замд цугаар төөрч явна. Сэтгэл гутрал ч биднийг утаа шиг бүрхэн бүчлээ.
Гал түймэрт өртсөн, усанд живсэн, үгүй болсных нь араас л хийх ёстой байсан ажлаа төр харж байна. Тэр хуулийг чангатгана, хамгаалалтын хувцас, тоног төхөөрөмж авна гээд л. Төрд хийх ёстой ажлыг нь сануулахын тулд хэчнээн хүн амиа өргөх ёстой вэ.
Бид амьд явах эрхтэй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хамгаалуулах эрхтэй. Гэвч алийг нь хүртэх боломж алга. Үүргээ ухамсарласан иргэн байх, үүргээ ухамсарласан албан хаагч байх ёстой юм бол үүргээ ухамсарладаг төрийн түшээ ч байх л ёстой бус уу.
Томоотой, хүлцэнгүйн туйл болж гүйцжээ, бид. Цахим ард түмэн болж. Үүгээрээ бол бид хэнийг ч дагуулахгүй болох нь. Суусаар, суусаар. Гудамж гудамжиндаа, булан буландаа үлдэх нь. Гэтэл...
Амьд явах нь битгий хэл алхаад гэртээ харих ч баталгаагүй байна шүү дээ. Ядаж одонд хүслээ шивнэе гэх нь ээ, халтар утаан дотроос нь од ч харагдахгүй. Гэвчиг болгоно, бүтээнэ, босно гэх үг дандаа л араас түлхэнэ. Амьдарна гэх тэмүүлэл бус амьдрах ёстой гэсэн араа шүдний зуурах хором л байна. Зарим буруу сонголтынхоо горд өөрөө өөрийнхөө эрх чөлөөг үгүй хийсэн нь байгаа л биз. Харин бид бүгдээс Үндсэн хуулиар эдлэх ёстой үнэхээр сайхан эрхүүдийг хэн булаав?
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)