"Дашваанжил" ХХК-ийн удирдлагын зүгээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгч байна. Тус компанийн Ерөнхий захирал Баатаржав эмгэнэл илэрхийлж, дараах үгийг хэлэв.
Мэдээллийн эхэнд тус байгууллагын төлөөлөл 600 гаруй ажилтнаа төлөөлөн, амиа алдсан албан хаагчдад гүн эмгэнэл илэрхийллээ.
Тэрбээр "Манай компанийн хийн зөөврийн автомашин осолд орсон. Санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж бид үзэж байна. Энэ ослоос үүдсэн гал түймэрт өртсөн иргэдээс хурдан илааршихыг ерөөж байна. Нэр бүхий компаниуд биднийг ойлгож байгаад талархаж байна. Манай компанийн ажилтан Ренцэндорж 1984 оноос хүнд даацын автомашин барьсан, 62 настай, туршлагатай, онц тээвэрчин юм. Ажиллаж байх хугацаандаа ямар ч осол аваар гаргаж байгаагүй гэдгийг түүхээс нь харж болно. Манай компанид 2019 оноос ажиллаж байна. Архи, тамхи гэх мэт хорт зуршил түүнд байхгүй. Манай шилдэг ажилтан.
Манай компани ойн мод, заг бударганыг түлшинд хэрэглэхийг багасгах, цөлжилтийг бууруулах, утаагүй орчныг бүрдүүлэхийн тулд хийн түлшийг хэрэглэдэг бүх орны туршлагыг нэвтрүүлэхээр монголдоо анхны хийн хангамжийн сүлжээг байгуулсан.
Бид өнөөдрийн байдлаар 21 аймаг 30 орчим суманд хий хадгалах станц, автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулсан. Осол аваар гарсанд үнэхээр харамсаж байна.
Хуулийн байгууллага мөрдөж байгаа. Бурууг тэд тогтооно. Бид хууль зөрчиж, илүү мэдээлэл өгч болохгүй юм билээ. Очиж харъя гэсэн ч харуулдаггүй юм билээ. Манай бүх бичиг баримтыг шалгаж байгаа. Манай компанийн зүгээс өмгөөлөгч, эрдэмтдийн баг гаргаж, осол аваар гарч, хүний амь нас, хохирол учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, шийдвэрлэхийг зорино.
Жолооч Ч.Ренцэндоржийн хууль эрх зүй, эдийн засгийг компанийн зүгээс бүрэн хариуцна. Хариуцлагатай ажилтнаа бид хамгаалах болно. Хүсэл зориг нэгтэй ажилтан хэн ч байсан бид өмгөөлж хамгаалж, хамт давж туулна. Бичлэгээс харахад олон хүчин зүйл байсан юм шиг харагдаж байна. Гэхдээ би дүгнэлт гаргах эрхгүй" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (14)