24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэсээр байна. Бид энэ дугаартаа шүд өвдөж хөндүүрлэж, буйл үрэвсэх нь түр зуурын үзэгдэл мөн эсэх талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа.
Тэрбээр "Зарим хүмүүс өнгөрсөн шөнө халуудаад, шүд өвдсөн хавдсан, дараа нь зүгээр болсон гэж ярьдаг. Шүд маань эв эрүүл гэлцдэг. Гэвч ямар нэгэн шалтгаан байхгүй бол хэзээ ч хавдаж, хөндүүрлэж, үрэвсэхгүй.
Тэнд бактер, бохирдол байгаа учраас л буйл улайх, хавдах, үрэвсэх шинж тэмдэг илэрч байгаа юм. Энэ нь буйлны үрэвсэл эсвэл ёзоорын цоорол байх магадлалтай.
Мөн нэг шүдээ авахуулснаас үүдэж шүд сунасан зэрэг асуудал байна л гэсэн үг. Тиймээс нэг л өглөө сэрээд ирэхэд хавдчихсан хацартай байхгүйн тулд бага зэргийн хөндүүрийг үл тоох бус яаралтай эмчлүүлээрэй. Ганцхан шүд ч бай, хөндүүрлээд л байвал цоорол байх эрсдэлтэй. Түүнчлэн буйл үрэвсэж, эмзэгших, завсрын цоорлоос үүдсэн өвдөлт мэдрэгдэж байна гэсэн үг.
Сурвалж хоорондын цоорол, үрэвсэл нь хүний нүдэнд огт харагдахгүй. Түүнчлэн гадна талбайд мэдэгдэхгүй маш их зовуурь байх нь бий. Ихэвчлэн буйл шамирч, хатангиршсанаас үүдэн тухайн хэсэгт бохир орж цоорол үүссэн учраас хөндүүрлэдэг.
Дараагийн нэг шалтгаан бол хоршсон шүд, хажуу талын шүдийг авсны улмаас шүд хөдөлгөөнд орсон бол хорших байдал алдагддаг. Энэ хооронд бактерийн хуримтлал үүсдэг. Хоол ундны үлдэгдэл дээрээсээ чигжиж орсоор байгаад шүд хөндүүрлэх нь бий.
Чигчлүүр хэрэглэсэн ч хоолны үлдэгдлийг гүйцэд гаргаж чадахгүй яваад байвал үрэвсэл үүсэж, хөндүүрлэнэ.
"Халуудаад хөндүүрлэсэн байх, миний шүд зүгээр ээ" гэж буй хүмүүсийн ихэнх нь шүд хоорондын завсартаа их өнгөртэй байдаг. Тиймээс шүдний утас хэрэглэх хэрэгтэй. Хэрэв эмчид хандах боломжгүй, хөдөө гадаа явж байгаа үед буйл хавагнаж, улайх шинж тэмдэг илэрвэл маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Шүдний завсар болгоныг цэвэрлэж чадвал тэр хөндүүр багасна. Иймд та, шүдээ угаахаас гадна завсрын утас, ам зайлах уусмалыг хэрэглэж, эмнэлэгт хандах боломжтой болтлоо түр зуурын арга хэмжээг авч байж болно.
Шүдний завсар тань гурвалжин зайтай бол завсрын сойз хэрэглэх хэрэгтэй. Харин шүдний чигчлүүрийг хэрэглэхээс татгалзахыг зөвлөдөг.
Хөндүүрлэх бас нэг шалтгаан бий. Тэр нь шүдний утас зэргийн буруу хэрэглээ. Утас хэрэглэхдээ шүдний хоёр тал руу бус ихэвчлэн нэг чиглэлт хөдөлгөөн хийж, үрэвсүүлдэг. Та шүдний зузаан утаснаас татгалзаарай. Вакстай утаснууд их зузаан байдаг. Үүнд анхаарах хэрэгтэй. Шүдний завсар цэвэрлэдэг олон төрлийн бүтээгдэхүүн бий.
Хөндүүрлээд байвал ямар нэгэн шалтгаан байна л гэсэн үг. Түүнчлэн тэр хэсгийн завсарыг бөглөж ломбодох нь төдийлөн үр дүнгүй. Харин бүрээсээр янзлах, хоршилтод нь шүд хийх зэрэг арга хэмжээг авч болно.
Шүд, буйл тань үргэлж нэг газраа л хөндүүрлээд, хоолны үлдэгдэл байнга ороод байвал ухаж, цэвэрлээд л байхын оронд эмнэлгийн байгууллагад хандаарай. Түшилцэх гадаргуу нь өөрчлөгдсөн шүдийг бүрэх нь илүү үр дүнтэй. Харин үүдэн шүдний зайг ломбодоход тогтоц хэвийн байдаг.
Үүний дагуу та эмчид хандан, өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож, зөвлөгөө авах нь чухал юм шүү" гэв.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)