"Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр гарсан ослын талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Галыг бүрэн унтраасны дараагаар цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах бүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжилгээний баг хэргийн газрын үзлэгийг хийхээр нэвтэрч орсон байна. Галд өртсөн орон сууцнаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийн орон байрны эд хөрөнгө халдлагад өртөхөөс хамгаалж, бүрэн хамгаалалтад авсан. Газ ачсан тээврийн хэрэгсэл зорчиж байсан "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууцанд дэлбэрэлтийн улмаас гал түймэр гарсан. Түймрийн утааны бүсэд байсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа. Уг орон сууцны 7, 8, 11 давхрын гурван айл галд өртсөн байна. Утаа буурч, түймрийг хяналтдаа авлаа.
Газ ачсан тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөх үед ёмкость орчимд хэт халалт үүссэний улмаас дэлбэрсэн болохыг урьдчилсан байдлаар дүгнэж байна.
Ёмкость дэлбэрсний улмаас 40 метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагчид өртөж, хүчтэй шидэгдэн амиа алдлаа. 26 дугаар хорооноос 60 айлын орон сууцны 37 айлтай холбогдож, мэдээлэл авсан. Бусад айлтай холбогдож чадаагүй, хаалга нь цоожтой байна.
Анхны дуудлага Онцгой байдлын байгууллагад 01:04 цагт ирсэн. Эхний аврах анги гурван минутын дотор ирсэн, нэмэлтээр аврах ангийнхан ирсэн, цаг алдаагүй. 20 гаруй машин дэлбэрэлтийн улмаас галд шатсан.
Суурьшлын бүс дотор аюултай ачаа тээвэрлэх, ашиглах хууль, журмыг өөрчлөх шаардлагатай боллоо.
Амиа алдсан онцгой байдлын байгууллагын гурван алба хаагчийг хэн болохыг тогтоох ажиллагаа явагдаж байна, албан ёсоор ар гэрт нь мэдэгдэж, уулзана. Маш харамсалтай явдал боллоо" гэв.
Сэтгэгдэл (9)