ГССҮТ-өөс цувралаар мэдээлэл хүргэж буй. Энэ хүрээнд гарын хугарал, мултрал болон зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламжийг зөв үзүүлэх, мэргэжлийн эмчид хандах нь учирч болохуйц ноцтой хүндрэл, эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой талаар ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав мэдээлэл, зөвлөмж өглөө.
Тэрбээр "Осол гэмтлийн үед ясны хугарал, мултрал үүсдэг. Хугарлын үед эмийн болон мэс заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг.
Уламжлалт анагаах ухаан хөгжиж, маарамба нар сургалтад хамрагдаж, хугарлын үед гар заслыг хийж савх модоор чиг тавьж боодог байв. Сүүлийн үед анагаах ухааны анхны мэдэгдэхүүнгүй, сургуульд нь сураагүй, мэргэжлийг нь эзэмшээгүй хүмүүс хугарлын үед бариа засал хийж, буруу боосноос хүндрэлүүд гарч байна. Үүнийг мэргэжилтнүүд бариачийн балаг гэж ярьдаг.
Энэ эмгэгийг тайлбарлахад тухайн эрхтний хугарал, мултралын үед гар засал хийж, савх модоор чиг боолтыг хийж байгаа юм. Мэргэжил эзэмшээгүй, сургуульд нь сураагүй хүмүүс буруу боосноос болж, тухайн мөчний цусан хангамж алдагдан удаан дарагдлын хам шинж буюу цусгүйжих эмгэг үүсдэг. Цусгүйжсэнээс үүдэн тухайн эрхтэн үхжих, үхжилээс болж хүн хордох, амь насанд эрсдэлтэй хүндрэлүүд гардаг.
Хугарал, гэмтлийн үед анхны тусламжийг буруу үзүүлснээс хүндэрсэн хүмүүс ГССҮТ-д нэлээд ирдэг. Энэ тохиолдолд мэс заслын болон эмийн эмчилгээг хийдэг. Улмаар хүний гар тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг.
Цусгүйжсэнээс болж бөөр, элэгний дутмагшил үүсэж, хүндрэх нөхцөлтэй байдаг.
Иймд гэмтэж, бэртсэн үед болж өгвөл эмнэлгийн байгууллагад хандаж, анхны тусламж аван эмчилгээгээ хийлгэж байгаарай" гэж зөвлөв.