Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Улаанбаатарын утааг цас, салхи хоёр л хэсэг сарниулдаг сан. Гэвч үгүйд нь нар харагддаггүй саарал, хамраа ч цухуйлгахын аргагүй эхүүн, гашууны дотор бид амьдарч байна. Хахуулж, ханиалгуулах утааны хажуугаар амьсгаа авбал мансууран унахад хүргэх "үнэр"-тэй тулгарлаа.
Улсынхаа нийслэлд утаа, үнэр гээд түмэн бодистой л тэмцэж хүн болох нь. Гэхдээ эрүүл саруул хүн болж чадах уу гэдэг л...
"1 кг аруул 69 мянга, асуух нь байтугай авчихсан байвал яах уу" гэдгийн нэрээр "бид утаартах нь байтугай утуулчихсан" байвал яах уу?
Давхар утлагатай хиам гэж сонссоноос "давхар утлагатай иргэн" гэж огтоос дуулж явсангүй.
Үнэрийн учрыг шахмал түлш рүү, төв цэвэрлэх байгууламж руу гээд л тохож болох бүхэн дээр тохож санаагаа амрааж байна. Хотын дарга үнэрийг барьж ирэх үүрэг өгсөн гэх. Монгол хүний хамар нь эхүүнд, уушги нь гашуунд нэгэнт дасжээ.
Үнэртээд байна, угаартаад байна гэж утасны дэлгэцээ тоншин тэмцэлдэж, тэнсэцгээж байгаа нь ч гарах гарцгүй үнэн боллоо. Хийж бүтээсэн хэмээх улстөрчдийн сэлэм шиг хурц, хурц уран үгсээс ч бохир сэнгэнэнэ.
М.Дэвээ