Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа “Сүүн шүдний сувгийн эмчилгээ” сэдвийн хүрээнд Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
Тэрбээр, "Хүүхдийн сүүн шүд 12 нас хүртэл байнгын шүдээр солигддог. 6-8 сартайгаас нь эхлээд ургадаг сүүн шүдийг дутуу арчлах, цоорлыг хүндрүүлснээс болж, шүдэн дотор байдаг зөөлц үрэвсдэг.
Үрэвсэл зөөлцийн түвшинд байх хугацаанд эмчлээгүйгээс үүдэн -холбоосын үрэвсэл- үүснэ. Энэ нь байнгын шүдний эх үүсвэр гэмтэх, сүүн шүд байнгын шүдээр солигдох явц саатахад нөлөөлдөг. Сүүн шүд нь байнгын шүдний ургах үйл явцыг заадаг гэсэн үг.
Сүүн шүд эрт цоорч, үрэвсэл үүссэнээс болж байнгын шүдний ургах явц алдагддаг. Үүний улмаас давхарлаж эсвэл өөр зай бүхий хэсэгт ургадаг.
Хүүхдийн сүүн шүдний сувгийн эмчилгээ:
Хэдэн настай хүүхэд сувгийн эмчилгээ хийлгэж байгаагаас шалтгаалан сүүн шүдний шимэгдэлт аль түвшинд явж байгаа нь сувгийн эмчилгээнд нөлөөлдөг. Зөөлцийн үрэвслийг аль түвшинд явж байгаагаас нь тасалж, биологийн адил төстэй материалаар хаагаад ломбодохыг хэлдэг.
Сүүн шүд хавдаж, үнэр гарч эхэлсэн бол үрэвсэл байнгын шүд рүү орсон байна гэсэн үг. Энэ төрлийн үрэвслийг эмчлэхэд бэрхшээлтэй байдаг.
Эрт үедээ буюу 2-3 насандаа тухайн хүүхэд сувгийн эмчилгээ хийлгэсэн бол 2 жил тутамд ч юм уу хянаад явахгүй бол дахин сэдрэх эрсдэлтэй.
Байнгын шүдийг бодвол сурвалж шимэгдэх явцтай адилхан дагаж шимэгддэг материалаар хийгддэг. Хүүхдийн онцлог, шүдний өвчлөлийн байдлаас шалтгаалж сувагт хийсэн эм нь хурдан эсвэл удаан шимэгдэх нь бий. Тухайн хүүхэд хэт ядрах, ханиад хүрэх, өөр ямар нэгэн халдварт өвчин тусахад сүүн шүдний сувгийн эмчилгээ дахин сэдэрдэг. Тиймээс зургаан сар тутамд эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ тухайн хүүхдийн дархлааны систем, зөөлцийг тайрах амжилтаас шалтгаалаад дахин сэдрэх магадлалтай.
Сүүн шүд унах нас нь болсон атал унахгүй байвал рентгин зураг авахуулах хэрэгтэй.
Хэрэв байнгын шүдний ургалтад саад болж байвал авахуулах нь зүйтэй. Мөн сүүн шүдний ясны харьцангуй шимэгдэлтээс болох нь бий. Хазах зулгаах үйл буюу физиологийн хөдөлгөөн хийхгүй байгаа тохиолдолд шимэгдэх үйл явц удааширдагтай ч холбоотой.
Би 13 орчим жил хүүхдийн сүүн шүдний сувгийн эмчилгээ хийсэн. Энэ хугацаанд үрэвсэл багатай шүд байсан ч хоёр жил тутамд үйлчлүүлэгч тухайн хүүхдээ хянасаар ирсэн. Зургаан сар болоод л үзүүлдэг хүмүүс их амар байдаг.
Сувгийн эмчилгээ хийлгэсний дараа сэдрэхэд нь санаа зовох хэрэггүй, үзүүлэх хэрэгтэй. Харин 1-2 сар дотроо ойр, ойрхон сэдрээд байвал нянгын маш их хуримтлал болон өөр ямар нэгэн асуудал байна гэсэн үг. Эмчилгээ дутуу байх боломжтой.
Сүүн шүдний үрэвсэл нь доор байгаа байнгын шүдний хамгаалалтын давхарга руу нэвчсэн байдалтай, үрэвслийн талбай том бол тухайн сүүн шүдийг авч, зай баригч хийх шаардлагатай. Тиймээс тогтмол хяналт бол таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд тустай зүйл юм" гэв.
М.Дэвээжаргал