2023 он. Намрын адаг сар. Тасхийм жавартай, цасан шуурга хийгээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө өвдөг бохирч, малчин иргэд бие барсан "гашуун" мэдээтэй өдрүүд өнгөрсөн. 2024 он. Хаврын тэргүүн сар. Одоо ч өөрчлөгдөөгүй, эрсдэлтэй хэвээр байна.
Өнөөдөр монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очив. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэж байна шүү дээ.
Өвлийг өнөтэй давж, урин хавартай золгох бус исгэчих нүдгүй шуурганаар гал хөс, хүнээ алдчихгүйхэн байх гэж л аргаа барж байна. Монгол орны өнцөг булан бүрд нөхцөл байдал ийм буй. Малчин гэхийн ард "хүн" бий. Малчдад туслах нь малд бус хүнд тусалж байгаа явдал гэдгийг ухаант хүмүүс ойлгож байгаа нь гарцаагүй.
Өнөөдөр Монгол Улсын малчид нь төрөөсөө түмэн бээрийн алсад нүүдэллэх болжээ.
ЗГ-аас малчдын нийгмийн даатгалыг улсын төсвөөс төлнө гэх шийдвэр гаргаж, сар бүрийн орлогоосоо татвар төлдөг иргэд эл үгийг шүүрч аваад мал бүхий иргэдийг баян чинээлгээр дуудаж, "адлах болсон" нь дэгс бус.
Төрийн оновчтой бодлогоор дутагдаж явсаар хөрөнгөтэй юм шиг харагддаг "ядуу" давхарга бий болсон.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээг өнгөрөгч онд хийсэн. Судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан ба тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх их бага гэсэн үр дүн гарчээ.
Гэвч энэ судалгаа яг хэнд хүрсэн юм бэ? Тус судалгаанд малчдыг дэмжих талаар байж болохуйц хэд, хэдэн саналыг дэвшүүлсэн байна билээ. Гэтэл татвараас өөр ярих сэдэвгүй болсон УИХ-ын гишүүд сонгуулиа бодоод сөхөө алга.
Байгалийн гамшгийг яах ч аргагүй гэх. Мал бол малчин хүнд амьдралын баталгаа нь учраас түүнийхээ араас явах нь зүй биз.
Гэтэл... "малчин өрхийн орлогын гол эх үүсвэр нь мал боловч зах зээл, боловсруулах үйлдвэрийн хязгаарлагдмал байдлын улмаас малчдын орлого ямааны ноолуур, малыг нядлах эсвэл амьдаар борлуулах хоёрхон сонголт бүхий улирлын чанартай мөнгөн урсгалыг тэдэнд авч ирдэг" тухай судалгаанд дурдсан байна. Улирлын чанартай орлоготой хүмүүс хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх зарчмаар л амьдарч байна.
Малын тоо толгой багатай, түүнийгээ өсгөх хүсэлтэй малчдад, хүсэл сонирхлыг нь сонсох чихтэй төр үгүй.
Малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя үйлдвэр байхгүй. Ганц бээлий байтугай хоёр дугуйтынхаа нөхөөсийг авах мөнгө ч үгүй байх үе тэдэнд бий. Атал "хамгийн баян" гэх цолтой. Мах үнэтэй, ааруул цагаан идээ нь үнэтэй гээд л түмэн "дургүйцэл" тэднийг дагана.
Дарханы арьс ширний үйлдвэрийг барих мөнгийг авсан хүмүүс нь идчихсэн тиймээс барьж өгөхгүй, цэвэрлэх байгууламж л барьж өгнө гэж салбарын сайд нь "боосон". Банк, хоршоолынх нь хүү хүртэл тэднийг "боож л байна". Уул уурхайн салбарын дараа ордог эдийн засгийн хоёр дахь тулгуур салбар гэгдэх авч зарим малчид нь эрсдэл даах чадваргүй, эмзэг бүлгийнхэн хэмээх ангилалд багтаж байх юм.
Зуднаар аврах баг нь очих гэсээр амь тавьдаг харамсалтай нийгэм. Сум бүрийг Онцгой байдлын газартай болгоё. Цаг агаарын зар мэдээг малчдадаа шуурхай хүргэдэг дуудлага, зурвасын үйлчилгээг нэвтрүүлье. Цагаан сараар бүх гишүүд л сонгогчид руугаа "сар шинийн мэнд" дэвшүүлсэн сайхан үгтэй зурвас илгээдэг шиг ээ, энэ талын арга хэмжээг авахад толгойгоо ажиллуулаасай. Үгүй бол аймгаас баг ирэхийг хүлээсээр үрэгдэж, малчин байх зүрхтэй хүн үлдэхгүй нь. Бүх зүйл болоод өнгөрсний ард хайрцагтай тусламжийн бараа зөөхөө хэзээ болих вэ?
Малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байна. Малын тоо бол малчдын амьдралын бодит байдал биш гэдгийг сэхээрэх цаг болсон.
М.Дэвээ
Сэтгэгдэл (4)