Амжилт гэдэг харьцангуй ойлголт. Тухайн хүн амжилтыг юу гэж харж байгаагаас шалтгаалан хүмүүсийн "номлол" утга учраа олно эсвэл алдана. Хүн бүр дэлхийд тэмүүлэх албагүй, бусад шиг мөрөөдөх албагүй, бас амжилтад хүрэх шаардлагагүй. Гэсэн ч өөр өөрсдийн үнэт зүйлийг цуглуулан амьдарч байгаа.
Хэн нэгнийг хэн нэгэнтэй харьцуулах нь түүний гэх бүхнийг үгүйсгэж байгаа хэрэг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа "тэдний хүүхэд, эдний хүүхэд ийм байна" гэж ярих тохиолдол байдаг даа. Тийм үгсийн дунд хор шар нь хөдлөх бус эргэлзээ л төрнө. Цаашдаа амьдралд хангалуун, сэтгэл дүүрэн явж чадахгүй ч байж мэдэх юм. Одоо юмс хувьсан өөрчлөгдөж байна. Бид ч бас хувирах хэрэгтэй.
Хорвоо ертөнцтэй танилцана гэдэг боловсрол мэдлэгээс шалтгаалахгүй. Мэдлэггүй байлаа гээд нийгэмд хэрэггүй хүн гэсэн үг биш. Бүгдийн дуслуулсан хөлсөн дээр энэ орон тогтнож буй. Адгаж, атаархаж явахыг хэн ч хүсэхгүй. Мөрөөдөх эрх чөлөөг олгох л бидний хийж чадах зүйл.
Хүн бүрийн амьдралаас авах таашаал өөр, өөр. Зарим нь уйгагүй хичээж байхад, зарим нь цэцэгсийн дундуур алхахыг хүснэ. Уул хад, ус мөрнийг зорино. Бидний хүсэл сонирхол хувиран өөрчлөгдөхийн хэрээр үнэ цэн, утга учир ч хувьсана. Хэн өөрийн бүтээсэн, сонгосон замаар алхана, тэр л хамгийн жаргалтайгаар тайван амьдарч чадна.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)