Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Бид долоо хоног бүр тэр "хувирал"-ын тухай өгүүлдэг билээ.
Нийгэмд хувьсан өөрчлөгдсөн зүйлс их. Гэвч нийгмийн эд эс болсон хүмүүс бүр ч их хувьсан өөрчлөгдөж байна. Сэтгэлийн тэнхээ, шулуун шударга, аз жаргалтай, эрүүл "хүн" байх гээд л.
"Сэтгэлийн тэнхээтэй хүн шүү" гэхүйн ард түүний даван туулсан, тээж яваа, гэтлэх гэж хичээж байгаа бүхэн харагдахгүй. Гэлээ ч...
Хүн бүрд том, жижиг сэтгэлийн шарх бий. Зөвхөн хэрхэн даван туулснаараа л ялгаатай бололтой. Ганцхан үг ч бидний сэтгэлд "шарх" шиг хөндүүрлэнэ. Он жил өнгөрсөн ч ер мартагдахгүй. Он жил өнөөх шархыг эдгээсэн ч сорви үлдэнэ. Харин дурсамж нь шархаа хэзээ ч мартаж чадахгүй.
Ийм болохоор, оршин буйдаа талархдаг болохоор амьдрал бол хэн нэгнийг хайрлах, хуваалцах, ойлгох, уучлах, мартах үйл явц мэт санагдах болов. Зангираад л явбал сэтгэл өвдөнө.
Одоо бүгд л дотоодоо "хайрладаг болсон". Эргэн тойрноосоо өвдөхүйг бус хайрлахуйг мэдрэх л бүхнийг даван туулах "дасгал" болно.
М.Дэвээжаргал