-
2017 оны 4 сарын 19
20 гаруй жилийн тэртээгээс АНУ-ыг зорин ирж ажиллаж амьдарч буй монголчууд эхний үедээ бусдын бизнес дээр өөрсдөө мөнгө олохын тулд ажиллаж байсан бол, сүүлийн жилүүдэд өөрсдийн бизнесээ босгож өөртөө мөнгө олохын тулд ажиллаж эхэллээ. Монголчуудын алив зүйлд ”дасан зохицох чадвар”, ”ажлыг хурдан хугацаанд сурч, аргыг нь олдог чадвар”, ”бусдын удирдлага дор удаан ажиллахыг хүсдэггүй чанар”, ”ямагт бусдаас өөрийгөө илүү гэж үнэлэх үнэлэмж”, ”бусдаас дутуу явахыг хүсдэггүй бардам зан”-гууд үүнд нөлөөлсөн. АНУ-д ирж суурьшаад 50, 100 магадгүй 200 жил болсон бусад үндэстэн цагаачидтай харьцуулах юм бол энэ нь мундаг үзүүлэлт. Тэд бол өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн бизнесийн зах зээл дээр өрсөлдөж сурч буй монголчууд хэмээн би хувьдаа бахархан үнэлж явдаг юм. Тэд бол ”урвагч”, ”хувиа бодсон”, ”новшийн хүмүүс” огтхон ч биш бөгөөд, тэд бол дэлхийн хэмжээний ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” болж эхэлж байна. Монголчууд бид ч, Монголын ЗГ-ч одоо тэднийг өөрөөр харж дүгнэн, үр дүнтэй ашиглан хамтарч ажиллах цаг нь болжээ.
”United Mongolia” ТББ-аас хэрэгжүүлж эхэлж буй ”Бизнесийн төсөл”ийн хүрээнд 2017 оны 2 сарын дундаас сар гаруй хугацаанд АНУ-ын монголчууд олноороо ажиллаж амьдардаг 8 хотуудаар явж ”Бизнесийн мэдээлэл” цуглууллаа. Нийтдээ 12 000 мил зам туулж олон, олон бизнесмэнүүдтэй уулзаж ятгасан энэ аялал амаргүй байсан. Олон хүмүүс энэ зорилго дээр минь болгоомжлонгүй хандаж байв. ”Надад ямар ашигтай юм бэ?”, ”Та нар хаанаас яаж санхүүжиж байгаа юм бэ?” , ”Энэ хэнд хэрэгтэй гэж?”, ”Бид ер нь нэгдэж, хамтран ажиллаж чадах болов уу?”, ”Би өөрийгөө л аваад явж байгаа болохоор бусдад гайхуулаад байх юм алга” гэхчилэн эргэлзэж тээнэгэлзсэн, хардсан, заримдаа дургүйцсэн олон хүмүүсийн өөдөөс ”Тэнгис далай шиг том бизнесийн энэ зах зээл дээр бид өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтарч нэгдээд бусадтай өрсөлдөх хэрэгтэй байна”, ”Та бидний зовж зүдэрч байж олж авсан бизнесийн туршлага маань бусад монголчуудад хэрэгтэй байна”, ”Бид бизнес хийж мөнгөтэй болох хэрээрээ эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ. Магадгүй энэ нь Монголын хөгжилд тус дэм болноо” хэмээн учирлаж тайлбарласан. Олон монголчууд биднийг талархан хүлээж авч, дэмжин урам өгч байсан шүү. ”Сэтгэлд гал байхад зууханд гал олддог” юм билээ. ”Явсан нохой яс зуудаг”ийн үлгэрээр, 112 бизнесийн мэдээлэлтэй гэртээ ирэхдээ бид маш их баяртай байлаа.
* Нэг: МЭДЭЭЛЭЛД ОРОЛЦСОН 112 БИЗНЕС ДЭЭР ЗАДАРГАА ХИЙЖ ҮЗВЭЛ:
*хотуудын нэр *oролцсон бизнесийн *үүн дотроос голлосон * тоо * хувь
тоо, нийт хувь бизнес
1. Бэй Ареа орчим 21 18.8% ресторан, зоогийн газар 8 38,1%
2. Вашингтон ДС орчим 20 17.9% чулууны бизнес 7 30,4%
3. Денвэр 18 16.1% хумсны салон 8 44,4%
4. Сиэтл 17 15.2% барилга 8 47,1%
5. Чикаго 16 14.3% ресторан, зоогийн газар 3 18,8%
6. Лос-Анжелес 14 15.2% тээвэр зууч 3 21,4%
7. Салт Лайк 4 ресторан, зоогийн газар 3 75,0%
8. Сакраменто 2 ресторан, зоогийн газар 1 50,0%
* Mэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн голлох төрлүүд, эзлэх хувь:
1. Ресторан, зоогийн газар 19 17%
2. Барилга 14 12,5%
3. Хумсны салон 9 8%
4. Тээвэр зуучлал 9 8%
5. Чулууны бизнес 8 7,1%
6. Хими цэвэрлэгээ 7 6,3%
7. Авто машины засвар 6 5,4%
8. Үл хөдлөх хөрөнгө зуучлал 6 5,4%
*Мэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн эздийн насны ялгавар:
25-35 хүртэл насны 21.4%
35-45 хүртэл насны 52,7%
45 -аас дээш насны 25,9%
Эдгээрээс гадна: мэдээллийн технологи, хуульч, үсчин гоо сайханч, бариа засал массаж, аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг салбруудыг орууллаа. Хэдийгээр өөрийнх нь бизнес биш боловч монголчуудад үйлчлэх хэрэгцээг нь харгалзан, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон автомашины борлуулагчдыг ч бас оруулсан юм.
*Aнхаарах зүйл: Энэ нь бидний мэдээлэлд оролцсон бизнесүүдийн хэмжээнд гаргасан харьцуулалт бөгөөд нийт хэмжээгээр нь авч үзвэл өөр үзүүлэлт гарна. Хэдийгээр бид энэ удаад дээрх хотуудаас 112 бизнесүүдийг ятган оролцуулж чадсан боловч, нийтдээ 200 гаруй бизнесмэнүүдтэй уулзаж ярилцлаа.Энэ удаад оролцоогүй боловч ”дараагийн удаад заавал оролцоно” гэж учирласан бизнесмэнүүд болон ерөнхийд нь анзаарч ажиглахад Вашингтон ДС орчимд чулууны болон барилгын, Чикаго хот орчимд хумсны салон, тракны болон таксины үйлчилгээ, Денвэрт хумсны салон, Сиэтл хотод барилгын болон цэвэрлэгээний, Лос-Анжелест ресторан зоогийн газар болон тракны, Бэй-Ареа орчимд ресторан зоогийн газар, хими цэвэрлэгээний, Салт-Лайке болон Сакраментод ресторан зоогийн газрын чиглэлийн бизнесүүд зонхилж байв.
Хот болгонд монголчуудын ажиллуулж буй ресторан зоогийн газрын бизнесүүдийн ихэнх нь Японы ”суши ресторан” -ууд байсан нь сонирхолтой санагдсан. Биднийг Чикаго хотод ажиллаж байхад ”Өнөөдөр манай Чикагод 56 дахь хумсны салон нээлтээ хийлээ” хэмээн ярихыг сонсож байв. Тэгэхээр АНУд бизнес эрхэлж буй монголчуудын тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэсэн үг. Сиэтлд барилгын бизнес эрхэлж буй Баяраа бизнесийн орлогоороо Ховд аймгийн Манхан сумд ХАА, аялал жуулчлал хосолсон цогцолбор байгуулж, Денвер хотод хими цэвэрлэгээ, хумсны салон ажиллуулж буй Батнасан, Мөнхтуяа нар Улаанбаатар хотод ”Офицер таун” нэртэй орон сууцны хороолол барьж байгуулж байна. Ийм сайн жишээнүүд олон байгаа.
*Хоёр: СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Алив зүйлийг сургаар, баримжаагаар ярьдаг монголчууд бид мэдээлэл судалгаагүйгээр цаашид хөгжих аргагүй. ”Тэнд тийм бизнес хийдэг хүн байдаг гэнээ” гэдэг сургаар бид бие биенийхээ бизнесийг дэмжих боломжгүй. Хүн болгоны дотор бие биенээ дэмжих санаа байвч, ”сачий” нь болох мэдээлэлгүйгээр яаж дэмжих гэж? Ядаж л нэг хотод аялж очихдоо тэр хотод байдаг ”монгол хоолны газар” болон бизнес, үйлчилгээний газруудын мэдээллийг ашиглан ”Хүний нохой идэхээр өөрийн...” гэсэн сэтгэлээр очоод л үйлчлүүлнэ. Бие биетэйгээ танилцаж санаа бодлоо солилцон, туршлагаа хуваалцана.
”United Mongolia” ТББ-ын дэргэдэх ”Шинэч” Мэдээллийн групп АНУд бизнес эрхэлж буй монголчуудын ”Мэдээллийн нэгдсэн сан” г бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
1. Эхний 100 гаруй мэдээллүүдээ төрөлжүүлэн нэгтгэж энэ оны эхний хагаст ”Шинэч” нэртэй сэтгүүл болгон хэвлүүлж Монголд болон АНУд тараах юм. Энэ сэтгүүл нь АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын ”түүх” болж үлдэх учраас хүмүүст ”дурсамжтай” гэдэг талаас нь харж байна.
2. АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллүүдийг төрөлжүүлэн тусдаа веб сайт бүтээн онлайнд байрлуулан олон нийтэд хүртээмжтэй байдлаар ашиглахаар төлөвлөж байна. АНУдахь монголчуудын бизнес болон ”Монголчуудын Холбоо” , ”Монгол сургуулиуд”, ”Соёлын төв”,”Олон нийтийн байгууллагууд, холбоод”ын мэдээллүүдийг хамтатган нэгтгэснээр хялбаршуулсан мэдээлэл болох ”Yellov page” үүсгэн, бүх монголчууд ашиглах боломжийг бий болгоно.
Ийм мэдээллийн санг бий болгосноор:
- АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын талаар ЗГ болон ЭСЯ-дууд, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд зөв ”бодлого” боловсруулан хэрэгжүүлэх боломжтой болно.
-АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд бие биенээ дэмжиж хамтран ажиллах боломжууд бий болж, алсдаа АНУын монголчуудын ”Нэгдсэн Холбоо” үүсэн байгуулагдаж, үр дүнтэй ажиллах суурь үүснэ.
-Гадаадад байгаа монголчууд болон Монголдоо байгаа монголчууд харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.
-Яг энэ туршлагаар Европ, Австрали, Азийн бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын ”Мэдээллийн нгэдсэн сан” г бий болгож болно.
*Гурав: ХОЛЫГ ХАРЦГААЯ
-3 сая хүн амтай, өргөн уудам газар нутаг, өгөөмөр их баялагтай монголчууд бид 27 жил өөрийнхөө нутаг дээр өөр хоорондоо өрсөлдлөө. Биднийг жижигхэн зах зээл дээр хооронд нь ”зодолдуулаад” байх сонирхол урд хойд хоёр хөршид минь адил буй. Жижиг зах зээл дээрх бидний өрсөлдөөн улстөртэй хутгалдаж, зах зээлийн төрлүүдийг хуваан эзэгнэсэн улстөрчид, өөрсдийн бизнесүүддээ зориулан хууль дүрэм журмыг гаргах болсноор, энгийн иргэдийн бизнес эрхлэх боломжууд хумигдсаар байна. Тэгэхээр бид гадаад ертөнц рүү, дэлхий рүү хараачлах хэрэгтэй болжээ. Гадаадад өөрсдийн бизнесээ эрхэлж буй монголчуудад ТУРШЛАГА байна, харин танд МӨНГӨ байгаа бол, энэ боломжуудаа нэгтгээд хамтран ажиллаж ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?
-Дэлхийн бизнесийн зах зээл дээр ”Мэдээллийн Технологи” буюу soft ware ноёрхож эхэлж байгаа энэ үед гадаадын улс орнуудад ажиллаж буй 200 орчим IT монгол инженерүүд, бизнес эрхэлж буй цөөн биш IT компаниуд байгаа нь монголчууд бидний хувьд том боломжууд мөн. Монголчууд бид гадаад болон дотоод зах зээл дээрх бизнесүүдээ нэгтгэн ”Мэдээллийн Технологи”ийн инженер залуустайгаа хамтран ажиллавал, дэлхийн бизнесийн зах зээл дээр ”хоцрогдсон” цаг хугацаагаа нөхөж амжих болно.
-Гадаадын улс орнуудад дэлхийн хэмжээний бизнес эрхэлж буй монголчуудаа ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” хэмээн үнэлж дэмжих ахул, олон олон орнуудад бизнесээ өргөжүүлэн ”саятан”, ”тэрбумтан”гууд болох монголчууд хэзээ нэгэн цагт Монголдоо ”ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” хийцгээх болно. Магадгүй Монголын хөгжилд гаднаас нь нөлөөлөх боломж байна гэж бид хараад байна л даа. Тэгэхээр бид ”ЖАЛГЫН” сэтгэлгээнээсээ ангижирч, ”ДЭЛХИЙН” хэмжээнд сэтгэх шаардлагатай болж байна.
*ТӨГСГӨЛ:
”United Mongolia” ТББ-ын ”Шинэч” мэдээллийн группын энэ удаагийн багт сэтгүүлч Э.Бүжинлхам, хэвлэлийн дизайнер, фото зурагчин Эрдэнэбат, жолооч фото зурагчин Баттулга нар ажилласан юм. Энэ аялалыг минь чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан олон монголчууддаа маш их баярлалаа. Энэ баг маань ”Шинэч” сэтгүүлийн эхийг бэлтгэж, Б. Одхүү нар веб сайт дээр ажиллаж байгаа. Бид энэ ажлуудаа наадмаас өмнө дуусгах гэж хичээж байна.
Наадмын дараа бид дахиад л аялалдаа гарах юм. Бидний тооцоолж байгаагаар 300 орчим монгол эзэнтэй бизнесүүд байгаа. Тэгэхээр ”Шинэч” сэтгүүл минь 3 дугаар гарах байх. Бас веб сайтын мэдээллүүдээ эмхлэнэ. Та нар минь биднийг ойлгож дэмжих ахул бид бүх зүйлийг төлөвлөснөөрөө маш сайн хийх болно. Одоо бол бидэнд туршлага бас итгэл найдвар байна. Мэдээж та нараас авч буй бага хэмжээний хураамж, энэ бүх ажлуудыг гүйцэлдүүлэх санхүүжилт болж байгаа шүү.
Яг үнэндээ 330 сая хүн амтай Америкийн зах зээл дээр 3 сая монголчууд бүгдээрээ нэгдээд зүтгэхэд ч хүрэлцэнэ. Нэгэн буланд бөөгнөрөөд өөр хоорондоо өрсөлдөх хэрэг юун? Бие биенийхээ бизнесийн үйлчлүүлэгчийг ”булааж”, үнийг нь унагаж байгаа үзэгдэл нь ”Жалга” сэтгэлгээний л илрэл. Бид алдаагаа засаад сайн тал руу хандахад бидний одоо хийж буй энэ төсөл маш том дэмжлэг болно.
Энэ бүхэн ”Хэнд хэрэгтэй вэ?” гэж үү? Монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанд хэрэгтэй. Нэг хүн хичнээн мундаг байгаад, бусдын дэмжлэг урамгүйгээр хэн ч биш. Мэдэж чадаж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байх нь их ач тус буян юм шүү дээ. Хэрэв бид ийм зах зээл дээр дэлхийн жишгээр өрсөлдөж, бүтээж сурвал та бидний үр хүүхдүүдэд бахархал, бас боломж болон үлдэнэ. Тэд бидний эхлэлийг үргэлжлүүлээд л аваад явна. Монголчууд бид нэгэн цагт дэлхийн бизнесийн зах зээл дээр гайхуулах ч юм бил үү? Монголчууд бид ”ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 17
...Эрдэнэг тултал нь ”түмсэгдэнэ”. Шонхорын сүлжээгээр бий болсон үүрийн дарга нараар жорлон цэвэрлэх үмхийтэй холилдсон ажил хийлгэнэ. Сонгууль дуусаад С.Эрдэнэгээ АТГ-д хаяж өгөөд Юса Христ Галиль нуурын эрэг дээр олон түмэнд дахин үзэгдэв гэдэг шиг АН-д 12 дагагчтайгаа ирж аврагч болох төлөвлөгөөтэй гэмээр байдаг...
-
2017 оны 4 сарын 17
МАНАН-гийн бодлого нуран унаж, эдийн засаг, нийгэм сүйрлийн байдалд орж, тэдний арчаагүй мөн чанар тодорхой бөгөөд ойлгомжтой болохын хэрээр ард түмний дургүйцэл, тэмцэл асар их нэмэгдэж байна. Ард түмний дургүйцэл иргэний байгууллагуудын идэвхижлээр илэрч байна.
-
2017 оны 4 сарын 17
...Хүн хэний төлөө, юуны төлөө хөдөлмөрлөдөг вэ? Олон хүмүүс ”Эх орныхоо төлөө”, ”бусдын төлөө”, эсвэл ”хэн нэгний төлөө” хөдөлмөрлөдөг гэж бодох авч яг үндсэндээ ”Өөрийнхөө төлөө” л хөдөлмөрлөдөг юм шүү дээ. Чи ажил хийж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл худалдан авч, гэр бүлийнхээ санхүүжилтыг шийдэж, бас дотно хэн нэгэндээ туслах боломжтой болно. Хэрэв та ажил хийдэггүй, орлого олдоггүй бол амьдрал тань ямар байхыг төсөөлөөд бод доо. Та өөрийн орлогогүй байлаа ч таны хэрэглээ тань алга болохгүй болохоор заавал мөнгө хэрэг болдог. Нэгэнт өөрийн орлогогүй болохоор шаардагдаж байгаа мөнгөө олохын тулд бусдаас зээлнэ, хэрэв зээлж чадахгүй бол мөнгө олж болох ”муу аргууд” л санаанд тань бууна. Чухам эндээс л таны амьдралын тарчлаантай, бухимдалтай асуудлууд үүсдэг юм даа. Энд таны харааж зүхээд байгаа улстөр, амьдрал хэцүү байхад тусалж дэмжсэнгүй хэмээн гомдож буруутгаад байгаа ах дүүс, боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ мөнгө зээлээгүй найз нөхөд, танил хүмүүс ч буруугүй, харин ажил хийхийг хүсэхгүй байгаа та өөрөө л буруутай.
Хэрэв та дэлгүүрийн худалдагч хийж байгаа бол, таны зарах гэж хичээж байгаа бараа бүтээгдэхүүнээс худалдаж авч байгаа хүн болгон таныг санхүүжүүлж байгаа санхүүжүүлэгч. Тийм болохоор та тэднийг хүндэтгэж, тэдэнд талархсандаа тэдний өөдөөс инээмсэглэж байх учиртай. Хэрэв та мужаан хийж байгаа бол, танаар тавилга захиалан хийлгэж байгаа хүн болгон үйлчлүүлэгч төдийгүй таныг санхүүжүүлэгч мөн. Тэгэхээр та тэр хүний хүссэн тавилгыг маш чанартай хийж өгөх ёстой. Хэн ч мөнгөө дэмий зүйлд зарцуулахыг хүсдэггүй. Хэрэв та таксины жолооч хийж байгаа бол таны таксиг сонгон сууж буй үйлчлүүлэгч болгон таны үйлчлүүлэгч, бас санхүүжүүлэгч. Тэр хүний танд төлсөн мөнгөөр та гэртээ талх худалдан авдаг учраас тэр хүнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байх учиртай. Төрийн албан хаагчид өөрөөр тань үйлчлүүлж байгаа хүн болгонд талархан баярлаж, хүссэнээр нь үйлчилж байх үүрэгтэй Учир нь та тэдний татварт төлж буй мөнгөөр цалинжиж байгаа юм. Хэрэв иргэд татвар төлдөггүй бол хэн таныг энэ албан тушаалд томилж, цалинжуулах билээ.
Олон хүмүүс өөрийн ажиллаж буй үйлчилгээний газрын эзэн, үйлдвэрийнхээ дарга нарын төлөө ажиллаад байгаа гэж андуурдаг учраас чин сэтгэлээсээ ажилладаггүй бас үргэлж цалингаа чамлаж байдаг. Үйлчлүүлэгчийн төлж буй мөнгөний дүнг анзаарахдаа эзэн болон дарга нар нь ”баяжаад” өөрөө хөдөлмөрөө ”шулуулаад” байгаа юм шиг санах. Тийм арчаагүй сэтгэхүйн улмаас үйлчлүүлэгчийн өөдөөс ярвалзаж, даргаа далдуур муулж суудаг. Бизнесийн эзэд өөрийн тань өмнөөс маш их хариуцлага үүрч байдаг төдийгүй орлого нь сайжрахгүй бол таны цалинг нэмж чадахгүй. Та ажлаа тараад гэртээ шууд харьдаг, цалингаа аваад өөр юунд ч санаа зовинодоггүй бол, бизнесийн эзэд байрны түрээс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт хамгаалалт, ЗГ-ын хяналт шалгалт, орлого зарлагын тооцоо, татвар даатгал, бүх л эрсдэлийг хариуцаж байдаг. Хэрвээ та нар ойлголцож, хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж чадвал орлого нь дээшилж, таны ч цалин нэмэгдэх болно, бас хэн хэндээ сэтгэл хангалуун итгэлтэй болдог. Зарим хүмүүс өөрийн хамаатан садныхаа бизнест ажиллаад давуу эрх мэдэл, бас өндөр цалин шаардана. Бизнесийнх нь эрсдэл зовлонг мэдэхгүй мөртлөө, ажиллана гэж ”гурилдчихаад” ”тусгай хангамж” хүсэн муудалцдаг. Яг үнэндээ бизнесийн зарчимд ”ах дүүс”-ийг тусгайлан харж үзэх зарчим байдаггүй. Хэн ч бай ялгалгүй яг адилхан зарчим үйлчилдэг. Сэтгэл тань дутвал заяа тань адилхан дутна.
Хэрвээ чи сайхан амьдрахыг хүсч байгаа бол ”алгаа ташилгүй” гээр ажил олж хий. Олж хийсэн ажилдаа сэтгэлээ шингээгээд, үйлчлүүлэгчдийг хүндлэн тэдэнд талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илчилж бай. Хэрэв тэгвэл алтан гулдмай, их мөнгөний зураг, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийг нүүр ном дээр шейрлэхгүйгээр ”баяжиж”, бас сайхан амьдарч чадна. Өөрийг тань ажилд авсан хүндээ үнэнчээр ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн тухай санаа бодлоо хуваалцан арга замыг хамтдаа эрж бай. Хэрэв тэгвэл заавал лам дээр очиж арга засал хийлгэн ном уншуулалгүйгээр, бөө бөөлүүлж хувь заяагаа даатгалгүйгээр, өрнө дорны зурхай уншин санаа алдан мөрөөдөлгүйгээр өөрийн хувь заяагаа өөрөө мэдэн удирдаж чадах болно. Амьдралд буй олон боломжуудыг мэдэрч, өөрийн сайн чаддаг, баяр бахдалтайгаар хийж чадах ажлаа сонгож чадвал та аз жаргалаар дүүрэн байх болно. Эргэн тойрноо баяр баяслаар дүүрэн харж, өөрт тань атаархсан хүмүүсийн өөдөөс инээмсэглэн уучилж, өглөө болгон зорилготойгоор сэрж, үдэш болгон өөртөө сэтгэл хангалуун амгалан унтаж чадах болно. Зүгээр л энэ амьдрал утга учиртайгаар ойлгогдож, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун болж, өөртөө маш их итгэлтэйгээр өөдрөг сайхан амьдарч чадах болно.
...Хүн хэний төлөө юуны тулд хөдөлмөрлөдөг гээч? Зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг. Сэтгэлээ шингээсэн хөдөлмөр зүтгэл тань эх орны хөгжилд ч, бусдын сайн сайханд ч тус дэм болдог.”Бусдын төлөө хөдөлмөрлөж буй” гэх хүйтэн сэтгэхүйгээс л ”хамартаа баас түрхсэн” юм шиг ярвалзаж, хамаг хүмүүсийг өмссөн зүүснээр л ялгаварлан шоолж, далдуур муулж ярих хэрнээ даргынхаа нүдэн дээр нь ”үнэг шиг шарвалзан” зусардаж, мөнгөний төлөө хуурамч өнгөөрөө ”биеэ үнэлж”, энэ хорвоогийн ”хуурамч”-ын талаар ам мэдэн бурж суудаг төрхүүд үүсдэг юм даа. ”Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж мэтгэлцэхгүй ч, ”Хөдөлмөр хэнийг ч хүн болгон төлөвшүүлдэг” жишээг бид өдөр тутам харж байна. Бас ”Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” бичигдээгүй хуулинд ч бид захирагдаж байгаа. Хүнд их мөнгө ”тэнгэрээс гэнэт унаж” ирдэггүй, их тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олддог. Хамгийн амттай зүйл юу гээч. Өөрийн тань шингэсэн сэтгэл, урссан хөлснөөс бий болсон мөнгө. Дэндүү амттай бас сайхан даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 13
Хэд хоногийн дараа (1962.04.20), МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч, УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн 55 насны ой болно.
Өнөөдөр С.Зоригийн амийг хохироосон хэрэгт шийтгүүлээд байгаа иргэдийн гэм бурууг үнэн зөв тогтоосон эсэх дээр нийгэм олон нийтийн санал хуваагдсан байдалтай байна.
Мөн МУ-ын ерөнхий прокурорын зүгээс ЦЕГ ба ТЕГ-ын хамтарсан бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарган дээрх улс төрийн шинж чанартай гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэх үүргийг өгөөд байгаа билээ.
Дээр хэлсэн эргэлзээг тайлах үүднээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс сэдэлт гаргаж, хавтаст хэргийн зарим хэсгийг нууцлалаас хасч, иргэд олон нийтэд танилцуулсан.
Үүний дараа, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж болон зарим хуульчид ТВ ба бусад мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдэгдэл хийв.
Гэтэл одоо эргээд Ц.Нямдоржийн эсрэг компанит ажил янз бүрийн сувгаар хийгдэж байна.
Ингэж олон тал болон улс төржин тэмцэлдэх нь уг гэмт хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд маш их саад учруулна гэдгийг санах хэрэгтэй.
Энэ хэргийг захиалсан этгээдүүд нь хөрөнгө мөнгөтэй, улс төрийн эрх мэдэлтэй, хүчирхэг бүлэглэд хамаарагддаг этгээдүүд болохыг төвөггүй ойлгож болох бизээ.
Миний ажиглаж байгаагаар, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө уг хэргийг илрүүл гэж шахснаар яаран сандран гэмгүй иргэдэд хилсээр ял өгсөн болов уу гэх эргэлзээ байх шиг байна.
Нөгөө талаас С.Зориг нь одоо ч улс төрийн нэр нөлөөтэй хэвээр байгаа учир ерөнхийлөгчийн сонгуульд Намууд энэ хэргээр сөрөг этгээдээ цохих хэрэгсэл болгон ашиглах бодлого барьж байхыг ч үгүйсгэж болохгүй юм
Бас манай хууль хүчний байгуулагуудын гэмт хэрэг илрүүлэх арга технологи бүрэн хөгжчөөгүй, хөгжлийн явц дундаа байна гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг дээрх гэмт хэргийн гүйцэтгэгч нарыг ялласан болоод, уг хэргийг улсын нууцад хамруулан 25 жил хав дарна гэж бол байхгүй байхаа.
Учир нь УИХ-д тогтоол гарган, дээрх хэргийг нууцлалаас хасч, олон нийтэд нээх бүрэн эрх нь байгаа юм. УИХ энэ ажлаа хэзээ ч хийж болно.
Товчоор хэлбэл: УИХ-д 65 гишүүнтэй олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт энэ эрх байгаа юмаа.
Энэ хэргийн захиалагчдыг тогтоох үйл ажилгаанд саад болохооргүй, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдаж, улс төрийн тогтворгүй байдал савалгаа үүсгэхээргүй, бас мөрдөн шалгах ажилгааны арга технологийн нууцыг задруулахааргүй байх нөхцөлтэйгөөр орон зай цаг хугацааны тохиромжтой үеийг тааруулан УИХ-аас тогтоол гарган дээрх хавтаст хэргийг нууцлалаас хасч нээлттэй болгож болох буй заа.
Үүнээс өмнө, улс төр халсан энэ цаг мөчид, бие биенийхээ эсрэг янз бүрийн мэдэгдэл хийж, тогтворгүй байдал үүсгэх нь хэнд хэрэгтэй бэ?
Ц.Нямдорж гуайд хандаж хэлэхэд: Наадмаар юмуу, Цагаан сараар ард иргэдийг уужуу, тайван болсон үед тогтоолоо гаргаж, уг хавтаст хэргийг нууцлалаас нь хасч, олон нийтэд дэлгэнэ гээд амалчих.
Тэрнээс наана бүгд хийдгээ хийцгээж, амьдардагаараа амьдарцгааж бай гээд хэлчвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайтаж, хэн хэнийхээ мэдэрлийн эд, эсийг үхүүхэхгүй амгалан тайван болох буй заа.
Мөн энэ гэмт хэргийн захиалагчдыг илрүүлэхээр ажиллаж байгаа Прокурор ба мөрдөгчдөөс шүүхэд шилжүүлсэн өмнөх хавтаст хэргийг чинь хэзээ нууцлалаас хасч дэлгэх бэ? тохиромжтой хугацаагаа хэл гэсэн ч болно шүү дээ.
Улс төр бол нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар аж. Нямка энэ шинжлэх ухааны тогоонд 20 гаруй жил чанагдсан хүн тул нилээ боловсорсон байх ёстой.
ЖИЧ: Булганыг бүтэн жил хорьчоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд оруулсангүй гэдэг хүмүүст хандаж хэдэн үг бичье.
Булганы тухай шалгаж мухарлахаар ноцтой баримт ба мэдүүлгүүд цугларчээ. Захиалга өгсөн хүмүүс нь Булгантай хамсаатан ч байж мэдэхээр аж.
Тиймээс Булганыг Шүүх хуралд оролцуулбал өөрт ашигтай байдлаар Шүүх хуралд нөлөөлөх мэдүүлэг өгч мэднэ гэх үндэслэлээр шүүх хуралд оруулсангүй.
Харин захиалгч нарын хэргийг Шүүх явцад Булганыг гэмт хэргийг нуун дарагдуулсан, хуурамч мэдүүлэг өгч төөрөгдүүлсэн, Мөн гэмт хэрэгт хуйвалдан оролцсон гэх мэтийн аль нэгээр түүнийг яллаж магадгүй юм.
-
2017 оны 4 сарын 12
...Хүн болгон оюуны бүтээлүүдийг бүтээж чаддаггүй. Авьяаслаг хүмүүс уран бүтээл хийх гэж маш их шаналцгаадаг. Ердийн хүмүүс 8 цагийн ажлаа хийгээд санаж бодох зүйлгүйгээр амарч чаддаг бол, оюуны бүтээл хийдэг хүмүүс энэ тухай маш их бодож, үргэлжид сэтгэн, шөнө ч унтаж чадахгүй зүүдэлж, өөр ажил хийж байлаа ч уран бүтээлийнх нь санаа сэтгэлийн орон зайд тэнүүчлэн холдож өгдөггүй. Ном бичиж буй хүмүүс маш олон материалуудыг уншиж судлан харьцуулж, зураг зурж буй хүмүүс сэтгэлд буй дүрслэлүүдээ зотон даавуун дээр өнгө будгаар буулгаж, кино бүтээж буй хүмүүс өгүүлэмжийн найруулга, зураг авалтын дүрслэл дээр өөрөө оролцон шаналж, хөгжмийн зохиолчид хөг аялгууны эгшигээ зүүдэндээ аялж байж бүтээцгээнэ. Энэ бүхэн тэдний оюун санааны дотоод ертөнцөөс амилан бүтэж, бусдын хүртээл болдог болохоор маш үнэтэй, бас давтагдашгүй. Хүн төрөлхтөн ийм хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай бүтээлүүдээр нүд, сонор, сэтгэхүйгээ баясган, амьдралын утга учрыг ухаарч, сэтгэлийн их цэнгэлийг эдэлнэ. Тийм болохоор ийм уран бүтээлүүд бүтээсэн эзнээ мөнхийн мөнхөд ”амьдруулж” тэдний суу алдрыг үргэлжид дуурсгаж байдаг юм даа.
Саяхан зохиолч Б.Сарантуяагийн бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа ”Самар хатан” романыг нь хэсэг хүмүүс ”хулгайн” аргаар, чанаргүйгээр хэвлүүлэн өөрсдөө худалдаж байсан нь илэрч хүмүүсийг ихэд бухимдуулав. Зөвхөн энэ ч биш олон олон зохиол бүтээлүүд хулгайн аргаар хэвлэгдэн, хулгайчид бусдын бүтээлээр ”хөлжиж” байгаа талаар хүмүүс жишээ аван нотолж эхэллээ. Сайн бүтээл болж, хүмүүс сонирхон олноороо худалдаж авч буй ийм номнуудын хэвлэлийн эхийг нь хулгайлан хямд, чанаргүй цаасан дээр дахин хэвлэж, түүнийг нь зохиогчийн зарж буй үнээр бусдад худалдан ашгаа хуваан авцгаадаг ”сүлжээ” бий болсон байдаг аж. Энэ сүлжээнд хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэх үйлдвэр, гар дээрээс борлуулагчид гэсэн дамжлагууд нэгддэг аж. Сүүлийн жилүүдэд хуучны болон өнөөгийн сайн зохиол бүтээлүүдийг Өвөр Монголд хэвлүүлэн, тарааж худалдах тохиолдол ч цөөн биш байгаа гэнэ. Б.Сарантуяа зохиолч энэхүү романыг бичих гэж ямар их шаналантай цаг хугацаанд ямар их хөдөлмөр зүтгэл зарцуулсныг бүтээлийг нь хулгайлагчид огтхон ч тоосонгүй. Цаг хугацаа зарцуулсан их хөдөлмөрийн өөрөө хүртэх ёстой үр шимийг нь зүгээр сууж байгаад хулгайлж авахдаа тэдний сэтгэл өвдөж зовсонгүй. Тэд мөнгөний төлөө хэнийг ч өрөвдөж хайрлахгүй, өөрөө зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох ад бишийн шунал нь өөрсдийнх нь хүн чанарыг ”араатан” болгон хувиргажээ.
”Би чамд хайртай-2” киноны уран бүтээлчид энэхүү киногоо АНУ-д буй монголчуудад үзүүлэх гэж хотуудаар явж байсан юм. Вашингтон ДС хотод гарах зар тараад хүмүүс үзэх гэж хорхойсож байх үед, уг кино гэнэтхэн интернэтээр гарснаар олон хүмүүс очиж үзээгүйг би мэдэх юм. Киноны уран бүтээлчдийн хамгийн том айдас нь киногоо үзэгчдэд үзүүлэх явцад бүтээлийнх нь хулгайлагдсан ”хуулбар” нь интернэтээр тараагдах үйлдэл аж. Интернэтийг мэдээлэл хайх эх сурвалж хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдөж, мөнгө олох эх сурвалж болж хувирсаны улмаас маш олон уран бүтээлүүд хулгайлагдсаар байна. Монголын болон Холливуудын олон кино нүүрном дээр ”Устахаас нь өмнө хурдан шейрлээд үзээрэй, лайк дарахаа мартав аа” гэсэн тайлбартайгаар гэнэтхэн гарч ирэхийг анзаарсан байх. Цахим ертөнц дахь шейр, лайкийн төлөөх улайрсан хулгайчдын үйлдэл энэ. Хууль бус ийм үйдлүүд нь ”илчлэгдэн” хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л ”амташсаар”. ”Олон хавар нэгэндээ” гэдэг сануулга байдаг даа. Холливүүдийн кинонууд АНУ-ын кино театруудаар тодорхой хуваарийн дагуу хэдэн сараар гарч, кинонд зарцуулсан зардлаа хэд дахин нөхөж чадсаны дараа л интернэтэд байршдаг. Тэдний уран бүтээлийг бишрэн хүндэтгэдэг үзэгчид, тэдний киног зөвхөн кино театруудад үзэхийг хичээж, үүнийгээ тэдний уран бүтээлийг дэмжиж буй дэмжлэг хэмээн ойлгодог аж.
Ардын язгуур урлагийн ”Хөсөгтөн” хамтлагийн АНУ, Канадаар аялан тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан MIYE Интернэт кино театрыг үүзгэн байгуулагч залуус гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан www.miye.mn сайтыг үүсгэн бага хэмжээний төлбөртэйгээр монгол кино болон бусад бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлж байгаа. Уг кинонуудыг үзэхдээ төлсөн төлбөр нь уг уран бүтээлийг бүтээсэн уран бүтээлчдэд хувь хишиг болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж. Монголчуудын оюуны бүтээлийг үнэлж хүндлэн, хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлэх боломжийг бусдад үлгэрлэн нөлөөлж байгаад нь тэдэнд талархаж байдаг юм. Ийм санаачлагууд олноор дэлгэрэх нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд бие биенийхээ уран бүтээлийг ”хулгайлах” бус ”хүндэтгэх” эхлэл, үргэлжлэл болох буйз.
Монголд ”Борооны дараах мөөг” шиг олширсон сэтгүүлчид, бусдын бичсэн нийтлэл болон мэдээллүүдийг шууд хулгайлан өөрийн нэрээр тавих, нүүр ном дахь хувь хүмүүсийн байршуулсан бичлэгүүдийг мэдээний эх сурвалж болгон ашиглах үйлдэл хэрээс хэтэрч буйг бид анзаарч байгаа. Ийм нэгэн үйлдлийн дараа бичлэгийг ашигласан сэтгүүлчтэй холбогдон зэмлэхэд ”Биднийг өдөр бүр сүр дуулиантай мэдээ заавал бичиж бай гэж даалгадаг юм. Гарчигийг нь аль болох сүртэй өгч байж олон хүмүүсийн анхаарлыг татах нь хандалтаараа цалинждаг бидний зовлон шүү дээ” хэмээн учирласан юм. Нээрээ анзаарах ахул ”Дэлхий даяараа монголчууд биднийг амьсгаа даран ажиглаж, үйлдэл бүрийг нь гайхашран шуугиж буй” мэт сэтгэгдэл төрөхөөр сүржин гарчигтай ядмагхан мэдээллүүдийн дунд бид хөөрцөглөж байна. Ашигласан эх сурвалжаа огт дурдалгүйгээр бусдын бичлэгүүд болон санааг нь ”хулгайлж”, өөрийн бүтээл мэтээр интернэтэд байршуулж байгаа нь бүдүүлэг хулгайлалт. Эдний ийм арчаагүй мэдээллүүдийн дунд бид зөв буруу, баруун зүүнээ ч ялгахгүй төөрч манарч байна даа. Итгэхэд ч хэцүү, итгэхгүй байх ч бүр хэцүү. Зөндөө олон тоглолт, клип, сонирхогчдын янз бүрийн бичлэгүүдийн ард хөгжмийн алдарт зохиолч Н.Жанцанноров гуайн ”Цагаан суварга”, Шарав гуайн ”Сэтгэлийн эгшиг” зэрэг уянгалаг аялгуунууд эгшиглэх нь олонтой. Зохиогчдоос нь зөвшөөрөл аваагүй л бол энэ бүхэн эрээ цээрээгүй хулгай мөн. Гэтэл энэ бүтээлүүдийг зохиогчид нь Монголдоо ”тэрбумтан” шиг амьдрахгүй л байгаа шүү дээ. Төр нь иргэдтэйгээ нийлээд хулгай хийгээд байхаар авьяастнууд нь үүдэнд сууж, тэнэг мунхагууд нь хойморт таахалзан тэнэглэх нь арга ч үгүй юм уу даа.
...Номыг нь амтархан уншиж, киног нь шимтэн үзэж, яруу найраг, хөгжмийг нь уяран хайлан сонсож, зурсан зургуудыг нь бахдан харж нүд баясгадаг Оюуны уран бүтээлчдээ амьдад нь хайрлаж, Оюуны мөчийг нь хамгаалцгаая. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илчлэх хамгийн том боломж нь тэдний уран бүтээлийг худалдан авч, тэдний уран бүтээлүүдийг мөнгө төлж үзэх дэмжлэг юм шүү дээ. Хэдийгээр их бага хэмжээтэй ч энэ мөнгө нь тэдний амьдралаа авч явах боломж, улам сайн уран бүтээл хийх боломж болон хувирдаг юм. Тэднийг Монголын Төр хурдан морины уяачдаас дорд үзэж байгаа бол ард олон бид өөрсдийн боломжоороо дэмжихэд л болно доо. Худлаа магтаж зусардахаас ядаж л бүтээлийг нь үнэлээд мөнгө төлж байхад хангалттай. Хулгайч нарын хулгайлсан уран бүтээлүүдийг хичнээн хямдхан байсан ч худалдаж авахгүй байх нь тэднийг дэмжиж буй дэмжлэгийн нэг хэсэг нь. Оюун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээн, аз жаргалтайгаар шаналан байж бүтээсэн тэдний бүтээлүүдийг, өчүүхэн олз ашгийн төлөө хулгайлан завшиж буй хулгайчдыг бурхан өршөөг, бас гэсгээг. Сайн урам зоригийг далласан сайхан цаг айсуй. Монголчууд бид бие биенээ амьдад нь хайрлая.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 11
Бат Хаан, Сүбээдэй нар Мажар, Хорватын нэгдсэн их хүчтэй тулсан нь
Нийтэлсэн: 2017-04-11 11:08:26
Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.
Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв.
... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.
***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг.
.
Б.Номинчимэд ”Эгнэшгүй нөхрийг олов” номоос...
.
Зураг 1:
Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.
.
Зураг 2:
Монгол дайчид Шайо голын гүүрийг дайрч байгааг харуулсан зураг. 1241.04.11-ий өглөө. (Гэхдээ энэ зураг эргэлзээтэй. Гүржийн Кура голын гүүрэн дээрх ч байж магад...)
.
Зураг 3:
Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11
.
Зураг 4:
Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор.
Мохийн тал. Мажар улс.
-
2017 оны 4 сарын 10
Чи хэн нэгнийг сониучирхан, зөвхөн ”өөрийн нүдээр” харж, ”ухаан алдатлаа” дурлан, салж хагацахгүйн тулд ”амьдрал” зохиосон шиг бусад хүмүүс ч яг тэгдэг. Гэртээ байгаа үнэ цэнэтэй тавилгуудынхаа адил хайртай хүнээ ”өөрийн өмч” мэт үзэн харамлан харддаг шиг, бусад хүмүүс ч адил тэгдэг. Бусдын дэргэд ухаалаг төлөв ”дүр бүтээх” гэж зовдог атлаа, өөрийн гэртээ орж ирээд л ”дураараа дургин, дун чөмгөөрөө жиргэдэг” шиг бусад хүмүүс ч тэгдэг. Өөрийгөө толинд харсан мэт дуурайх хүүхдүүдээ ”бусдын хүүхдүүдээс дор” явуулахгүй гэсэндээ аашилж зэмлэн, аргадаж учирладаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид ажил болон олон нийтийн газар бие биенээсээ ”дор орохгүй”-н тулд ”жүжиглэж” амьдардаг атлаа гэртээ орж ирээд хаалгаа хаасны дараа яг өөрийн бодит төрхөндөө айж ичилгүйгээр орно. Бидний бусдаас огт хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ амьдарч болох орон зай бол бидний гэр. Бидний амьдрал, гэртээ орж гэрийнхээ хаалгыг хааснаас хойш бодитоор өрнөдөг юм даа. Тэгэхээр чиний гэрийн хаалганаас цаана орших бусдын гэрийн хаалган доторхи амьдрал бол БУСДЫН АМЬДРАЛ.
Хүн болгон өөрийн боломжоороо амьдралаа авч явах боловч, бусдын амьдралыг заавал сониучирхдагаас ”хэрэгт дурлан”, хов живийг амилуулцгаана. ”Тэр тэгсэн гэнээ” гэдэг хэлцээр эхэлсэн элдэв хов жив, бусдын амьдралыг шүүн хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргах хүртлээ өргөжиж, ”Яадаг юм би шударгаар хэлнээ” гэсэн зоримог алхам дунд уг шийдвэрээ тэдэнд тулган зэвүүцэл болоод уйлаан гоморхолдоо хүрч төгсдөг. Өөрийн амьдралын элдэв асуудлаа өөрөө шийдэж чадахгүй хэрнээ, өрөөл бусдын амьдралд заавал оролцон сэтгэлийн их таашаал эдлэн, сүр хүч ухаанаа бусдад гайхуулахыг хүсэгчид даанч олон. Өөрөө арчаагүй хэрнээ өрөөл бусдад арчаатай байхыг сургадаг хүмүүс олширсноос л хов жив, хэрүүл маргаан дэлгэрч, хүмүүсийн сэтгэлийг хиртээж зовоогоод байдаг юм шүү дээ. Бусдын амьдралыг шүүмжлэн зохицуулахыг хүсдэг ер бусын хүсэл тачаалын гайгаар олон гэр бүлүүд маргалдан муудалцаж, тэр ч бүү хэл салж холдох тохиолдол зөндөө. Төрсөн ах дүүсийн дунд ч ”Загалмайлсан зохицуулагчид” тодорч, бүх л ах дүүсийнхээ амьдралд оролцон хянаж, ”өөрийн хүн”-ээ өмөөрөн шийдвэр гаргадаг тохиолдол нэг биш. Гэсэн атлаа салгаж бутраасан тэр гэр бүлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, тэдний сэтгэлийн зовлон шаналлыг ч бүр тоохгүй. Зүгээр л ингэж бах таваа хангадаг хүмүүс цөөн биш.
Бид нэг л зүйлийг ухаарч ойлгодоггүй. Чиний амьдралд элдэв асуудал тулгарч, уг асуудлаа зөвөөр шийдэхийн тулд ухаан зарцуулж, тэвчээр гаргадаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид гаднаас нь харж өөрийн дүгнэлтээрээ хандаад байдаг болохоос биш, тэдний хоорондох ээдэрсэн утасны зангилааны учрыг тэднээс өөр хэн ч мэдэж тайлдаггүй. Чамд бусдад хэлэхээс ичдэг, хэнд ч мэдүүлэхийг хүсдэггүй асуудал байдаг шиг тэдэнд ч тийм асуудал байгаа. Түүнийгээ тэд л өөрсдөө мэдэж шийдэж байх үүрэгтэй. Хайртай ах, дүүгийн чинь, эсвэл дотно найзын тань ханиараа сонгосон хүн чамд таалагдахгүй байгаа шалтгаан нь, чи уг хүнийг тэр хүний ”нүд, сэтгэлээр нь харж” чадахгүй, тийм боломжгүйд байгаа юм шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тэр хүнтэй гэрлэчихсэн юм шиг, эсвэл насаараа хамт амьдрах юм шиг бухимдан цухалдаад байх хэрэггүй. Тэд бие биенээ сонгож амьдарч байгаа болохоор заавал чамд таалагдах албагүй. Бусад хүмүүс өөрийн гэртээ ”лаагаа ч луувангаа ч идэж” байх нь, ”цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж” байх нь тэдний хэрэг бөгөөд энэ нь бусдад хамаагүй зүйл. Тэд өөрийн амьдралд тохиолдoж буй сайн муу асуудлуудаа өөрсдөө шийдэж байвал юутай сайн.
Хэн нэгэнд ”унатлаа ”дурлаж, бие биедээ соронзон мэт татагдаж, нэг ч өдөр бие биенгүйгээр байж чадахгүй болохоороо гэрлэж өөрийн амьдралаа босгоно. Тэд гэртээ орж хаалгаа хааснаас хойш тэдний дотоод асуудал болон амьдралд нь хэн ч оролцох эрхгүй. Тэр л гэрийн хаалга тэдний ашиг сонирхол, хувь араншин, дур зоргоороо байх хүслийг нь бусдаас хамгаалан хязгаарлаж байдаг юм. Гэртээ өөрийн дураар байж байтал хэн нэгэн хаалгыг нь тогшиж зөвшөөрөл авалгүйгээр орж ирээд, тэдэнтэй яг адил байхыг хүсч шаардах ахул хэн ч дуртай байх билээ. Бусдын амьдралыг бусдад үлдээж бай. Бүү шүүмжлэн хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргахыг оролдож бай. Бидний ”Бусдын хэрэгт дурлах” муу зуршил олон залуусыг салгаж, амьдралыг нь сарнииулж, хайрыг нь унтрааж, итгэл найдварыг нь мөхөөж байдаг. Та өөрийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулах хүсэлгүй бол тэд ч яг л тан шиг хүсч байдаг юм шүү дээ. Та алдсан ч оносон ч өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байгаатай адил тэд ч бас тэгж хүсч байгаа. ”Өөрийн толгой дээрх бухлаа олж харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад” байх хэрэггүй. Бусад хүмүүсийн амьдралын асуудал нь олон нийтийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээгүй л бол хэн нэгэн оролцох шаардлага ч үгүй. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 10
... Монгол агуу их дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг,илжиг модон хударгандаа дуртай,нохой хозлуулсан эзэндээ янаг гэдэг шиг гилжигнэн дагаж, тал засан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн юм биш үү...
-
2017 оны 4 сарын 07
Бидний үеийнхэн буюу 1950- 1980 оныхон номон далай дунд халгиж цалгиж явсан юм. Гэтэл сүүлийн үед социализмын үед шал дэмий, хэнд ч хэрэггүй Орос-Зөвлөлтийн ном орчуулж байсан, Барууны номыг ардчилал ялж, эрх чөлөөтэй болсны дараагаас л уншдаг болсон гэж утгагүй, тэнэг дүгнэлт хийж, түүндээ тун олон хүнийг үнэмшүүлжээ. Үгүй л дээ…
-
2017 оны 4 сарын 06
Н.Энхбаярын МАХН үндсэн хуулийн нэгэн төсөл хийжээ. Тэр төслөөс харахад МОНГОЛ УЛСЫН нэрийн БНМУ буюу Бүгд Найрамдах Монгол Улс гэж солих гэж байгаа бололтой юм.
Би 1992-оны үндсэн хууль хэлэлцэж байсан цаг үеийг тод санаж байна.
АИХ-ын малчин депутатууд БНМАУ гэх хуучин нэрээ авч үлдэх гэж мунхаглан их зүтгэдэг байж билээ.
Гэтэл Баян-Өлгийн депутат САЙРАН гэгч улсаа яаж нэрлэхээ мэдэхгүй байгаа бол Казахын ард түмнээс асуу. Эртний түүхтэй Хөх Монголыг Монгол гэхгүй бол өөр юуг Монгол гэх бэ гэсэнд мунхаг харанхуйчуудын зарим нь ихэд цочирдож байсансан.
Тэр үед ХЯТАДЫН Элчин сайдын яамнаас БНХАУ-ын АИХ-ын даргаас илээмж, баярын цахилгааныг УИХ-ын дарга Уртнасангийн нэр дээр ирүүлжээ. Уг цахилгаанд улсаа БНМУ буюу Бүгд Найрамдах Монгол Улс гэж нэрлэвэл бид талархан дэмжинэ гэсэн утга илэрхийлсэн байв.
Ингээд улсаа БНМАУ, БНМУ, МОНГОЛ гэх гурван нэрний алинаар нь нэрлэхээ шийдэж чадахгүй 2-3 хоног маргалдаж байсансан.
Гэтэл эх оронч сэтгүүлчдийн жигүүрээс бид 30-50 жилийн цаана юу болохыг хэрхэн мэдэх билээ. Халх Монголчууд бид Монгол үндэсний голомт байж энэ үндэстнийг төлөөлж байх үүднээс Монгол гэх нэрийг үүрд хадгалан эзэмшиж байваас зохино,
Бид Монгол гэх нэрийг сул орхивол ЗХУ задарч, Монгол угсаатныг агуулсан одоогийн автономит улсуудын нэг нь Монгол гэх нэрийг авч тусгаар тогтносон улс үүсгэвэл, тэр үед бид яах билээ гэсэн санал гаргав.
Энэ санал депутатуудад болгоомжлох эргэлзэх байдлыг үүсгэв.
Тэр үед Б.Чимэд нар үндсэн хуулийнхаа нэрийг ИХ ЦААЗ гэж нэрлэхээр дэмжүүлээд байснаасаа ухарч, хуулийг хуучин хэвээр нь ҮНДСЭН ХУУЛЬ гэж нэрлье.
Харин улсын нэрийг МОНГОЛ гэж нэрлэх болзлоор санал хураалгаснаар одоогийн МОНГОЛ улс ба Үндсэн хууль гэх нэр томъёонууд дэмжигдэж байж билээ.
Тэр цагт хуучин Коммунист тогтолцооны БНМАУ- гэх нэрийг ухаараагүй гэнэн мунхаг малчин Депутатууд дэмжээд байсан юмаа.
Коммунист систем задрах нь гарцаагүй болсон гэдгийг мэдэрсэн тэр үеийн МАХН-ы гэгээрсэн дарга нар БНМУ гэх нэр дээр саналаа өгч байв.
Гэтэл улс үндэснийхээ ирээдүйг бодсон, Үндсэрхэг үзэлтэй ухаарсан гэгээрсэн Сэхээтэн депутатууд МОНГОЛ гэх нэрийг дэмжиж байжээ.
Н.ЭНХБАЯР нь 1990-1992-онд үндсэн хууль хэлэлцэж байх үед улс төр мэдэхгүй, соёл урлагийн хорооны дэд дарга гэх ажил хийгээд гүйж явсан нусгай хүүхэд байсан гэхэд болно.
1996-оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдсан бөгөөд тэр үед Н.Энхбаяр УИХ-ын гишүүн болоогүй байсан юм. Харин 1997-оны ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Багабанди ялаад ор гарсан Завхан аймгийн тойрогт Н.Энхбаярын нэрийг П.Жасрай тэргүүтэй МАХН-ы лийдрүүд дэвшүүлэн зүтгүүлснээр тэрбээр УИХ-ын гишүүн болж, их улс төрд орж ирсэн түүхтэй хүн юм.
Н.Энхбаяр нь одоо ч Коммунист сэтгэхүйгээсээ бүрэн салаагүй хүн. Дээр үед Н.Энхбаяр CNN—д ярилцлага өгч байхад нь CNN-ийн сурвалжлагч таны яриад байгаа санааг дүгнэн хэлбэл Та Коммунизм ба Ардчилал хоёрын дундуур явах гээд байгаа хүн гэж ойлгож болох уу гэхэд Н.Энхбаяр тийм гэж хэлээд инээж байсныг нь санаж байна. Ккк
Н.Энхбаярын зохиосон БНМУ-ын ДЭЭД ХУУЛИЙН ТӨСЛӨӨС түүний CNN-д өгч байсан ярилцлагынх нь үнэр сэн хийтэл үнэртэх аж. Ккк
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД: Н.Энхбаярыг шударга ёсыг тогтоож, С.Баяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд мэтийн шааруудыг шоронд хийнэ гээд тууштай байвал дэмжиж байснаараа дэмжинэ.
Харин Коммунист тогтолцооруугаа ухарсан юм яриад явбал тууштай эсэргүүцэнэ.
Үндсэн хууль бол ирээдүйг харсан, Монгол үндэснтий язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой бөгөөд хуучны олсон ололтуудаас ухарсан нэг ч үг, өгүүлбэр орох ёсгүй юмаа.
-
2017 оны 4 сарын 03
Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. ”Анхны” тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, анх инээсэн, анх удаа мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. Өөрт нь тэгтлээ тод санагддаггүй ч, эцэг эхэд нь хамгийн баяр баясгалантай аз жаргалтай тэр мөчүүд эргэж хэзээ ч олдохгүй. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлнэ. Хэрвээ анхаараад ажих ахул хүүхдийн тань тоглоомд түүний бүхэл бүтэн ертөнцийн төсөөлөл багтаж байдаг. Газарт хэвтээ чулууг морь, тэмээ, авдар, данх, аяга гэж төсөөлөх төсөөллийн гайхамшиг дээр хүүхдүүд өөрсдөө хөгжиж байдаг. Бие бялдар нь оюун санаатайгаа хамтад өдрөөс өдөрт хөгжиж байдаг хүүхдүүдийг томчууд бид тэгтлээ ойлгож мэдэрч амждаггүй. Яг хүүхэд насандаа л тэд өөрсдийн дотоод ертөнцөө бүтээж байдаг. Бидний гэнэн балчир хэмээн төсөөлж байдгаас огт өөр гайхамшигийг тэд дотоод сэтгэлдээ бүтээж байдаг.
...Үйл урлаж байсан ээжийнхээ үйлийн хайчийг нь авах гэж хүү нь булаалджээ. ”Болохгүй” гэж зандраад хайчийг нь булааж авсан боловч санасандаа хүрэх гэж эхэр татан орилох хүүгээ өрөвдөөд авах гээд байсан хайчийг нь өгч орхиж. Хэсэг чимээгүй байсан хүү нь гэнэт аймшигтайгаар орилоход нь тэвдсэн ээж нь очиж автал, хүү нь мөнөөх үйлийн хайчаар нэг нүдээ сох хатгасан байж. Өрөөсөн нүд нь хараагүй болсон хүүгээ тэврээд уйлж байхдаа ээж нь ”Яах ч гэж үйлийн хайчыг хүүдээ өгөв дөө, уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав гэж үү” хэмээн харамсан өгүүлсэн гэдэг.
...Одоо цаг үе их л өөр болжээ. Өнөөгийн хүүхдүүд үйлийн хайч биш, гар утсыг нь булаалдан үйлцгаах болж. Санасандаа хүрч гар утсыг нь авсан хүүхдүүд нь өөрсдийн хүссэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө учрыг нь олоод үзчих нь гайхалтай. Тэр үйлдэлд нь эцэг эхчүүд ч баяртай, бас хэрдээ бардамнал өхөөрдлийг хослуулна. Мэдээллийн цунами шиг хар шуурганд бид өөрсдөө төөрөх хэрнээ бас хүүхдээ хөтлөөд л төөрцгөөнө. Мэдээж гар утас таблетууд хүүхдийн нүдийг нь сохлохгүй ч оюун ухааныг нь сохолж байгааг бид ч анзаарахгүй. Гар утас дахь мэдээллийн хар шуургууд хүмүүс бидний амьд харилцааг үгүй болгож бидний үнэ цэнэтэй асар их цагийг хулгайлж байгаатай адил хүүхдийн тань хүүхэд насыг ч хулгайлж байна. Тэд хэзээ ч гадаа гарч чулуугаар тоглохгуй. Тэд хэзээ ч нүцгэн хөлөө өргөсөнд хатгуулахгүй, азтай мэт боловч гунигтай.
...Мэдээллийн сошиал ертөнцөд бид хүүхдүүдээрээ их гайхуулж, тэдэнд хайртайгаа өөрсдөд нь биш, бусдад илэрхийлэн зарлана. Нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн нялх хүүхдийн хорио цээрийг ч үл тоон, дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг авч бусдад түгээнэ. Хүүхдийнхээ ухаантайг, авьяастайг, царайлагийг сурталчлан гайхуулна. Оюун санаа нь дөнгөж бүрэлдэж, хүн болон төлөвших гэж ядаж буй бүх хүүхдүүд магтаалын үгэнд живцгээж, энэ ертөнцийн хүмүүсийг мөн чанараар нь бус, царайлаг ба царайлаг бусаар нь ангилж сурч байна. Бас мөнгөтэй ба мөнгөгүй, баян ба ядуу гэсэн ангиллын хэмжүүрээр амьдралын үнэ цэнийг хэмждэг болгож байна. Үргэлж магтаал, өхөөрдөлд умбаж өссөн тэд, амьдралын нугачаанд ухааруулах хатуу үгийг сонсож чадах болов уу? өөрийг тань үгүй болсон хойно амьдралын жаргал зовлонг тэнцүүлэн үүрч даах болов уу?
...Бид ”Бяцхан мисс”-ийн тэмцээн зохиож, үндэсний бөхийн хүүхдүүдийн барилдаанд ”Дархан аварга” цол олгож, элдэв цол өргөмжлөлөөр тэднийг хучиж, Валентины баяраар найз охинд нь зориулан шоколад хайлж, тэдэнтэй зэрэгцэн суугаад хайр, секс холилдсон Солонгос сериалууд үзэцгээж, хайрын тухай, амьдралын зовлон жаргалын тухай насанд хүрэгчдэд зориулсан дууг дуулахыг нь сонсон магтаж бишрэн уярцгаана. Бид тэднийг хүүхэд насыг нь алгасуулан томчууд болгохыг ямар их яаран хүснэ вэ? Ургаж төлжиж гүйцээгүй нялх уруулыг нь, хумсыг нь будаж, ухаарч төлөвшөөгүй оюун санаанд нь өөрсдийн сэтгэлийн хирээ халдаана. Хүүхэд насандаа хэтийдсэн яриаг нь хөөргөн онгиргож, бусдад гаргаж буй увайгүй араншинг нь дэвэргэн ухаантайд тооцон муйхарлана. Бид өөрсдөө тэднээр зүгээр л тоглоцгоож байна. Хүүхдүүд ”Од” болон өвчлөхөөс илүүтэй, хүн болон төлөвших учиртайг бид мартжээ.
Хүүхэд нас хүний амьдралын хамгийн гайхамшигтай үе. Хувь заяа нь онож төрсөн энэ амьдралыг өөрөө л таних гэж хичээх үйлдэл болгон нь дэндүү хөөрхөн. Өдөр хоногоор өсч төлжиж буй бие нь, ухаарч дуурайж буй оюун санаа болгон нь өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаа болгон нь өөрийн давтамжтай. Бид тэдэнд сайн хүн болон төлөвшихөд нь туслах үүрэгтэйгээс биш, цагаас нь өмнө тэднийг ”Од” болгох шаардлагагүй. Тэдэнд хүүхдийн дуу, шүлэг зохион өгч ном бүтээх хэрэгтэй байна. Тэдэнд зориулан кино жүжиг, танин мэдэхүйн зөндөө олон хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Тэдэнд зориулсон тоглоомын талбай, спортын танхимууд, урлагийн тайзуудыг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ томчууд биднийхээс огт өөрөөр шүү дээ. Тэднийг магтах үед нь магтаж, зэмлэх үед зэмлэж байх хэрэгтэй. Байгалын сайхнаар дагуулан аялж ургамал амьтдын бүтэц, хувь заяа хийгээд тэднийг хайрлахад сургах хэрэгтэй байна. Ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, тэдэнд жаахан ч атугай туслахад сургах хэрэгтэй байна. Юу юунаас илүү монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж эх орон газар нутгаа чин сэтгэлээсээ хайрлахад сургах хэрэгтэй байна. Зүгээр л сайн хүн болгон төлөвшүүлэхэд л авьяас чадвар нь аяндаа хөгжөөд, дэлгэрээд явчихдаг юм шүү дээ. Хичнээн хөөрхөн байгаад ухаангүй тэнэг болон хувирах юм бол танд тус болно гэж үү?
Хүмүүс бид хүүхдүүдэд ”хүүхэд нас”-ыг нь үлдээе, түүнийг нь бүү хулгайл л даа. 3 настай хүүхэд 10 настай хүүхэд, 20 настай залуу, 30 настай идэр үе, 40 настай ид үе, 50 настай ухаажсан хүн болгон өөр хоорондоо огт өөр. Зүгээр л тэдний үзэж өнгөрүүлсэн, туулж давсан болгон нь амьдралын туршлага болон тогтдог. Тийм болохоор л ”Ах нь сургаж, дүү нь сонсдог” учиртай юм шүү дээ. Нэмэгдэж буй нэг нас болгон маш их цаг хугацааны шалгуурыг давж ухаарлыг авчирч байдаг. ”Цагийн юм цагтаа л байдаг” гэдэг шиг онгиргон сагсуу залуу нас, хожим ухаарлын насанд уруул дээр үл ялиг инээмсэглэлийг тодруулж байдаг. Эргээд харахад бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийг л ойлгодог юм. Хүүхэд нас ч ав адилхан. Тэд эрхэлж тоглож, өөрийнхөөрөө энэ ертөнцийг таньж байг. Гэхдээ өдөр болгон аав ээжийгээ, ах эгчийгээ харж дуурайж байдгийг л мартаж боломгүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхийн тулд та өөрөө л сайн хүн байхаас өөр арга үгүй. Хүүхдүүд тань алдартан суутан болох албагүй, харин сайн хүн болж төлөвших учиртай. Тэр нь хүүхэд насанд л төлөвшдөг юм даа. Тэд өөрсдийн насандаа дурлацгааж, хайрын тухай чин сэтгэлээсээ дуулж, шүлэглэж байг. Наснаасаа эрт зовлон, шаналал бүү амсаг. Хүний амьдралын давтамж болгон өөрийн өнгө төрхтэй, бас өөрийн жаргал зовлонтой, гэхдээ л сайхан шүү дээ. Эргэж олдохгүй хүүхэд насаа гэж.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 03
TV ZONE сэтгүүл: Та сайхан хаваржиж байна уу?
- Сайн байна уу? Танай сэтгүүлийн мянга мянган уншигчдад урин сайхан хаврын мэнд хүргэе.
TV ZONE сэтгүүл: Хүүхэд залуус маань үүх түүхээ судалж мэдэх бас нэгэн түүхэн сэдэвт роман уншигчдын гар дээр очиж байгаад Монгол хүнийхээ хувьд баяртай байна. Ном бичиглэх болсон ил хийгээд далд шалтгаан юу байсан бол?
- Баярлалаа. Ил далд шалтгаан юу байх вэ. Их дээдсийнхээ суу алдрыг бахдаж, билэг ухаанд нь биширч явдаг нэгний хувьд Монголын их гүрний үеийн түүхийг бүрэн дүүрэн багтаасан нэг сайхан бүтээл туурвил гараасай л гэж бодож мөрөөдөж явав. Тэгээд хүлээж тэсэлгүй, өөрийгөө гололгүй нэг цуврал эхлүүллээ. “Аугаа эрин” нэрийн дор гарч буй энэ цувралын маань эхний боть нь “Хөх илдний очис”. Сүбээдэй баатар төрдөг 1175 оны үйл явдал голлоно.
- Ер хүн төрөлхтний түүхэнд болсон их үйл явдал бүхний өмнө байгал дэлхий, тэнгэрийн од эрхэс ямар нэгэн шинж тэмдэг өгч, ер бусын үйл явдал болж байсан байдаг. Монголын Их гүрэн үүсэхэд ч, түүнийг бүтээлцсэн их хүмүүсийг төрөхөд ч мөн жир өнгөрсөнгүй. Орооцолдсон, арга зүйгээр тайлахад нэн бэрх учир битүүлэг олон үйл явдал өрнөсөн хэрэг. Түүнийг л энэ ботийн эхний бүлэгт илэрхийлэхийг хичээв. Удаах бүлэгт нь Их гүрэн зардах шинж тэмдэг үзэгдэж эхэлсэн 1260 оны үйл явдалыг өгүүлэв. Харахад үйл явдлууд бүр зуугаад жилээр үсэрчихсэн мэт ч энэ хоёр үйл явдлын шугам нь явсаар холбогдож таарна.
- Ер нь бол өнчин өрөөсөн, өмөг түшиггүй Тэмүчин хэрхэн Дэлхийн Их гүрнийг босгож чадав бэ, ямар зарчим, үзэл санаагаар бусдыг араасаа дагуулж байсан бэ? гэдгийг л илүү тод гаргахыг зорьж байна. Тэр хүчирхэг үзэл санаа, эрхэм дээд зарчим нь өнөөгийн Монголчуудад магад ус агаар мэт хэрэгтэй ч байх. Манайхан ч, гадныхан ч ихэнхдээ айдас, тооны олон, зэр зэвсэг, хүч чадлаар дэлхийг эзэлсэн гэдэг. Энэ бол том төөрөгдөл. Их үзэл санаа, зарчимгүйгээр дэлхийн эзэнт гүрнийг байгуулдаггүй. Мөн олз ашгийн төлөө хийсэн дээрмийн дайн ч биш. Өөр учир шалтгаан бий. Ер зөвхөн бие баялдрын төдий биш оюун санаа, ёс суртхууны асар давуу байж л тэр бүхнийг хийнэ. Тэр бүхнийг л харуулахыг зорьж байна. Мөн Их гүрэн яагаад бутран унав гэдэг шалтгааныг ч бид сайтар анхаарах ёстой.
.
TV ZONE сэтгүүл: Таны арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гэсэн...?
- Ер нь бол насан туршдаа л цуглуулсан амьдралын маань элдэв туршлага, бичин туурвих дадлага, хурааж хуримтлуулсан мэдлэгийн маань л үр дүн тайлан юм. Анхны санаа хаанаас үүдэв гэхээр 2004 оны намар “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй нэг түүхэн найруулал бичсэн. Гэтэл АНУ-ын Сан Францискод байдаг нэг танил маань түүгээр Холливүүдэд кино хийвэл сайхан болох нь, чи зохиолыг нь бичээч гэсэн санал тавьсан. Юм мэдэхгүй хүн тэнэг зоригтой байдаг юм гэнэ билээ. Түүн лүгээ адил кино хийнэ гэж хөөрөөд, Холливүүдийн киноны заавар болох “Кино библи”-ийг өөд уруугүй уншиж, төлөвлөгөө, ноорог ч гаргаж үзсэн. “Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь” нэртэй нэг бүлэг хүртэл бичив. Гэтэл нэг л болж өгдөггүй. Саваагүй нохой саранд хуцаж буй мэт, хэт холын мөрөөдөл мэт санагдаад хойш нь тавьчихсан. Гэвч энэ арав гаруй жилийн хугацаанд огтхон ч мартагдсангүй, сэтгэлийн мухарт цогшиж явсаар, баримт, материал, элдвийн юм үзэж харсаар л байсан. Тэгээд ер тэр санаагаа бичиж дуусгая гэж зүрхлэн, өнгөрөгч оны 10 сарын сүүлчээр суугаад шинэ оны нэг сарын сүүлээр эхний ботийг нь дуусгав. Бичихдээ жаахан яаруу түргэн байсанд учир дутагдалтай зүйлс мэр сэр харагдана. Гэсэн ч өнөөх Их гүрний Их түүхээр жинхэнэ Монгол амьсгалтай кино хийхсэн гэсэн мөрөөдөл минь хэвээр яваа.
.
TV ZONE сэтгүүл: “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа” гэдэг. Тэгэхээр та бичгийн хүний хувьд түүхийн ном судар их эргүүлнэ биз?
- Монголчууд бид өөрсдөө түүхээ мэдэхгүй бол бидний өмнөөс хэн нэгэн харь хүмүүс түүхийг маань зохиож өгнө шүү дээ. Зохиож ч байсан, зохиосноо бидэнд тулган хүлээлгэж ч явсан нь нэг бус. Өнөө үргэлжилж л байгаа. Уг нь Монголчууд бид бусдаар түүхээ зохиолгох хэмжээнд хүртлээ ядарсан ард түмэн биш, тийм сул жижиг түүхтэй ч биш. Бид түүхээ зөвхөн судлаад мэдээд зогсохгүй, түүнээ баялаг өв болгох, үндэстнийхээ оюун санааны дахин сэргэлтийн нэг уриа дуудлага болгох учиртай гэж би бодож явдаг. Загалмайтны аян дайны тухай гэхэд хэдэн зуугаар тогтохгүй зохиол бүтээл байдаг юм гэсэн. Гэтэл бидний их түүхийн тухай бидний өөрсдийн бичсэн түүхэн зохиол гэхэд гар хөлийн хорин хуруунд хүрэхгүй шахам байна. Уг нь хэдэн зуун роман бичсэн ч барагдахгүй их түүх бий. Тэр их түүхээрээ дэлхийг дэлдийлгэсэн баатарлаг түүхэн туульсын ч, өв соёлын ч, гүн ухааны ч кино хийгээд хүргэж чадваас мөн ч их хэрэгтэй юмсан. Их түүхтэй Их Монгол үндэстний нэгэн молхи толхи бичгийн хүмүүн болсны хувьд энэ мэтийн зүйлс бодож, чадал хэмжээгээрээ л түүх судар эргүүлэх юм даа.
.
TV ZONE сэтгүүл: Уран сайхан гэдэг нэрийн дор Эх түүхийг илтэд гуйвуулсан кино, ном зохиол ч цөөнгүй бий шүү дээ?
- Аль болох түүхэн үйл явдлынхаа гольдрил дотор нь уран сайханжуулж чадвал сайн юм. Гэхдээ түүхэн баримтуудыг л яс барина гээд байх аваас хэрхэн уран зохиол болж чадах билээ. Түүх бичлэг, их сайндаа түүхэн найруулал л болно. Гол нь түүхэн үйл явдлынхаа шинж чанарыг тод гаргах явдал. Үлгэр жишээ болох сайн түүхэн зохиолууд бишгүй олон. Нобелийн шагналт Х.Синкевичийн “Кью Вадис” байна. Ром хэрхэн мөхөж буй тухай барим тавим бичсэн. Бас Спартакийн бослогын тухай нүдэнд харагдтал бичсэн Жованолийн “Спартак” роман байна. Польшийн Прусс хэмээх зохиолч бол түүхэн уран зохиолын үлгэр загварыг бүтээсэн хүн. Түүний эртний Египедийн түүхийг өгүүлсэн “Фарион” роман нь зөвхөн түүхэн уран зохиол төдийгүй түүх, өв уламжлал, зан үйл, угсаатны зүй, шашин, домог зүйн сэтгэлгээ гэх мэт тэр цаг үеийн бүхий л талын нөр их судалгааны үр дүн байдаг. Тиймээс хэдэн мянганы өмнөх Мисир оронд очоод ирэх мэт сэтгэгдэл төрдөг. Үнэ цэнэ нь түүндээ байна.
TV ZONE сэтгүүл: Манайд ч сайн зохиолууд бий. Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан”, Ж.Пүрэв гуайн түүхэн романууд байна. Ж.Пүрэв гуай бол түүхэн судалгааг маш сайн хийсэн байдаг. Харамсалтай нь монголын түүхийн талаар сүүлийн жилүүдэд гарч буй гадаадын бүтээлүүд, тэр дундаа уран сайхны кинонуудаас бид өөрсдийнхөө түүхийг биш, монгол нэртэй харь хүмүүсийн адал явдлыг л харах болов. Хэдий сайн судалгаа хийх ч гадаадынхан маань Монгол хүний, нүүдэлч иргэншлийн дотоод ертөнцийг хэрхэн гүйцэд харах билээ. Түүхийг гуйвуулах нь их аюултай. Ялангуяа санаатай гуйвуулж, Монголын түүхийг аль нэгэн үндэстний хавсрага, эсвэл аль нэг үндэстний түүхийн гол багана болгох хандлага ч анзаарагдах болсон. Энэ бол хийрхэл солиорол төдий биш, аюул юм.
_
TV ZONE сэтгүүл: “Аугаа эрин” нэрний учир?
- Хүн төрөлхтний дунд дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан үндэстэн ер нь хоёрхон л юм. Монголчууд болон Англичууд. Эрт цагт Ромын эзэнт гүрэн байлаа. Ромтой тэрсэлдэнэ гэдэг бурхантай тэрсэлдэх мэт төсөөлөгдөж байсан үе бий. Мөн Хүннү, Түрэгийн Оттоман, Их Могул, хожуу үеийн ЗХУ гэх мэт нь томоохон гүрэн улсууд хэдий ч аль аль нь ч Монголын болон Английн эзэнт гүрэнтэй адил дэлхийн энгээр байж чадаагүй. Тухайн цаг үедээ нээгдээд байсан газар нутаг, нөхцөл байдалтай нь харьцуулбаас Монголын эзэнт гүрэн хувь илүү байдаг. Судлаачид XIII-XIV зууныг Монголын эрин үе гэдэг. Үнэхээр ч тийм байв. Хүн төрөлхтний түүхийг бичихэд Монголын түүхгүйгээр бичих боломж огт үгүй. Тийм хүчирхэг нөлөөтэй явжээ, бидний дээдэс. Ямар сайн даа “Ази, Европ, Ойрхи Дорнодод Монголчуудаас зөвшөөрөл аваагүй бол нохой ч хуцаж зүрхэлдэггүй байсан” гэсэн хэл яриа гарч байхав. Нэг бус хоёр гурван зуунаар Монголчууд дэлхийн түүхийг тодорхойлж, хүн төрөлхтний хувь заяаг мэдэн захирч явсан.
- Түркийн “Аугаа зуун” нэртэй зуу гаруй ангитай кино манай нэг Тв-ээр нэлээд гарах шиг болсон. Хөрөнгө хүч хаяж сайн ч хийсэн байна билээ. Үнэхээр ч Түркийн Оттомоны эзэнт гүрний үе бол аугаа зуун байсан. Харин бидний дээдсийн эрин үе бол аугаа зуун төдий биш, харин АУГАА ЭРИН байсан юм шүү. Тэр их эрин үеийн суу алдрыг өчүүхэн ч болов энэ цаг үед, залуу хойчистоо хүргэхсэн гэдэг санаа байна. Тиймээс энэ цуврал романаа АУГАА ЭРИН гэж нэрлэсэн.
.
TV ZONE сэтгүүл: “Хөх илдний эрчис” бол тэргүүн дэвтэр шүү дээ. Тэгэхээр хэдэн боть байх бол?
- Монголын эзэнт гүрэн бий болох урдач нөхцөл бүрдэж байсан 1170-аад он буюу “Монголын Нууц Товчоо”-нд дурдсанчлан
“Одтой тэнгэр орчиж,
Орчлон дэлхий хямарч...” асан цаг үеэс эзэн гүрэн хагарч, задрах үйл явц хяналтгүй болсон 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн үйл явдлыг энэ цувралдаа багтаах санаа бий. Эхний “Хөх илдний очис” ботид уг нь 20 орчим жилийн үйл явдлыг дүрсэлнэ гэж санаж байсан ч бичих явцад сунасаар 4-хөн жилийн явдал багтав. Гэтэл цаана нь дахиад 100 гаруй жилийн түүх үлдэж байна. Энэ эрин үеийн түүх гэдэг нь зөвхөн Монголын газар нутаг дээр болсон үйл явдал төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Японоос Мисир буюу Египед, хойшлоод Австри, бүр цаашилбал Испани хүртэл, урагшаа Вьетнам, Ява Сумарта хүртэлх уудам газар нутагт болж буй 100 гаруй жилийн үйл явдал хамрагдах учир олон шашин соёл, улс үндэстний түүх ч бас хавчуулагдаж таарах нь. Учир нь тэр цагийн Монголчуудын түүх бол яах аргагүй дэлхий дахины түүх. Тэгэхээр их сунаж мэдэхээр. Юутай ч дараагийн үйл явдлуудыг нэлээд шахаж бичээд 3-4 ботид багтаана даа. Гэвч бүтээлийн явц, үйл явдлууд, дүр гэдэг заримдаа зохиолчийн санаа, хүсэл бодолд захирагдахгүйгээр өөрийн жам зүйгээр явчихдаг тал ч бий. Тэгэхээр яг төдөн боть болно гэж өнөө хэлэхэд бэрх.
.
TV ZONE сэтгүүл: Эхний ботид хэд хэдэн улс орны их олон дүр гарсан байсан. Дараагийн ботиудад ч мөн адил үргэлжлэх үү?
- Тэгнэ. Энэ ботид нийдээ 200 гаруй хүний нэр орсоноос 130 гаруй нь ямар нэгэн үг хэлж, үйлдэл хийж байгаа. 60 орчим нь түүхэн хүмүүс. Эзэн Чингис хаанаас эхлээд Тоорил хан, Жамух, Таргудай, мөн алс Мисирийн Султан Кутуз, Байбарс, Английн хаан I Эдуард, Армяны хаан Хэтум, Трифолийн хаан Бохимэнд гэх мэт 20 орчим хаан, дээдэс ч гарсан. Цаашдын ботиудад үйл явдал Тэмүчин хийгээд Сүбээдэй баатар нарын шугамаар өрнөхөөс гадна Их гүрнийг босгоход хүчин зүтгэсэн Боорчи, Мухулай нарын олон өрлөгүүд, бодит түүхэн хүмүүс, бас Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс, Хар Тангуд, Сартуул, Дорнод Европын үйл явдлууд ч гарах учир тэр зүгийн улс орны олон түүхт хүмүүс ч гарч таарах байх.
.
TV ZONE сэтгүүл: Түүхэн дүрүүдээ тодотгон бичихэд тухайн цаг үеийн өөрийн биеэр мэдрэх мэт тэр догдлол, өөр нэгэн ертөнцөд ороод явчих мэт болдог уу?
- Бичиж буй үйл явдал, дүрдээ хичнээн гүн орж, тод мэдэрч бичнэ тэр хэмжээгээр л зохиолын дүрүүд амьд, үйл явдал нь үнэмшилтэй болдог. Зарим хэсэгт нь баярлан бахдаж, хөөрөн доглож, бас зарим хэсэгт нь харуусан гасалж, уйлж, дуулж байж л бичвээс сайн. Гөлийж байгаад бичсэн зохиол гөлгөр л болно. Судалгаа шинжилгээний ажил шиг болчихвол хэрхэн уран зохиол болох билээ. Жүжигчид дүрдээ ордогтой адил юм.
.
TV ZONE сэтгүүл: Ярилцлагаа өндөрлүүлж уншигчдад хандаж сайхан уриалга хэлэхгүй юу?
- “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэсэн нэг мэргэн үг байдаг. Бид нэгэн цагт сэргэн мандаж байсан аваас дахиад ч сэргэн мандах л болно. Гагцхүү бид тэр сэргэн мандаж асан цаг үеэ сайтар мэдэж, өөрсдийгөө хэн болохоо мэдрэх л чухал. Өчүүхэн дорд боол мэт зөвхөн идэж, хэрэглэх олз ашгийн төлөө үхэлдэн явах аваас бид бүгдээрээ л мөхнө. Харин хүмүүн оршихуйн мөн чанарын төлөө явбаас бид сэргэн мандах болно гэдгийг бидний их дээдсийн түүх нотолдог юм шүү л гэж хэлмээр байна.
.
TV ZONE сэтгүүл: Ухаан тань мэргэн, Үзэг тань хурц байж, Олон сайхан бүтээл туурвилаа уншигчдынхаа ухааны мэлмийд хүргэх ий үйл тань мөнх байг ээ!
Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ..
Ярилцсан сэтгүүлч М.Хонгорзул
-
2017 оны 3 сарын 30
1985-оны үеэс социалист системийн орнуудаар ХАРЬ ГАРИГИЙНХАН энд тэндгүй зочлох болжээ. Миний санаж байгаагаар харь гаригийнхантай уулзсан хүмүүс хаа сайгүй л байдаг байлаа. Тэд зарим хүнийг нь хөлөгтөө суулган авч явж байгаад буулгасан ч гэх шиг иймэрхүү тохиолдуудын тухай барин тавин ярьдаг хүмүүс их олон байв.
-
2017 оны 3 сарын 29
Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан хэрнээ инээмсэглэж байгаа түүний нүдийг хараад л зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрхний чанадаас урсах хайр нүдэнд минь дусал нулимс болон тогтож, түүнийг тэврэхээр гараа алдлан зүтгэв. Сэтгэл дотор минь хуралдаж байсан хар бараан түгшүүрийг түүний инээмсэглэл сарниаж, цав цагаан өнгөөр бүхнийг сүлж орхих шиг тийм мэдрэмж төрж цээжиндээ чанга гэгчээр тэврэх хэрнээ, инээмсэглэж буй нүдийг нь дахин харах гэж өөр рүүгээ эргүүлнэ. Тийм нүдэнд ямар их ид шид оршдогийг би тэгэхэд л анх удаа анзаарсан сан. Хүний зүрхний гүнд орших хайр талархал, зөвхөн инээмсэглэлээр л илэрч гардаг аж. Ямар ч илүү дутуу тайлбаргүй, ямар ч илүү дутуу үйлдэлгүй, ямар ч илүү дутуу учирлалгүйгээр шүү. Инээмсэглэл хүний сэтгэл дэх гунигийн бараан сүүдрийг, халуун дулаан нарны илч сарниах шиг ид шидтэй. Хэрэв бид анзаараад харах юм бол энэ ертөнцийн гэрэлт нарнаас гадна үй түмэн ид шидтэй гэрлүүд сацарч байдаг. Энэ бол инээмсэглэл юм.
Өглөө сэрж орноосоо босоход цонхоор тусах нарны шив шинэхэн сацрагтай зэрэгцээд хайртай хань чинь чамайг өхөөрдөн инээмсэглэж байхад л өрөө тасалгаа, зүрх сэтгэл бүхэн нь баяр бахадлаар дүүрч амьдрал тэр чигтээ утга учиртай болж эхэлнэ. Өөрөө инээмсэглээд л, дутуу дундуур юу ч үгүй энэ амьдралд үргэлж талархаж баярламаар ч юм шиг санагдах. Зүгээр л гудамжинд зөрөөд өнгөрөх хэн нэгэн над руу харан инээмсэглэхэд л сэтгэл дотор баяр баясал төрж өөрийн мэдэлгүй хөл дээрээ хөнгөн шингэн гэгч нь алхана. Зөрөөд өнгөрөх өөр хэн нэгэн рүү инээмсэглэмээр ч юм шиг хөгжүүн. Урдаас тань хаалга нээж ялдамхнаар инээмсэглэх хүн рүү инээмсэглэн харж, гараараа далламаар ч юм шиг, нэг бол баярлуулах сайхан үг хэлмээр ч юм шиг санагдах үе зөндөө. Ажлын газрынхан тань бүгд л бие бие рүүгээ инээмсэглэн харахад л хэцүү бэрх юу үгүй, уйтгарлаж гуниглах юу ч үгүй, уцаарлаж хашгичих шалтгаан ч үгүй болдог. Инээмсэглэл гэгч урам зориг бүхнийг бадраадаг шидтэн аж.
Чамайг доромжлон тохуурхах нэгэн рүү зүгээр л инээмсэглээд харахад тэр хүн зогтусдаг. Чам руу тургилах гэж байсан хамаг муу үгсийг чиний инээмсэглэл мартуулж орхиход, их л сайндаа ”Тэнэг юм уу? мангар юм уу?” хэмээн амандаа үглээд чамаас холдож одно. Инээмсэглэлийн өмнө хар хорын сэтгэл хүчгүйдэж, өөрөө холдож оддог юм даа. Инээмсэглэлийн өмнө уур уцаар ч зогтусдаг. Инээмсэглэлийн толины тусгалд өөрийн арчаагүй дүрээ олж хараад ичингүйрдэг. Тэгээд л ичингүйрч холдоно. Гэхдээ л өөрийн муухай төрхөө мартаж чаддаггүй л юм даа. Бүдүүлэг зарим нь өөдөөс нь инээмсэглэж байгаа нэгнийг ”тал засч байна”, ”аалигүйтэж байна” хэмээн эндүүрдэг. Өөрөө инээмсэглэж сураагүй, инээмсэглэлийн ид шидийг мэдрээгүй тэднийг ойлгож уучил. Өнөөдөр маргааш, магадгүй нөгөөдөр чиний инээмсэглэлийн хариуд мушилзах байх л даа. Хэзээ нэгэн цагт инээмсэглэх л болно. Инээмсэглэл л бусдын инээмсэглэлийг өөртөө татаж авчирдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч чиний инээмсэглэл тэр бүхнийг өөрчлөхөд чамд туслах л болно. Яагаад гэвэл тэр чинь өөрөө ид шид юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 3 сарын 23
Сүүлийн үед улс төрийн хүрээнд “таг чиг” байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд ирсэн байхад “таг чиг” болно гэдэг хөшигний араар ямар нэг юм болж байна гэсэн хэрэг. Манай гадаад орчинд ч гэсэн асар их өөрчлөлт гарч байна. Энэ тухай өгүүлсү…
Нуруу руу шаасан хутга
Монголын эдийн засаг сүйрч амь тарианд орсныг хүн бүр мэднэ. Монголын эдийн засаг яагаад сүйрсэн, хэн сүйрүүлсэн гэдэг нь ч тов тодорхой. Гэвч энэ асуудлыг амтай болгон залхтал ярьсан, ярьж байгаа болохоор дахин давтах нь илүүц. Гэхдээ хариуцлагын тухай асуудал удахгүй дахин яригдах ба үүнийг жичдээ ярих том сэдэв гэж үзээд түр орхиё.
Ямар ч гэсэн Монгол Улс ойрын үед яаж, хэрхэн амь зуух вэ гэдэг нь харин хамгийн амин асуудал юм. Үүний эргэн тойронд олон зүйл болжээ.
Шинэ Засгийн Газар мөнгө олох асуудалтай тулгарсан ба үүнд хоёрхон боломж байжээ. Нэг нь Хятадаас, нөгөө нь ОУВС-аас мөнгө босгох. “Нохой хамартаа тулахаар усч” гэдгээр манай Засгийн Газар хоёр талд ажиллаж гарчээ. Өөрөөр хэлбэл Хятадтай ярихдаа танайх зээлийн нөхцлөө сулла, тэгэхгүй бол бид ОУВС-гаас зээл авна, ОУВС-тай ярихаараа нөхцлөө хөнгөн болго, тэгэхгүй бол бид Хятадаас зээл авна гэхчлэн. Энэ бол тулгараад буй тухайн нөхцөлд хамгийн зөв бөгөөд ухаалаг хувилбар юм. Ингэж чардайсаар байгаад аль аль талыг нь тодорхой буултад хүргэж, одоо л нэг бүтэх нь гэж байтал гай болов.
Гэв гэнэт Далай лам Монголд айлчлан ирэв. Энэ нь Хятадын дургүй, зэвүү хоёрыг бүрмөсөн хүргэжээ. Далай лам бол нэг талаасаа Хятадын “төрийн дайсан” боловч нөгөө талаасаа Буддын шашны тэргүүн юм. Европ ойлголтоор Далай лам бол Ромын Пап л гэсэн үг, бас л шашны тэргүүн. Бусад оронд Буддын шашинтан голдуу диаспор хэмээх нийгмийн жижгэвтэр хэсэг болдог бол Монгол тэр чигээрээ шахам Буддын шашинтан бөгөөд түүний хамгийн том, уламжлалт түүхэн төв юм. Энэ хоёр эвлэршгүй зөрчлийг Хятадад ч, Монголд ч ойлгодог атлаа шийдвэрлэж чаддаггүй нэн эмзэг асуудал юм.
Далай лам Монголд айлчлах болгонд Хятад “уурладаг”, мэдэгдэл гаргадаг, манайхан ч гэсэн аль болох чимээ шуугиан багатай байхыг хичээж байгаад явуулдаг байв. Үүндээ аль аль нь “дассан” гэж хэлж ч болох юм.
Гэтэл энэ удаад Хятад үнэхээр уурлаж, Монголтой хийж буй бүх төрлийн гэрээ, хэлэлцээрийг зогсоов, тохирсон бүх айлчлалыг цуцлав. Хятадын Засгийн Газрын олон удаа мэдэгдэл гаргаж, “Глобал таймс” зэрэг нөлөө бүхий хэвлэлд Монголыг шүүмжилсэн мэдээлэл угсран гарав. Ер нь бол АНУ болон Хятадын харьцаа ширүүсч, муудсан үеүдэд Далай ламын айлчлал болдог зүй тогтлыг олон хүн анзаарч байгаагүй юм.
Эдийн засгаа унагаж, царай алдан мөнгө гуйж байхдаа хүртэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Далай ламыг урьдаг байна ш дээ. Удалгүй эзэн нь тодров. Мөнөөх л Ц.Элбэгдорж. УИХ, Засгийн Газар мэдээгүй байхад Ц.Элбэгдорж “өөрөө мэдээд” Далай ламыг урьчихжээ. Ийнхүү ноён Ц.Элбэгдорж өөрийнхөө Засгийн Газрын нуруунд хутга зоов.
Энэ хөгийн адал явдлыг тайлбарлах аргаа Монголын тал огт мэдэхгүй байв. Хятадын тал 4 удаа мэдэгдэл гаргаж байхад Монголын тал ус балгасан мэт дуугай байсны шалтгаан нь ердөө л энэ юм. Биднийг мэдээгүй байхад манай Ерөнхийлөгч өөрөө мэдээд урьчихсан юм гэж хэлж чадсангүй, гэхдээ тун сулхнаар Ц.Элбэгдорж гэж бувтнав.
Ямар зүгээр байлтай нь биш, дарга нар нь “болохгүй” гэж хэлсээр байтал Японд суугаа манай элчин сайдын яамны нэг ажилтан Далай ламд “өөрөө мэдээд” виз олгосон нь “илэрсэн” ба түүнийг ажлаас нь халсан гэх усан тэнэг мэдээлэл тараав. Ийм маанаг тэнэг юманд хятадууд хууртана гэж монголын дарга нар л бодож чадах байх. Хятадуудын уур улам их хүрэв.
Хэн урьсныг нь Далай лам өөрөө хэлсэн бөгөөд тэрээр: “Намайг эх нутагтаа урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа баярлалаа. Би Азиас зөвхөн Япон, Монгол хоёрт л очиж чаддаг” гэж цохон дурдсан юм.
Хэрэв энх тайван, тогтвортой, эгэл жирийн үед, тодруулбал шашны уламжлалт ёслол гэх мэт уламжлалт зан заншлын үеэр Монголын тал Далай ламыг урьсан бол Хятад уурладгаараа уурлаад, мэдэгдэл гаргадгаараа гаргаад “гайгүй” өнгөрч болох байсан гэж би дүгнэж байна.
Гэтэл АНУ, Хятадын харилцаа ил хүйтэрч, Зүүн болон Зүүн өмнөд Азид нөхцөл байдал эрс хурцадсан эгзэгтэй үед Монголын тал Далай ламыг ямар ч шалтгаангүйгээр, гэв гэнэт урьсан нь Хятадын дургүй, зэвүүцлийг нэгмөсөн хүргэжээ.
Үүний үр дүн юу болов ?! Монгол-Хятад хоёрын хийж байсан бүх төрлийн гэрээ хэлэлцээр зогсов. Хоёр талын бүх албан ёсны айлчлалууд бүрэн зогсов. Бараг л эдийн засгийн хориг арга хэмжээнд хүрэв.
Ямар ч улс гүрэн аль нэг талдаа алдаа гаргасан ч нөгөө талдаа амжилт олохоор бодож гадаад бодлогоо явуулдаг. Тодруулбал, Хятадтай “муудалцсан” ч Баруун талдаа, ОУВС-гийн дэмжлэгийг авч чадсан бол ямар нэг хэмжээгээр ухаалаг гэж хэлж болох нь мэдээж хэрэг.
Ингээд Монгол Улс ОУВС гэсэн ганцхан боломжтой үлдэв. Гэтэл ОУВС манайхыг дэмжих нь байтугай шууд “багалзуурдан” шахаж эхэлжээ. Өөр гарц байхгүй юм чинь, Та нар муусайнууд яадгийм ?!
ОУВС Монголыг “багалзуурддаг” нь яаж байгаа юм ?! Энэ нь бас л Ц.Элбэгдоржийн “ажил” юм. Одоохон тайлбарлая…
Хамаг учир нь ноён Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг “Монголын сонгууль” хэмээн “ойлгосон” ба Монгол Улсыг АНУ-ын сонгуулийн дотоод хэрүүл тэмцэлд татан оруулсанд байгаа юм. Ц.Элбэгдорж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон баттай ялна гэж тооцоод Дональд Трампын эсрэг суртал нэвтрүүлгийг Монгол Улсад бараг жил гаруй явуулав. Манайхан бүх мэдээллээ CNN-ээс авч Ийгл телевизээс эхлэн бүх ХМХ-ээрээ Д.Трампыг “нар үзүүлэхгүй” балбав. Монголд Америкийн Ардчилсан намын сонгуулийн штаб ажиллаж байгаа мэт Хиллари Клинтоны төлөө галзуутай суртал нэвтрүүлэг хийсэн ба үүнийг удирдан чиглүүлсэн хүн нь Ц.Элбэгдорж.
Гэтэл Трамп ялаад гараад ирэх нь тэр. Одоо Монгол Улс юугаа хийж хуйхаа маажихаа мэдэхээ байв. Ийм явдлыг одоогийн Трампын засаг захиргаа амархан мартана гэж тэнэг хүмүүс л бодох байх. Тэд Монголд жаахан хатуурхаад үзье гэж занажээ. ОУВС-гийн хатуурхал үүнийг хамгийн тод харуулав.
Ингээд Ц.Элбэгдоржийн ойворгон тэнэг зангаас болж Монгол Улс гадаад бодлогын дараалсан алдаа гаргаж, хожмын ихээхэн хор уршигтай нэлээд олон буулт хийв. Энэ нь санаатай ч бай, санаагүй ч бай, “хорлон сүйтгэх” гэсэн ангилалд орох адал балмад явдал мөн. Ноён Ц.Элбэгдоржийн бүх үйлдэл ямар нэг хэмжээгээр Монгол Улсыг заавал хорлож байдаг гэсэн дүгнэлт эндээс гарцаагүй гарна.
ОУВС-гийн Захирлуудын Зөвлөлийн хурал 03 дугаар сарын дундуур хуралдах гэж байснаа хойшлов. ОУВС ямар ч гэсэн Украинд олгох 1 млрд долларын зээлийн траншийг хойшлуулсан байна. Украин, Монгол мэтийн хэдэн дампуу улсын зээлийн асуудлыг хойшлуулаад байгаа бололтой. Одоо 04 дүгээр сард хуралдана гэж байгаа ба үүнийг нь бид хүлээхээс өөр аргагүй юм.
Монгол Улс горьдлого тээхээс өөр юмгүй хөгийн байдалд орсон нь Ц.Элбэгдоржийн “гадаад бодлогын” хорлолын гарцаагүй үр дүн мөн. Гэтэл Монгол медиа корпораци “Ардын үг” хошин жүжиг найруулан тавьж, Ц.Элбэгдоржийн “гадаад бодлогын” бантан хутгасан ажилд боломжит 10 онооноос 8,9 оноо буюу “онц” үнэлгээ өгч Монголын ард түмнийг доромжилж байна. “Ардын үг” хошин жүжгийг Трампын заналт дайсан СNN-ийн мэдлийн “Ийгл телевиз” зохион байгуулж байгаа нь Монголын эмгэнэл юм.
Америкт хаягдсан “ардчилагчид”
1990-ээд оноос АНУ болон Барууныхан Монголын ардчиллыг шууд дэмжиж, үзэл суртал, мөнгө хөрөнгө зэрэг бүх талын тусламж үзүүлэх болсон нь хэн бүхэнд тодорхой.
Хамгийн эхлээд Германы “Конрад Аденаурын сан” Монголд орж ирсэн ба түүний суурин төлөөлөгч Вернер Прол “МАН-ын эсрэг бүлэглэлүүдэд туслах” зорилготойгоо дурссан байдаг. Тэд Монголын ардчилсан удирдагчдыг сургах “Улс төрийн боловсролын Академи” болон судалгааны “Сант марал” санг байгуулав. Удаалаад АНУ-ын санжүүжилттэй “Бүгд найрамдахчуудын хүрээлэн” байгуулагдав. БНХүрээлэн ардчиллын эхний жилүүдэд Монголд 450.000 долларын тусламж үзүүлж, сүүлдээ төлөөлөгчдийн газраа нээсэн юм. Мөн энэ үед АНУ-ын Тагнуулын газраас санхүүждэг “Азийн сан” Монголд суурьшив. Эдгээр байгууллагууд МАН-ын эсрэг намуудад туслах, шинэ намууд байгуулах, илгээлт явуулах, зохион байгуулалтын үндэс, кампанит ажлын зохицуулалт, харилцаа холбоо хөгжүүлэх асуудлаар сургалт зохион байгуулж байв. Эндээс “Сонгогчдын боловсролын төв” гэгчийг байгуулав.
Гадаадын эдгээр байгууллагууд хамгийн эхэлж Монголын ТББ, нэн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг өндөрт тавьж санхүүгийн дэмжлэг үзүүлэх болов. Улс орныг сүйрүүлэх гэвэл эхлээд эмэгтэйчүүдийг нь “галзууруулах” ёстой байдаг аж.
Эдгээр сургалт ихээхэн үр дүнтэй байлаа. Барууны сургалтад хамрагдсан улс төрчийн 22 хувь нь 1996 оны УИХ-д сонгогдсоноор үүнийг нотолж болно.
Үүнийг удаалаад гадны шинэ шашныг нэвтрүүлэв. Хамгийн анхных нь 1992 онд орж ирсэн Мормоны шашин байв. Англи хэл заах, барууны сургалтад хамруулах амлалт гаднын шашны гол зэвсэг байлаа. Монголын Христэд итгэгч анхны шүтлэгтний 80 хувь нь эмэгтэйчүүд байсан нь монгол эмэгтэйчүүдийн “хувирамтгай” занг тод харуулдаг. Удалгүй Христийн байгууллагын салбар болсон “Ийгл” телевизийг нээж Христийн шашныг нээлттэй сурталчлах болов. Монголын гааль дээр нэг удаа 10.000 библи, шашны агуулгатай 600 видео хуурцаг хураагдаж байсан нь энэ бүх ажлын асар их цар хүрээг илтгэдэг. Дараа нь Английн “Хүүхдийг ивээн сан” ДАНИДА манайд орж ирэв. Түүнийг залгаад шашны “Дэлхийн зөн” байгууллага орж ирэв. Хэдэн жилийн дараа Ж.Соросын сан “Нээлттэй нийгэм” хүрээлэн байгуулагдав.
Гаднын эдгээр байгууллагууд англи хэл сургах, иргэний боловсролыг дээшлүүлэх, барууны их дээд сургуульд суралцах тэтгэмж, бүх сургуулиудын хөтөлбөрийг шинэчлэх, эрүүл мэндийн янз бүрийн санаачлага гаргах нэртэй янз бүрийн төслийг хэрэгжүүлжээ.
Энэ бүгд нийлээд Монголд нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлэх улс төрийн тусламж дэмжлэг болсон юм.
1996 оны сонгуульд ялсан тухайн үеийн МҮАН-ын дарга халзан Д.Ганболд “Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн тасралтгүй дэмжлэг нь 1996 оны сонгуульд Монголын парламентыг хяналтандаа авах боломжийг бидэнд олгов”, мөн Ардчилсан Холбоо эвслийн дарга Ц.Элбэгдорж “Бидний энэхүү ялалт нь БНОУХ-ийн их ялалт мөн” гэж бахархан дүгнэж байв.
1996 онд УИХ-ын сонгуульд ялагчдын 36 хувь нь Азийн сангаас санхүүжилт авч байжээ. Тун удалгүй ОУВС-гийн төлөөлөгч Төрийн Ордонд байрлан ажиллах болов. Энэ бол дэндүү даварсан хэрэг боловч Барууны болон АНУ-ын илт дэмжлэгийн нэг гол илэрхийлэл байсан юм.
Энэ мэтчилэн Монголын ардчилагчид Барууны, түүний дотор АНУ-ын шууд дэмжлэгийг олон жил авчээ. АНУ Монголын ардчиллыг бүх талаар дэмжиж, түүнийг үлгэр жишээ болгож дэлхий дахинд сурталчилж байв. Ингээд жишээ авъя:
1990.08.02. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер: “Монгол бол ардчилалд орсон Азийн анхны коммунист орон”.
1998.05.02. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М. Олбрайт: “Монголд АНУ-аас улс төр, эдийн засгийн туслалцаа үзүүлж, АНУ-ын Конгресс дэмжиж өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн эдийн засгийн тусламжаа цаашид үргэлжлүүлэх болно”. “Та бүхэн бидний тусламж дэмжлэгт найдаж итгэж болно”
Улмаар М.Олбрайт ГХЯ-д Монголыг магтаж, дэмжсэн лекц уншив.
2005.11.22. Жорж Буш: “Америк орон танай “гуравдахь хөрш” гэгддэгээрээ бахархдаг”, “Монгол Улс коммунизмаас эрх чөлөөт нийгэм рүү шилжиж 15-хан жилийн дотор эрчимтэй ардчилагдаж, эдийн засгаа нээлттэй болголоо. Бүс нутагтаа болон дэлхий дахинд танай орон амжилтын үлгэр дууриал болж байна…Та бүхний тэвчээр зоригоор америкчууд бахархдаг юм…Төв Азийн цээжинд чөлөөт нийгэм байгуулж байгаа та нартай Америкийн ард түмэн хамт байгааг хэлэхээр би ирлээ.” Ингээд АНУ-ын Мянганы сорилтын сан хөтөлбөрийг эхлүүлэв.
2012.07.09. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон: “Хэрэв та ардчиллын үйл хэрэг хэрхэн явагдаж байгааг, мөн иргэдийнхээ банкны дансыг зузаатгах тухай биш, харин тэднийгээ яаж өөд нь татах тухай санаа зовниж байдаг удирдагчдын хийж буй хөгжил дэвшлийг харахыг хүсч байвал Монголд ирцгээ”
2014.09.26. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон: “Би одоо хүртэл Монголд очиж үзээгүй л байна. Чингис хааны морин төвөргөөнийг сэтгэлдээ төсөөлөн Монголын тал нутгаар морь унан давхих нь миний нэг хүсэл.”
2016.06.05. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри: “Монгол бол Орос, Хятад хоёр улсын дунд байрлах ардчиллын баян бүрд”, “Монголын Засгийн газар АНУ-тай байгуулсан ил, тод байдлын гэрээг хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл үнэмшил бий болгох чухал ач холбогдолтой”
Эндээс АНУ-ын бүх удирдагчид Монголыг бараг 20 гаруй жилийн турш дэмжиж ирсэн нь илт харагдана. АНУ Монголын ардчиллыг зөвхөн эдийн засаг, санхүүгийн талаар дэмжин туслахаар үл барам Монголыг ардчиллын үлгэр жишээ болгон дэлхий дахинаа харуулахыг чармайж байсан нь тодорхой байна. Энэ тусламж дэмжлэг саяхан болтол хэвээрээ байжээ. Гэтэл сүүлийн хэдхэн жилд Монгол Улс ардчиллын үлгэр жишээ болох нь бүү хэл, ардчиллын замаар явсаар байгаад улс орноо сүйрүүлэхийн сонгодог жишээ болон хувирсан нь хэн бүхэнд тодорхой болов.
АНУ Монголын ардчиллыг дэмжинэ гэдэг нь Монголын АН болон түүний удирдагчдыг дэмжих явдал байлаа. АНУ-ын улс төрийн “анхдагч” ивээл дэмжлэгийг Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Баабар, “халзан” Д.Ганболд, М.Энхсайхан, П.Цагаан, Ж.Үнэнбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа нарын хэдхэн хүмүүс хүртэж, улмаар Барууныг идэвхитэй сурталчлагчид болон хувирсан юм. Мөн МАН-ын талаас АНУ-ын дэмжлэгийг Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ямар нэг хэмжээгээр хүртсэн байдаг. Баруун болон АНУ-ын тусламж дэмжлэгийн “хагас далд” бөгөөд нэгэн том суваг нь Солонгос байсан ба манай бүх дарга нар Солонгостой нягт холбоотой байдгийн учир нь энэ.
Иймээс Монголын олон нийт АН болон түүний удирдагчид л АНУ-ын шууд дэмжлэгийг хүртдэг гэсэн “ойлголттой” болсон юм.
Гэтэл Монголын “ардчилсан” гэгдэх удирдагчид Монголд ардчиллыг хөгжүүлэх нь бүү хэл, хувийн шуналдаа идэгдсэн, улс орныг удирдах өчүүхэн ч чадваргүй, Америкийн ардчилсан үзэл санааг өөрийн үлгэр жишээгээр гутаан, бузарлагчид болон хувирчээ. Тэд тусламжийн асар их мөнгийг идэж уун завшигч, оффшор данс эзэмшигч, авилгын үүр уурхай болон хувирсан нь дэлхий дахинаа ил болов. “Америкийн ардчиллын хор хөнөөлийн жишээг үзье гэвэл Монголыг үз.” Монголын энэхүү арчаагүй үхээнц байдал АНУ-ын суурь үзэл суртал, нэр хүндэд үлэмж халгаатай асуудал болон хувирсны улмаас америкчууд “шинэ” дүгнэлт хийжээ.
Сүүлийн ганцхан жилийн дотор Монголын оффшортуудын нууц данс “гэв гэнэт” ил гарав.
АНУ-ын ХМХ-үүдээр Монголын талаарх таагүй мэдээллүүд ар араасаа цуврав.
АНУ-ын дипломат болон бизнесийнхэн Монголын “ардчиллын анхдагчид” итгэл найдвар алдаж, “хүнээ байсан” тухай шууд сануулах болов.
Сонгуулийн “хар машины” нууц код АН-аас МАН руу “ид шидийн” хүчээр шилжиж “Пента америк” гэгдэх Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Оюунгэрэл, З.Энхболд нарын удирдсан АН сүйрлийн ялагдал хүлээв.
Эдгээр давхцсан, зэрэгцсэн, ар араасаа цуварсан олон үйл явдал ардчиллыг гутаан бузарласан АН-ын “анхдагч удирдагчдаас” АНУ салахын түүс болсныг хөдөлбөргүй харуулж байна.
АНУ-аас 20 гаран жил тасралтгүй авч байсан дэмжлэгээсээ АН-ын “анхдагч удирдагчид” хагацжээ. АН ч гэж дээ, Ц.Элбэгдорж, түүний бүлэглэл цорын ганц гадаад тулгуур, эцсийн найдлагаасаа салжээ. Одоо “ардчиллын анхдагчид”-аас хэн хэн эрх мэдэлтэй үлдсэнийг тоолох гээд үз л дээ. Ганцхан Ц.Элбэгдорж л торойгоод үлджээ. Хэрэв Ц.Элбэгдорж өөрийнхөө АН-ыг задлан бутаргаагүй бол, бусад лидерүүдээ ээлж дараагаар устган сөнөөгөөгүй бол, залгамж залуу үеэ бэлтгэж байсан бол орь ганцаараа үлдэж муугаа үзэхгүй байхсан.
Ямар ч гэсэн Монголын улс төрийн эрх мэдэл “хоёрдугаар үеийнхэн”-д шилжих аварга үйл явц эргэлт буцалтгүй эхэлжээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 03 дугаар сарын 21.
-
2017 оны 3 сарын 20
...Үүнийг хийж чадсан цагт ЭРХЭМСЭГ МОНГОЛ иргэнтэй ТУСГААР МОНГОЛ улс мөнхөд орших болно. Дээрх номыг хууль тогтоогчид уншаасай, ядаж нэг удаа заавал уншигтун. Үгүй бол зай болоод өгөөсэй...
-
2017 оны 3 сарын 15
Монголчууд бид өдөр тутмын янз бүрийн асуудлаар өөр хоорондоо муудалцдаг. Хүн болгон адилгүй болохоор өөр өөрийн сэтгэл дотроо буй үзэл бодлоо хамгаалах гэж санал зөрөлдөнө. Ажлаас бас хувийн асуудлаас эсвэл хэн нэгний тухай илэрхийлсэн сэтгэгдлээс болж санал зөрөх нь олонтаа. Нэг хэвэнд цутгасан тоосго биш, бор тархины гадаргуу дээрх олон үрчлээсүүдийн өөр өөр атираанууд энэ санал зөрөлдөөнийг дэвэргэдэг. ”Үгүй ер, энэ мууд дээрэлхүүлээд байхдаа яанам билээ” гэсэн сэтгэл доторхи омогшоон ийм хэрүүл маргааныг улам ихээр өгдөөнө. Ийм хөөргөн омогшил маргалдаж буй сэдвэээсээ хальж, огт өөр мэдээллүүдийг тархины багтаамжаасаа гаргаж түүнийг ялан дийлэх хүсэлд ташуурдах авай. Тэмээний тухай маргалдаж байсан мэтгэлцээн, ямааны тухай доромжлолоор дэвэрч, эцэс сүүлдээ юуны талаар маргалдаж байснаа мартаж санахын зааг дээр аваачих нь зөндөө. Энэ тэнэглэл нь ”Салшгүй сайн хүндээ марташгүй муу үгийг бүү хэл” хэмээх дүрмийг зөрчсөнөөр төгсдөг. Дараа нь хичнээн харамсавч амнаас нэгэнт гарсан муу үгсийг эргүүлж залгилж болдоггүйн зовлонг эдэлнэ.
Дотно сайн найзууд чин сэтгэлээсээ зовлонгоо хуваалцан ярьж байсан үгс маргалдаж мэтгэлцэх цагт ”Чи муу тийм л амьтан биз дээ?” гэсэн хачираар даруулахад, итгэсэн сэтгэл доромжлол дунд хиртэж эргээд хичнээн сайхнаар угаах гэвч өнгө ордоггүй нь гачлантай. Зүгээр л итгэж ярьсан бүхнийг нь зүггүйтэж найз нарынхаа дунд доог тохуу болгон ярьж хээв нэг инээхэд, тэр л өдөр ганцаардахдаа хань татсан бүхэн нь энэ өдөр доромж болон хувирахад, итгэж ярьсан бүхнээ эргүүлж залгилж болдоггүйн харууслыг амандаа дэмий л залгилна. Өөрөө сэдэж яриулчихаад өрөвдсөн сэтгэлээ угаадас мэт өөр рүү нь эргүүлээд асгах хэн нэгний өчүүхэн сэтгэлийн сүүдэр дор даарч жиндэн жихүүцэх бас л амаргүй. Тэгээд л хүмүүс дотно нэгэнд итгэснийхээ хариуд доромж амсах бүрдээ гутарч гунин, бусдад итгэх итгэлээ алдаж толгой гудайн, нүднийх нь харц хиртэж эхэлдэг. Сайхан сэтгэлээр өөдөөс нь инээсэн хүн руу итгэж ядсан харцаар гунитайяа харах нь өрөвдмөөр. Энэ ертөнцөд ”Сайн хүмүүс муугаасаа олон” гэдэгт итгэж өгөхгүй, сэтгэлийн шаналлаа улам л дотор руугаа чихнэ. Хааяадаа хүмүүс рүү мушилзах гэвч, итгэхгүйн зовлон төрхөнд нь тодрох. Бид энэ ертөнцөд бие биенээ заавал ингэж тарчлаах шалтаг юу билээ.
Хүмүүс минь өөр хоорондоо элдэв асуудлаар муудалцах бүрдээ тэр л сэдвээсээ бүү хальж бай. ”Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй” хэмээн өвөг дээдэс минь дэмий нэг хэлээгүй дээ. Маргалдаж муудалцах бүрдээ сэтгэлийнхээ чанадад эвлэрэх жижигхэн зайг заавал үлдээж бай. Давж гарахын тулд аман дээр гарсан хорон үгсээ асгарах шүлс мэт цааш нь залгилж бай. Эвлэрэх нэгэн өдөр тэр л муу үгсийг түүнд хэлээгүйнхээ төлөө өөртөө талархдаг юм. Сайн найзууд жижигхэн асуудлаас болж маргалдахдаа, тэр л өдөр гомдоосон жижигхэн шалтгаас илүүтэй, өмнө нь чамд гаргаж байсан сайхан сэтгэлүүдийг заавал дурс. Зүгээр л түүний төлөө найзыгаа бас дотно хүмүүсийг уучилж сур. Уул шиг харагдаж буй хар бухимдлыг туулай шиг цагаан дурсамж гүйцдэг юм. Дараа нь хүн болгоныг үзэн ядахын оронд сайн найзтайгаа эвлэрээд гараасаа атгалцан инээж алх. Зүгээр л хүмүүсийн тэнэглэлийг тайван хүлээж авч ”Тэнэг мунхаг хүмүүстэй тэрсэлдэж маргалдаад хэрэггүй дээ” гэж өөртөө хэлэн тайвширч бай. Чамайг муулсан хүмүүсийн бахыг ханган, муу явахын оронд эелдэгээр инээмсэглээд өөрийнхөөрөө бай. ”Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” жамтай. Чиний хэн болохыг, бас хэн байсныг тэд биш цаг хугацаа л шүүдэг юм шүү дээ.
”САЛШГҮЙ САЙН ХҮНДЭЭ МАРТАШГҮЙ МУУ ҮГ БҮҮ ХЭЛЖ БАЙ” Зүгээр л бүх зүйлд уужуу тайван ханд. Муу хүмүүсийн мунхаг үйлдлийн өмнөөс эелдэг сайхнаар инээмсэглэж бай. Тэд яаж ч чаддаггүй юм. Хэрэлдэж маргалдан хэл амаа билүүдэх аваас хэзээ ч чи ялагч болж чаддаггүйг бүү март. Маргалдаж хэрэлдэхэд ялагч хэзээ ч байдаггүй юм даа. Чиний бас тэр хүний сэтгэл л хиртдэг юм. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-03-15
-
2017 оны 3 сарын 15
...Бас хүний баримжаа авч, хор найруулахаас өөр ямарч хэрэггүй АТГ-ийн тодорхойлолт шиг коммунизмаас үлдсэн өв гэмээр бичиг нэхэж, Туваанд очиж намын гишүүн мөн үү бус уу, хаанаа өрсөлдөх гэж байна гэсэн хөгийн тодорхойлолт нэхэж бүртгэж байгаа чинь олон гишүүдийн хар сэдрээж, шал дургүй хүргэж байна...
-
2017 оны 3 сарын 13
«Дияан» гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. «Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади» хэмээн зургадугаар багш Хүйнөнгийн үгээр би хариулж байсан санагдана.
Дияан нь бүр эрт Бурхан багшийн замбуулинд заларч байх үеэс эхтэй гэсэн нэгэн домог байдаг. Түүнд өгүүлснээр нэгэн өдөр Эсрүн тэнгэр Тас цогцлосон уулнаа залран буй Бурхан багшид алтан өнгөт тэнгэрийн цэцгийг өргөн барьж хамаг амьтны тусын тулд ном айлдахыг гуйжээ.
Бурхан багш Эсрүн тэнгэрийн хүсэлтийг болгоож алтан өнгөт цэцгийг нүүрний өмнө нааш цааш хөдөлгөн, эрдэнийн суурин дээрээ үг дуугүй сууж гэнэ.
Хуран чуулсан тоо томшгүй хүн тэнгэрүүд бүгд Бурхан багшийн санааг ойлголгүй байтал гагц түүний арван том шавь нарын дотроос хатуужил явдлаар тэргүүн хэмээн гайхагддаг Маха Гашиб инээвхийлэхийг үзжээ.
Бурхан багш түүнийг үзээд ихэд баясалтайгаар “Миний харцанд нирвааны яруу зүрхэнг илтгэх Богдсын ном агуулагдаж байгаа нь бодит бэлгэс үгүй тул энэ гүн нарийн арга номыг үсэг бичигт үл тэмдэглэн, өөрийн шажин нэгтнээс бус өрөөл бусдад бүү уламжлагтун хэмээн зарлиг болоод Маха Гашибад өвлүүлж байна.” хэмээн зарлажээ.
Иймд Маха Гашибыг дияаны урсгалын анхны их багш хэмээн тооцдог юм. Түүнээс хойш олон он жил улиран өнгөрч хорин наймдахь үеийн их багш Боди Дарма гэгээнтэн энэ нандин аргыг Хятад нутагт улаачлан авчирч Хө Нань мужийн Сун Шань уулнаа Шао Линь хийдийг анх үүсгэсэн түүхтэй. Бурхан багшийн бадар аяга, жанчийг Бодь Дарма гэгээнтэнгээс өвлөн авсан зургаан үеийн их багш нар тодорсны нэг нь дээр их нэрийг нь дурдсан Хүйнөн гэгээнтэн бөлгөө.
Манай эриний 7 дугаар зууны дунд үеэр амьдарч асан Хүйнөн гэгээнтэн бас л манай Чингис хаан лугаа адил бичиг үсэггүй хүмүүн атал гэгээрлийг олсон нь бас л нэг гайхамшиг юм. «Богдсын ном цагаан лянхуа» судрыг арван мянган удаа уншиж бясалгасан нэгэн хүн зарим ухаж ойлгоход бэрхтэй утгасыг Хүйнөн гэгээнтэнгээс асуухад ганц сонсохын зуур тодорхойёо тайлан номлодог байжээ. Цаад номын хүмүүн ихэд гайхаад «Та бичиг үсэг мэдэхгүй хэр нь яагаад энэ гүн нарийн номыг ганц сонсохын төдийхөнд төвөггүй ойлгож байна вэ?» хэмээн асууна биз дээ? Түүний хариуд «Тэргүүлшгүйгээс нааш сансар хорвоод түгээмэл оршсоор ирсэн ертөнцийн үнэний тухай Бурханы номонд хүмүүний зохиосон эрдэм болох бичиг үсэг гээч зүйл хавьташгүй юм» хэмээн айлдсан байдаг. Хүйнөн гэгээнтэн нь Бурхан багш, Йисус Христ, Мухаммед, Сократ, Аристотель, Күнз, Лаозы. . .нарын хамт хүн төрөлхтний түүхэнд тодрон гарсан арван суут сэтгэгчдийн нэг хэмээн тооцогддог болохыг энэ дашрамд өгүүлсү. Түүний айлдсан «Мандал судар» болвоос зүүн Хятад зэрэг Зүүн Ази даяар 2000 шахам жил дэлгэрэн хөгжих явцад цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн судар хэмээн тооцогддог учраас хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Буддын шашинтангууд түүнийг Хятад нутгаас ёс төртэй хүлээн авч Тансан ламын замнаж ирсэн Торгоны зам дагуу явсаар Энэтхэг орноо залан аваачсан тухай мэдээг зарим уншигчид гадаадын хэвлэл дээрээс уншиж байсан буй за.
Фэйсийн анд Сараа дүү минь надаас та бясалгал хийдэг үү хэмээн асуусны хариуд би урьд амласан ёсоор дияаны нэгэн домгийг ярьж өгвөөс тэр нь миний бясалгалын талаарх ойлголтыг ямар нэгэн хэмжээгээр илтгэх болов уу хэмээн бодож байна.
Хүйнөн гэгээнтэн лүгээ нэг цаг үед амьдарч асан Во Лүнь буюу монголчилбол «Хэвтээ хүрд» нэрт нэгэн дияанч нэлээд олон жилийн турш бясалгал бүтээлд шамдсаны эцэст гэгээрэлд хүрчих шиг санагджээ. Тэгээд өөрийн эрдэм чадлыг Хүйнөн багш лугаа тэнсэхээр шийдээд өөрийн зохиосон нэгэн шүлэглэлийг их багшийн сүмийн үүдэнд наасан аж. Түүний утгыг сийрүүлбээс:
«Хэвтээ хүрд надад уран арга буй нь
Хэрэгтэй хэрэггүй бодлыг таслаж чадмуй
Үзэгдэх мэдрэгдэх оронд сэтгэл хөдлөхгүй
Үргэлж бодь сэтгэл минь нэмэгдмүй» гэсэн байжээ.
Өнөө хэр бодит амьдралын явцад цөөнгүй хүмүүс бясалгалыг ийм л түвшинд ойлгож хэрэгжүүлэхээр төөрөлдөж байдаг бус уу? Харин тэр шүлэглэлийг үзээд Хүйнөн багш шавь нартаа хандан “Во Лүнь дияанч Богдсын номын чинад утгасыг онож ухаараагүй ажгуу. Хэрвээ түүний айлдсан энэ аргаар бясалгах бөгөөс үхсэн хүнээс өөрц юу байх билээ? Үзэгдэх мэдрэгдэх орон ахуйд сэтгэл хөдлөхгүй гэвэл амьгүй мод чулуу зэрэг зүйлс л тийм байдаг байх даа. Тийм эрдмээр хамаг амьтанг яахин зовлонгоос гэтэлгэж чадах билээ?” хэмээн зарлиг болоход шавь нар нь багшийн тааллыг ухан ойлгожээ.
Хүйнөн багш тэр даруй Во Лүнь дияанчид зориулан хариу нэгэн шүлэглэлийг айлдсан нь дорхи мэт болой:
«Хэрэгтэй хэрэггүй бодлыг таслах арга
Хэрмэл дияанч надад угаас үгүй
Үзэгдэж мэдрэгдэх оронд сэтгэл хөдлөмүй
Үргэлж бодь сэтгэл нэмэгдэх гэж юусан билээ?» гэсэн утгатай аж.
Олон шавь нар нь харин энэ шүлэглэлийн утгыг ойлгосонгүй. Арга ч үгүй шүү дээ. Бидний дунд олон хүмүүс бясалгалын талаар төсөөлдөг үндсэн ойлгоцоос бараг эсрэг шахам зүйлсийг номлосон юм чинь. Хүйнөн багш шавь нартаа хандаж ийн айлдаруун: “Тодорхой нэг арга бий гэвэл түүнд автаж баримтлаад сэтгэлийн мөн чанараас гажсан хэрэг болно. Хэрвээ тэгвэл нөгөөх «Арга номонд түйднэ» гээч болох бус уу? Элдэв бодлыг ор мөргүй таслана гээд үндсэн зорилгоо болгочихвол дээр өгүүлсэнчлэн мод чулуунаас өөрц юу байх билээ дээ? Бодол бол байгалиас заягдмал сэтгэхүйн үзэгдэл учраас байж л байг. Тийм болохоор би үзэгдэж мэдрэгдэх гадаад орны дунд сэтгэл хөдлөмүй гэсэн хэрэг. ХАРИН МИНИЙ БУСАД ХҮМҮҮСЭЭС ГОЛ ЯЛГАРАХ ОНЦЛОГ ГЭВЭЛ ТЭРХҮҮ ҮЗЭГДЭЖ МЭДРЭГДЭЭД БАЙГАА ГАДААД ОРНЫ ҮЗЭГДЭЛ ЮМСАД СЭТГЭЛ МААНЬ АВТАЖ БАРИМТЛААД БАЙДАГГҮЙД ОРШМУЙ. Өөрөөр хэлбэл элдэв бодол үүсэх үндсийг нь таслаад байна гэсэн үг. Бодь сэтгэл хэмээгч нь үүсэхгүй, устахгүй, нэмэгдэхгүй хасагдахгүй атгаггүй, автах баримтлах зүйл үгүй, би үгүй, нисваанисаас ангид орших сэтгэлийн мөн чанар буюу Бурханы таалал болой. Тийм болохоор Во Лүньгийн өгүүлсэн үргэлж нэмэгдэнэ гэж юу байх билээ гэдэг санааг би онцлосон хэрэг.” хэмээн айлдсан гэдэг.
Та бүхэн ороо бусгаа нийгмийн түмэн үзэгдлээс ангид нам сэлүүн орчинд ном унших, гадаад хэл үзэх зэрэг ашиг тустай зүйлийг хийгээд үз. Ер нь нэг үгээр хэлбэл өөрийгөө олчихоод түүний дагуу л зөв сайхан амьдраад бай гэсэн үг. Түүнийгээ байнгын хэвшил болгоод дадуулчихвал хэзээ нэгэн өдөр Хүйнөн гэгээнтэнгийн зарлиг болсон арга номын чанад утга юу болох нь орой руу чинь ороод ирж мэдэх юм шүү. Хүйнөн гэгээнтэн лүгээ ойролцоо цаг үед амьдарч асан Ловон Бадамжунай гэгээнтэн өдөр тутмын амьдралын дунд бясалгал дияаны үйлнээ шамдахын чухлыг бас онцлосон байдгийг АМЬДРАЛЫН БЯСАЛГАЛ хэмээн нэрийдэх нь буй.