ФҮКҮЗАВА ЮКИЧИГИЙН “ХҮЧТЭЙ ЯПОН БАЙГУУЛАХ ТӨСӨЛ БА ХАРЬ ОРНЫГ ТАХИН ШҮТЭХЭЭ БОЛЬЦГООЁ” НОМЛОЛЫН МОНГОЛ ХУВИЛБАР ХЭРЭГТЭЙ БАЙНА
Монголын өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, оюун ухааны хөгжил, амьдрах арчаа, бие даах чадвар үнэхээр доод шатандаа байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
100 жилийн өмнө монголчууд бүгд биеээ дааж амьдрах чадвартай байж, төр засаг ямарч хууль, журам гаргаж, бодлого барьсан ч тэдний амьдрах хэв маягт төдийлөн нөлөөлж чадаагүй.
Дараагийн төрийн байгууламж, оюун санаа,боловсрол, мэргэжилд ахиц гарсан ч хувь хүний амьдрал, эрх чөлөөт байдал тэр чигээрээ төр засгаас хамааралтай байсан.
Өнөөдөр бидэнд юу шаардагдаж байна гэвэл оюун санааны хувьсгал хийх л асуудал туйлын чухал болсон. Аливаа улс гүрний тусгаар тогтнолын амин чухал тэнцвэр, баланс нь бодитой ба хийсвэр хоёр ухагдахуун дээр тогтдогийг агуу сэтгэгчид, агуу гүрнүүд олж харсан байдаг.
Тэр бол ЭДИЙН ЗАСАГ БА НИЙГМИЙН ОЮУН САНААНЫ ТӨЛӨВШИЛ гэсэн хоёр ухагдахуун.
Өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн япон хүний, япон улсын нийгмийн ухамсарын давуу тал, тэдний бусдаас ялгарах хосгүй хүмүүжил, санаачлага, хувь хүний бие даан амьдрах тэмцэл, ямар ч шинэ бүтээл, патент, ноу-хау нэвтрүүлэхдээ өөрийн үндэсний соёл,онцлог, давуу чанраа шингээж, дэлхийд хуучин танилыг нь цоо шинэ бүтээл болгон харуулж чадах чадвар дахиад өөр хос үгүй байгаадаа л гайхамшиг нь байдаг.
Энэ гайхамшиг яагаад бий болов, юу ийм болгов, хэн ийм замруу түлхэв.
Тэд 100 гаруй жилийн өмнө яг өнөөгийн монгол шиг барууныг сохроор шүтдэг, тэднийг сармагчлан дууриадаг, оюутан сургасан ч харьд түлхүү сургаж, дотооддоо барууны багш урьдаг, өөрийгөө барууныхнаас доор гэж хүлээн зөвшөөрдөг байжээ.
Гэтэл сүүлийн 100 гаруй жилд энэ улсын иргэд огцом өөрчдөгдөж, омог бардам, толгой гэдгэр, хувь хүн өөрийгөө авч явах чадвар нь нийгмийнхээ хууль журамтай нэг хүн шиг болтол нийцүүлсэн үй олон чадвартай хүний нийгэм байгуулж, түүгээрээ улсын тусгаар тогтнолыг яаж бүрэн баталгаажуулж чадав аа.
Япон хүчирхэгжиж, ийм сахилга баттай нийгэм байгуулхаасаа өмнө манайх шиг эдийн засгаа бусдаас хуулбарлан, тодорхой хэмжээгээр урагш ахиж, баян хоосноороо ялгаран хурдан өөрчлөгдөж чадсан ч хувь хүн эрх чөлөөний мэдрэмж, оюун ухааны хөгжил, боловсрол, өөрийгөө даах чадвар хоцрогдсоныг олж хараад ОЮУН САНААНЫ, НИЙГМИЙН УХАМСАРЫН хувьсгал хийхээр соён гэгээрүүлэх алхам санаачлан,түүнийг удаан хугацааны турш, аажим боловч хэлбэрэлтгүй тууштай, төрийн бодлогодоо шингээж явсаар, одоо ч төгөлдөршүүлсээр байгаад бүх учир нь оршиж байдаг ажгуу.
Тэр бодлого нь өөрийн гэсэн сэтгэгчтэй, соён гэгээрүүлэх арга зааж өгсөн багштай байжээ. Тэр хүний тухай товчхон, түүний номнолын товч санааг хүргэе гэж бодлоо.
Япон хүмүүсийн оюун санааны өөрчлөлтийг санаачлагч, соён гэгээрүүлэгч нь 1835-1901 оны хооронд амьдарч байсан Фүкүзава Юкичи багш ажээ.
Тэр сүүлчийн шогун Токүгавагийн үе хүртэл үргэлжилсэн дээрэнгүй залхай, ялзарсан засаглалтай, хүн ам нь буурай дорой, номхон хүлцэнгүй нийгэмд Мейжигийн эрин эхэлж феодалын нийгмийг бүрэн шинэчилж хөрөнгөт нийгэм байгуулах процесс эдийн засгийн хувьд маш түргэн өрнөсөн, тийм цагт бид шиг хоёр нийгэм дамжин амьдарч үзсэн хүн.
Тэрээр нийгмийн нөхцөл байдал, нийгмийн суурь болох иргэдийн сэтгэлгээ, төрийн бодлого, үйл ажиллагааны ялгааг задлан шинжлээд, өөрийн оюун дүгнэлтээ гаргаж, хойч үеэ илүү гэгээлэг, оюунлаг, сэтгэлгээний хувьд дэвшсэн байх учиртай гэж үзэн, илүү “гэгээлэг” ирээдүйг бий болгоход оюун санааны хувьд тус болохуйц нэрт бүтээл “ЭРДМИЙГ ЭРХЛЭХ УХААН” –аа 130 жилийн өмнө туурвиж, японы нийгмийг байлдан дагуулжээ.
Уг бүтээлийн үзэл санаа, уриалга нь “Хүчтэй япон улс байгуулах төсөл буюу харь орныг тахин шүтэхээ больцгооё” гэсэн үгэнд багтсан байна.
Уг ном маш өргөн хүрээг хамарч хувь хүний эрх чөлөөний үндэс, эрх чөлөөний зарчим, улс төр, эдийн засгийн харилцаа, хувь хүний болоод нийгмийн ёс суртахуун, хүмүүс хоорондын харилцаа гэх мэт хувь хүний хөгжил, үүнээс улбаалах улс үндэстний хөгжилд чухал үүрэгтэй олон сэдвийг хөндсөн байдаг.
Түүний дотор гол болгосон суурь зарчим нь:
• Хувь хүнийг дээдлэх үзэл
• Хувь хүний өөрөө өөрийгөө аваад явчих “арчаа”
• Төр засаг – иргэдийн харилцаа,
• Захиргаадах – дангаар ноёрхох үзлийн гай гамшиг,
• Амьдралд хэрэг болох эрдэм мэдлэгийн чухал болох нь
• Материаллаг эд зүйлсхэн төдийгөөр өөртөө сэтгэл ханах ёстой эсэх,
• Жендерийн буюу хүйсийн тэгш байдал
• Хуулийг дээдлэх нь ардчилсан нийгэм бүрэлдэн тогтохын үндэс суурь болох
• Иргэний оролцоо үүнээс улбаалах төр засаг дахь иргэний хяналт,
• Хүний сайн зан чанрын эрхэмсэг байдал, эрхэмсэг оршихуй зэрэгт багтаасан байдаг.
Хамгийн түрүүнд дампуурсан БОЛОВСРОЛЫН системийг бульдозердаж, тухайн нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг, зоримог шинэчлэгчийн гарт өгөх хэрэгтэй байна.
Тэгвэл Монгол улс ирээдүйн хөгжингүй, өв тэгш, тэргүүн бардам, эрхэмсэг оршихуйтай, оюун ухааны элитүүд нь нийгмээ чирч түрж явдаг, бөөр нь бөгсөндөө цэр нь цээжиндээ байх тийм нийгэм байгуулах амин сүнс нь ОЮУН САНААНЫ, НИЙГМИЙН СЭТГЭХҮЙ, ХӨГЖИЛ,ТӨЛӨВШИЛ, ДЭЭД ИРГЭНШИЛД тэмүүлэх хувьсгалын ТУНХАГЛАЛЫГ Ф.Юкичигийнх шиг номлолыг гарган төрийн бодлогодоо шингээж өгөх цаг болсон.
Хамгийн түрүүнд дампуурсан БОЛОВСРОЛЫН системийг бульдозердаж, тухайн нийгмийн хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг, зоримог шинэчлэгчийн гарт өгөх хэрэгтэй байна.
Олон оронд зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх системийг төрийн дээд бодлого болгосноор суурь нь тавигдана. Ямарч улсын тусгаар тогтнол бие даасан, өөрийг авч явах чадвартай, мэргэжлийн хэргийн мастер болсон иргэнтэй нийгмийн цогц бүтээхэд байдгийг дэлхийн 300 гаруй улсад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тус бүрийн дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг ганц улс байгуулсан Япон харуулж чадсан.
Өнөөгийн боловсролын системээ эргэж харцгаая. 80 гаруй дээд сургуулийн бараг 80% -нь гуминитарь-хүмүүнлэг гэх чиглэлээр сургадаг боловч хүмүүнлэг, иргэншсэн,соёлжсон оюутан бараг алга. Бүгд сертификатын гол болж, ажил голсон ажилгүйчүүдийн нийгэмд шууд очиж байна. Охид л даруу тулдаа үйлчилгээнд ажиллаж байна. Эрчүүд бүгд төрийн албанд санаархаж, компанийн захирал болох их санаа өвөрлөж төгсөнө.
Монголын маш олон хуулийн дээд сургуулиуд үүсгэн байгуулагчийнхаа үзэл санаа нэвт шингэсэн сургалтын программтай, халтуурчин,улсын сургуулийн гологдол голдуу багш нартай.
Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Ням-Осор нарын сургууль өөрийнх нь үзэл бодол, Выщинскийн хуулийн скүүлийн тусгал болсон, ямарч шинэчилэл, нутагшуулсан, уламжлуулсан зүйлгүй кофи паст болсон сурах бичигтэй байж, нийгмийг тэр чигээр нь гэмт хэргийн үүр болгон хараар будаж, шоронжуулах хүсэлтэй хэдэн мянган баклаврын диплом мөнгөөр өгч, тэд олноороо хууль хяналтын байгууллагыг томруулах, хүрээг нь тэлэх эрмэлзэлтэй, тэр ч хүслээр нь нөгөө үүсгэн байгуулагчид нь хууль тогтоох байгууллагын өндөр дээрээс төсвөөр угжуулж, хүнд хүнд хар бараан барилгууд босгож, 3 сая хүнд байж болох гэмт хэрэгтний тооноос давсан цагдаа, прокурор, шүүгчтэй улс болголоо.
Тэд АТГ шиг мөрдөн шалгах газрууд байгуулж, аль болох олон хүнийг шалгаж,их ажил хийх уралдаан зарлаж, нийгмийг айдаст умбуулж, төрийн бус,иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж, матаач-бөгс ухагчдын бүтэн арми төрүүлж, түүнийг шалгасан, ажил хийсэн болж, цалин зэрэг дэв ахидаг МАНГАС тогтолцоотой болсон нь эгэл бидний нүдэн дээр харагдаж байна. Энэ бол ганц жишээ.
Монголд үсрээд 20 их дээд сургууль, хуулийн ганц нэг сургууль байхад хангалттай. Гэхдээ тэр сургуулиуд аль хэвшил байхаас үл хамааран асар өндөр шаардлагатай, өндөр цалинтай,төрийн онцгой халамж, хамгаалалт шаардлагатай баймаар.
МАН Боловсрол,соёл ,шинжлэх ухааны сайдаараа хамгийн хүчтэй лидерээ тавиасай. Батсуурь шиг ПДС-д багшилж чадалгүй хөөгдсөн, нутгаа сорон мөлжиж нэр хүндгүй болсон, Н.Энхбаярынхаар “бөгс долоогч” сайдтайгаар энэ систем царцаж хөлдөх нь мэдээж.
Тэр сургуулиуд нь мэргэжлийн хэрэгтээ мастерийн хэмжээнд төгсдөг, тэр нь монгол хүний оюун санааны үнлэмж, соёл, иргэншлийн, ёсзүй этикийн хичээлийг программд нь оруулж, тангад ном болтол цээжилүүлж, түүнийгээ хэвшил болтол мөрддөг хүмүүс бэлдэх бодлого шингээгээсэй.
Өвөл би ШУТИС-ийн өргөтгөлийн хаалгаар ороход довжоон дээр хаясан нус шүлсэндээ каток болсныг хараад харамсаж явлаа. Энэ сургуулийн оютнуудад юу дутаж байна. Нөгөө номлол чинь алга. ШУТИС хүчтэй сургууль хэд хэдэн камер зоогоод хог, шүлсээ хаягчдыг сүлжээндээ тавьж, ичтэл нь гэмштэл нь, охидын нүүр харж чадахгүй болтол нь засч болно, торгож болно. Соц-ийн үеийн СОЁЛЫН ДОВТОЛГООНЫ “сайхан өв” бидэнд бий шүү дээ.
Ийм л учраас монголын өөрийн “ЭРДМИЙГ ЭРХЛЭХ УХААН” номлолыг бий болгох хэрэгтэй. Ийм л учраас төр засаг барьж байгаа МАН Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдаараа хамгийн хүчтэй лидерээ тавиасай. Батсуурь шиг ПДС-д багшилж чадалгүй хөөгдсөн, нутгаа сорон мөлжиж нэр хүндгүй болсон, Н.Энхбаярынхаар “бөгс долоогч” сайдтайгаар энэ систем царцаж хөлдөх нь мэдээж.
Үүнийг хийж чадсан цагт ЭРХЭМСЭГ МОНГОЛ иргэнтэй ТУСГААР МОНГОЛ улс мөнхөд орших болно.
Дээрх номыг хууль тогтоогчид уншаасай, ядаж нэг удаа заавал уншигтун. Үгүй бол зай болоод өгөөсэй.
Инженер Со
Сэтгэгдэл (4)