Жил бүр Даост болдог дэлхийн эдийн засгийн чуулганы тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг Германы бизнесмэн, Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб 1971 онд анх санаачлан, үүсгэн байгуулсан байна.
2. 1971 оноос хойш жил бүр Швейцарийн зүүн хэсгийн Альпийн нурууны бүсэд орших Даос хотод зохиогддог уламжлалтай болжээ.
3. Уг чуулга уулзалт нь хамгийн анх “Европын эдийн засгийн менежментийн форум” сэдвээр зохион байгуулагдаж байв.
4. 1987 онд “Дэлхийн эдийн засгийн форум” болон өөрчлөгдөж, улс, төр, цэрэг, эдийн засаг, хоёрдмол талтай бүс нутгийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг болсон байна.
5. Дэлхийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр орон орны удирдагчид, улс үндэстэн дамнасан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг корпорациуд, нөлөө бүхий компанийн төлөөлөгчид Давост уригдаж очин ширээ тойрон суудгаараа Давосын чуулганы агуулга тодорхойлогддог.
6. Тэд Давосын чуулганы ач холбогдлыг дэлхийн улс төр, бизнесийнхний албан бус байдалд уулзах нэг том боломж олгодог цорын ганц том форум гэдгээр ч санал нэгтэйгээр тайлбарладаг байна.
7. Энэ жилийн 44 дэхь удаагийн чуулга уулзалтанд дэлхийн улс орнуудын удирдагчид болон бизнесийн салбарын манлайлагчид зэрэг 2500 орчим төлөөлөгч дөрвөн өдрийн турш чуулахаар өчигдөр уулзалтаа эхлүүллээ.
8. Энэ жил “Нийгэм, улс төр эдийн засгийн хүрээнд дэлхийг шинэчлэх нь” гэдэг сэдвийн хүрээнд чуулж байна. 2013 оны хямралаас хэрхэн гарах нь энэ оны уулзалтын гол сэдэв аж. Мөн Сирийн асуудлыг голлон авч хэлэлцэх юм байна.
9. Энэ удаагийн чуулга уулзалтын хүрээнд “Их 20” гэж нэрлэгдсэн том гүрнүүдийг тойрсон эдийн засгийн асуудал, “БРИКС”-ийн орнуудын гүйцэтгэж буй үүрэг болон дэлхий нийтийн асуудал болоод буй цаг уурын өөрчлөлт, эрчим хүч, ундны усны хомсдол, глобал хөгжлийн хэтийн төлөв, үр дагавар, дэлхийн хүн амын өсөлт, залуучуудын дундах ажилгүйдэл зэрэг олон чухал асуудалд шийдэл эрэлхийлэх аж.
10. Хойд Африк, Ойрхи-Дорнодын улстөр, нийгмийн хурцадмал асуудлыг ч орхигдуулахгүй бөгөөд эдийн засгийг тойрсон татварын хямрал, баян, ядуугийн ялгаа нэмэгдэж буй байдал зэрэгт оролцогчид албан ба чөлөөт байдлаар өөрсдийн санаа бодлоо солилцох гэнэ.
11. Давосын чуулганд манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тав дахь удаагаа оролцож байна.
12. Манай төлөөлөгчид энэ жил уур амьсгалын өөрчлөлт, ус, уул уурхай, авлигын эсрэг түншлэл, ухаалаг төрийн асуудлаарх хуралдаан, арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг танилцуулна.
13. Форумын үеэр хуралдаж, чуулахаас гадна оролцогчдын дунд урлаг соёл, спортын арга хэмжээ ч зохион байгуулагддаг. Энэ жил соёлын арга хэмжээний хүрээнд “Ганнам стайл”-ын дуучин “PSY” хит уран бүтээлээрээ оролцогчдыг хөгжөөх бол спортын арга хэмжээнд цанаар гулгах, хоккей тоглох зэрэг багтжээ.
14. Тус уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд уулзалтын төслийн баг тэр жилдээ нэг орныг сонгон авч төсөл хэрэгжүүлдэг уламжлалтай.
15. Өмнөх онд Давосын эдийн засгийн чуулганы төслийн баг манай улсыг сонгон авч Монгол Улсыг 2040 он хүртэл хэрхэн хөгжүүлж болох вэ гэх стратегийн төсөл боловсруулжээ.
16. Энэ төслийн үр дүнд манай улс эдийн засаг, нийгэм улс, төрийн загвартай бие даасан орон болохоо олон улсад харуулах боломжтой болсон байна.
17. Манай улс тус байгууллагатай нэлээд дотно хамтран ажиллах болсон. Хоёр талын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт маргааш гарын үсэг зурах аж.
18. Энэ жилийн анхаарал татмаар зочдоор Microsoft-ийг үндэслэгч буюу одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хандивын санг удирдаж буй Билл ба Мелинда Гейтс гэр бүлээрээ, ХБНГУ-ын Канцлер А.Меркель, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зэрэг нэр алдраа дуурсгасан лидерүүд иржээ.
19. Улс төр, эдийн засгийн топууд цугларсан энэ газарт нэгэн бодлын ярихаасаа үзэгдэх нь чухал гэлтэй. Тиймээс өөрийгөө топ-д тооцсон бүх хүмүүс ийшээ зүглэдэг гэдэг.
20. Чуулганд оролцох нэг хүний оролцох зардал дор хаяж 71000 америк доллараас эхэлдэг байна.
21. Бизнесийн бүлгийнхний ангилал нэг арга хэмжээнд орох бол нэг хүний такс 156000 доллар. Хэрвээ энэ нь багаараа явах бол таван хүнийх нь 527000 доллар гэх мэтээр өсдөг юм байна.
22. Давосын цугларалтыг эсэргүүцэгчид гэж бас бий. Тэд хүч султай ч дуу хоолойгоо гаргасаар л байдаг.
23. Гурван жилийн өмнө Давосын нэгэн том сүмийн орчимд 200 орчим хүнтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байжээ. “Дэлхийн эдийн засгийг шинэчлэе”, “Ярихаа больж, хийхээ хичээ”, “Нэг шийдвэр нэг хувьсгал” гэх мэт үгтэй уриа хашгирсан залуучууд голдуу жагсагчид чанга хөгжим тавиж, өнгөрсөн 40 жилийн түүхэнд Давосд болсон форумууд хэт их мөнгө зарлагадсаныг шүүмжилдэг байна.
24. Рио тинто-гийн босс Том Албанези Давосын зочдын нүдийг булаасан гоё пальтогоор гангарч ирж Давосын хамгийн ганган пальто хэмээн daily telegrap-ийн нүүрэнд гарч байсан байна.
24tsag.mn