Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр “Авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулаад байна” гэдгийг хэлж байв.
Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр урт, дунд болон богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах захирамжийн төслийг боловсруулж байгааг хэллээ.