Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль эхэллээ.
ИТХ-ын энэ удаагийн сонгуульд 2395 тойрогт 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч өрсөлдөж буй. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.
Сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Энэ хугацаанд хаана очиж санал өгөх ёстойгоо ЭНД-ээс харж, санал авах байрны хаяг байршлыг мэдэх боломжтой юм.
Орон нутгийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байна. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгоно.
Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. Гэхдээ мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой юм.
Энэ өдөр бүх нийтээр амарч байгаагийн гол мөн чанар нь сонгогчийг саналаа өгөх боломжоор хангаж буй явдал юм.
Улсын хэмжээнд 18,033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2024.10.10-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу 7500 чиглэлд саналыг нь авч байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 гаруй ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.