Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр /2024.10.08/ Олон улсын Атомын энергийн агентлагаас хэрэгжүүлж буй “Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны салбарт электрон цацрагийн технологи, түүний хэрэглээг дэмжих нь” төслийн шинжээчийн багтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус багт АНУ-ын Эрчим хүчний яамны Радиологийн аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэттью Кескула, Ази номхон далайн бүсийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Мэри Жеон, Номхон далайн баруун хойд үндэсний лаборатори Альтернатив технологийн хөтөлбөрийн менежер Женифер Элстир, Техасын “Эй энд Эм” электрон цацраг судлалын үндэсний төвийн захирал Суреш Пиллай, Олон улсын хөтөлбөрийн удирдагч Оскар Акуна Номхон далайн баруун хойд үндэсний лабораторийн Ахлах цахилгааны инженер Жейкоб Эллис нар багтдаг бөгөөд уулзалтын эхэнд Д.Очирбат манай улсад айлчлал хийж, төслийн хүрээнд “Электрон цацрагийн технологийн хэрэглээ” сургалтыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийллээ.
Олон улсын Атомын энергийн агентлагаас Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2024-2028 онд уг төслийг цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппарат, техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, инноваци хөгжүүлэхээр зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Цөмийн энергийн комисс (ЦЭК)-ийн хамтарсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.
Энэ ажлын хэсгийнхэн төслийн шинжээчдийн багтай хамтран “ЭЛЕКТРОН ЦАЦРАГИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ” сэдэвт үндэсний семинарыг ХААХҮЯ дээр өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулж, хүнс, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүдэд мэдээлэл хүргэжээ.
Уулзалтын үеэр АНУ-ын Эрчим хүчний яамны Радиологийн аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэттью Кескула семинарт эрүүл мэндийн салбарын төрийн болон хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцсонд баяртай байгаагаа дуулгаад, электрон цацрагийн технологийг эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглах талаар товч мэдээлэл өгч, Электрон цацрагийн технологи (e-Beam/X-ray)-ийг ашиглах Шарлагын төв байгуулах ТЭЗҮ боловсруулж байгаа талаараа дуулгалаа.
Манай улс одоогоор эмнэлгийн хэрэгслээ этиленоксидийн хийгээр ариутгаж буй. Гэвч этиленоксид нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг технологи. Тиймээс электрон цацрагийн технологи (e-Beam/X-ray)-ийг эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн ариутгалд ашиглавал зардал хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Учир нь электрон цацрагийн шарлага нь бүтээгдэхүүний бүтцийг эвдэхгүй микроорганизмыг бүрэн устгадаг технологи аж.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат эрүүл мэндийн салбарт эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг ариутгах технологио олон улсын стандартад нийцүүлэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ.
Сэтгэгдэл (1)