Балбын арми энэ жил Эверест болон Гималайн бусад хоёр оргилоос арван нэгэн тонн хог хаягдал, дөрвөн цогцос, нэг араг ясыг буулгаж, цэвэрлэсэн гэж мэдэгдэв. Цэргүүд Эверест, Нупцэ, Лхоцэ уулсаас хог хаягдал, цогцсыг буулгахад 55 хоног зарцуулжээ. Эверестээс тав гаруй тонн хог хаягдал, 200 гаруй цогцос бий гэх тооцоо бий.
Армийнхан дэлхийн хамгийн өндөр хогийн цэг гэгддэг тус уулыг жил бүр цэвэрлэх ажлыг 2019 оноос эхэлсэн. Гэвч хог хаягдлыг цэвэрлэх, цогцсыг буулгах ажил нь дэлхийн хамгийн аюултай ажилд тооцогдоод байна. 2019 оноос хойш 119 тонн хог хаягдал, 14 хүний цогцос, зарим араг ясыг буулгасан гэж армийн мэдээлэв.
Энэ жил эрх баригчид уулчдад хянах төхөөрөмж зүүж, өөрсдөө ялгадсаа буцаан авчрах замаар хог хаягдлыг багасгах бодлого баримталжээ.
Ирээдүйд засгийн газар хог хаягдлыг хянаж, цуглуулах ажилд илүү их мөнгө зарцуулах, уул хамгаалагчдын баг байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Тавдугаар сард дууссан хаврын авиралтын улиралд Засгийн газраас 421 уулчинд зөвшөөрөл олгосон нь өнгөрсөн онд дээд амжилт тогтоосон 478 уулчдаас бага тоо юм. Эдгээр тоонд Балбын хөтөчийг оруулдаггүй болно. Энэ жил нийтдээ 600 гаруй хүн ууланд авирсан гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил 19 уулчин нас барж, сураггүй болсон бол энэ жил найман уулчин нас баржээ.
Л.Сайнаа