Өнгөрсөн жилээс өөрийн эд хавыг гайхуулж, улс, аймагт урамтай барилдаж буй Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь амжилтаараа Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн чансааг тэргүүлж байна.
Тэрбээр өнгөрөгч оны 11 дүгээр сард болсон Монгол улсад авто замын салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, автозамчдын баярт зориулсан барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзийд унаж, үзүүр булаасан.
Мөн ардхан нь болсон Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойд зориулсан барилдаанд мөн хүчит заанд амлуулан унаж, их шөвөгт үлджээ.
Энэ оны нэгдүгээр сард болсон Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит, Баянбулаг сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд нутгийн бөх Аймгийн начин Б.Гончигсүрэнд унаж, үзүүрлэсэн.
Энэ сарын 01-нд болсон "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаанд тэрбээр Улсын заан Б.Бат-Өлзийд унаж, мөн л их шөвөгт шалгарав. Саяхан болсон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит барилдаанд тэр түрүүлсэн.
Эндээс харахад тэрбээр улс, аймгийн цолтны барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзийд л өвдөг шорооддог ажээ.
Л.Сайнаа