Өчигдөр /2024.03.19/ Спортын төв ордонд сонгомол барилдааны мастеруудын дэлхийн аварга, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ, Улсын начин Мөнхбаярын Цанлигийн нэрэмжит сонгомол барилдааны 2024 оны УАШ-ий нээлт болсон. Энэ үеэр бид Улсын начин М.Цанлигтай ярилцсан юм.
Олон жил тасраад байсан сонгомол бөхийн УАШТ-ийг таны нэрэмжит болог зохион байгуулж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-2017 оны сонгомол бөхийн мастеруудын ДАШТ Болгарт болж байлаа. Уг тэмцээнд манай улсаас бүтэн баг оролцож, би сонгомол бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирсан даа. Мөн чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль авсан. Нэлээдгүй тасраад байсан сонгомолын УАШТ-ийг зохион байгуулж байгаадаа туйлын их баяртай байна.
Архангай бол бөхийн өлгий нутаг шүү дээ. Бөхийн амьдрал тань хэдий үеэс эхлэв?
-Дурсах дуртай сайхан дурсамж минь юм даа. Миний анхны багш бол МУГТ Т.Сүхбаатар. Анх 1993 онд түүн дээр бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. 1997 онд би Үндэсний шигшээ багт багтаж байлаа. Тэр цагаас чөлөөт бөхийн өсвөр, залуучууд УАШТ-д оролцож, амжилт минь ч тэр хэрээр дээшилсэн. Олон ч медаль хүртсэн байна.
Тухайн үед та ямар хороонд харьяагдаж байв?
Анх Төмөр замын “Замчин” спорт хорооны “Есөн туг” клубийн тамирчин байлаа. Одоо би их спортоор “Замчин”, үндэсний бөхөөр Архангайн “Бөх билэгт” дэвжээний хүн дээ.
Та Улсын баяр наадамд зодоглоогүй удлаа шүү?
-Тэгсэн. Хамгийн сүүлд 2013 оны наадмаар зодоглож, дөрөв давсан юм байна. Тэр жил нэгийн даваанд залуу бөхөөр давсан. Хоёрын даваанд одоо Аймгийн заан болсон Э.Баасандоржоор, гурвын даваанд Улсын харцага Г.Элбэгийг, дөрвийн даваанд Улсын начин Г.Олзгэрэлийг давсан даа.
Та тэгээд хэнд унасан юм бэ?
Би тэр жил Дархан аварга Г.Өсөхбаярт унасан. Улсын аварга Г.Эрхэмбаяр арслан цолтой түрүүлсэн жил шүү дээ.
Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээгээ одоо үгүйлж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Дүү нартаа зааж, зөвлөхөөс гадна “Бөх билэгт” дэвжээн дээрээ бэлтгэл хийдэг. Бас Мастеруудын холбоондоо бэлтгэл хийж байгаа. Ирэх 10 дугаар сард Хорватад ДАШТ-тэй. Ойрын зорилго гэвэл энэ л байна.
Одоо бас дэлхийн аварга болохын төлөө зорьж байгаа байх. 2017 оны аварга болсон сэтгэгдлээ хуваалцвал?
-Онцгой сайхан сэтгэгдэл байсан. Төрийн дууллаа харийн нутгийн тэнгэр эгшиглүүлнэ гэдэг бол бүхий л хүний хүсэл мөрөөдөл байх. Чадсандаа хангалуун байдаг.
Сонгомол бөхийн УАШТ-ий ач холбогдлыг та юу гэж харж байна?
-Өндөр ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ төрөл 2001 оноос хойш тасарчхаад байсан. Энэ жил дахин шинэчилсэн зохион байгуулалт хийж байна. Манайх бол бөхийн орон. Тэр ч утгаараа олимпын төрөлд багтсан энэ спортыг нутагшуулах, үе шаттайгаар хөгжүүлэх нь нэн тэргүүний ажил байх ёстой.
Сонгомолыг бусад бөхийн спортын өвөг гэдэг шүү дээ?
-Тийм шүү. Ер нь бол Европоос гаралтай. Анхны Европын бөхийн спорт юм л даа. 1896 онд олимпын хөтөлбөрт багтсан түүхтэй.
Тэгвэл энэ төрлөөр манай тамирчид хэр ирээдүйтэй байна вэ?
-Эхлэлийг нь шинээр тавьж байгаа учир ирээдүй гэрэлтэй байгаа. Энэ жил УАШТ зохиож байна. Дараа жилээс өсвөр, залуучуудын УАШТ болгон өргөжүүлнэ.
Та 2005 онд Улсын начин болсон. Тэр үеийг эргэн дурсвал?
-Тэр жил гурав дээр Улсын заан З.Дүвчин намайг авлаж байлаа. 2013 онд Г.Элбэг харцага намайг гурав дээр амлаад унаж байсан. 2005 онд начин болоход мөн л дөрөв дээр учраа таарч, би давсан. Начин цолны даваанд харин Улсын начин Ц.Сумъяабээсийг давсан даа. Хачирхалтай нь зургаагийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр намайг зургаа дээр амлаад хаясан. Яг л 2013 оны наадам шиг. Аварга багштайгаа таарч барилдах сайхан байсан. Тухайн үедээ мэддэггүй юм байна. Эргээд дурсахад сайхан байлаа.
Начин цол сайхан цол. Улсын начин хүний амьдралаар амьдрах ямар вэ?
-Үндэсний бөх бол өв соёл. Энэ нандин зүйлийн нэг хэсэг болж явдагтаа баяртай байдаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)