Хасын Хүлэгүүд баг МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-24 оны улирлын аварга багаар тодорч, алтан медаль болон 500 сая төгрөгийн шагналыг хүртэв. Тэдний хувьд Үндэсний дээд лигийн аваргаар сүүлийн 20 жилийн хугацаанд найман удаа шалгарч, ямар чансаатай баг гэдгээ баталсан юм. Тэгвэл бид та бүхэнд тэдний түүхэн замналаас тоймлон хүргэе.
1. 20 жилийн түүх
Тус баг анх 2004 онд "ХасБанк"-ны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, түүнээс хойш зохион байгуулагдсан уралдаан тэмцээн бүрдээ тогтмол оролцон, тасралтгүй хөгжиж ирсэн Монголын сагсан бөмбөгийн ууган багуудын нэг. Тэд өнгөрсөн 18 жилийн дотор МСБХ-ны дээд лигийн аваргын алтан медалийг найман удаа, мөнгөн медалийг долоон удаа, хүрэл медалийг дөрвөн удаа хүртжээ. Өөрөөр хэлбэл 2006 оноос хойш оролцсон дээд лиг болгондоо медальт байранд шалгарч байсан гэсэн үг. Багийн урт хугацаанд оршин тогтнож, аливаа тэмцээн уралдаанд зөвхөн алтан медалийн төлөө тоглож ирсэн энэ амжилттай "ХасБанк" салшгүй холбогдоно. Тухайн үед тус банк байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байсан ч спортын салбарыг дэмжиж, сагсан бөмбөгийн бүтэн багийг өнөөг Монголын хамгийн шилдэг болтол торниулсн ачтай.
2. Өөрсдийгөө таниулсан нь
2008 онд тэд Үндэсний дээд лигт анх удаа аваргалж байв. Тухайн жил дээд лигийн тоглолт дөрвөн сар үргэлжилж, Хасын хүлгүүд Шаркс багтай аваргын төлөө өрсөлдөөнд үлдэж байлаа. Байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн жилийн турш аваргын төлөө улайран тэмцэж байсан залуучуудаас нэрлэ гэвэл, Н.Золжаргал, А.Рыжков, Д.Бат-Эрдэнэ нарыг нэрлэж болно.
3. Эмэгтэй Хүлгүүд
SBL Хасын Хүлэгүүд клубийн зүгээс эмэгтэй багийн сонгон шалгаруулалтыг 2013 оны есдүгээр сараас эхлүүлж, гол төлөв оюутан залуучуудыг багтаа элсүүлэн дээд лигт сойж эхэлсэн юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан бүсгүйчүүд энэ улиралд “Улаанбаатар Амазонс”-ыг финалын цувралд 4:1-ээр буулган авснаар аваргын алтан медаль хүртэж, цом өргөсөн нь анхны удаа байлаа.
4. Гурвалсан аварга
Хасын хүлгүүд баг энэ жил эрэгтэй, эмэгтэй багаараа Үндэсний дээд лигт аваргалж, мөн Хөгжлийн лигт эрэгтэй багаараа аваргалжээ. Магад энэ амжилт Монголын сагсанбөмбөгийн түүхэн дэх анхных байж мэднэ. МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй финалд учраа таарсан Хасын Хүлэгүүд болон Ондилт багуудын цувралын 4 дэх тоглолтод 78-77 харьцаатай Хасын Хүлэгүүд баг хожил байгуулж цувралыг 3-1 харьцаатай дуусган М Хөгжлийн Лигийн анхны аваргаар болсон юм.
5. "Мушу"
Хүлгүүдийн гол хүч Д.Мөнхтүвшин. Тэрбээр МСБХ-ны Үндэсний Дээд Лигт 2006 оноос хойш тасралтгүй тоглож, хоёр дахь аварга цолоо хүртлээ.
6. Билгүүн=Сэргэлэн
Хасын Хүлгүүд багийн тоглогч Б.Билгүүн. Тэрбээр МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн тав дахь аварга цолоо хүртлээ. Мөн багийн тоглогч О.Сэргэлэн. Тэрбээр МСБХ-ны Үндэсний Дээд Лигт 17 улирал тоглож, тав дахь аварга цолоо хүртлээ. Тэд бол яах аргагүй багийн гол МОТОР нь билээ. Лигийн аваргыг 5 болон түүнээс дээш хүртсэн шилдэгүүдийн эгнээнд Хасын хүлэгүүд багтайгаа 5 удаа аваргын цомыг өргөснөөр Б.Билгүүн, О.Сэргэлэн нар ийнхүү багтлаа.
7. Таеквондочин АЗАА
Үндэсний дээд лигт анхны жилээ тоглож буй “рүүки” тоглогч А.Азбаяр нь 18 настай, 203 см өндөр. Тэрбээр лигийн “Хасын Хүлгүүд” багтай энэ жил ЗУРГААН жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Сагсан бөмбөгийн үнэнч үзэгчид түүнийг хүч түрэн гарч ирж буй чадварлаг хамгаалан тоглогч хэмээн сайшаах болсон юм
Түүний амжилтуудаас дурдвал:
“Хасын Хүлэгүүд” болон “Модун Чононууд” багийн өсвөрийн тамирчин
3х3 U18 шигшээ багийн тамирчин
Зүүн Азийн Залуучуудын наадмын алтан медальт
Таеквондогийн Дэлхийн аваргын 5-р байрны шагналт
Таеквондогийн Залуучуудын аваргын хүрэл медальт
Таеквондогийн Олон Улсын Хэмжээний Мастер чадварлаг тамирчин юм.
Л.Сайнаа