Өнгөрөгч баасан, бямба, ням гаргуудад "Монгол бөхийн өргөө"-нд улс, аймгийн цолтой бөхчүүдийн ГУРВАН барилдаан боллоо. Эхнийх нь Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслахаар зохион байгуулсан“Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан. Удаах нь Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан бол гурав дахь нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан юм.
Эдгээр барилдаануудад бүгдэд нь оролцсон нэгэн сайн эр бол Улсын арслан Ренцэнбямбын Пүрэвдагва билээ. Тэрбээр үеийн бөхчүүдээсээ ганцаархнаа зодоглож, залуучууддаа үлгэр дуурайлал болж, өнгөт ногоон дэвжээндээ эд хаваа гайхуулав.
Эхний өдөр тэрбээр гурав давж, дөрвийн даваанд эд байгаа Цэргийн заан Ө.Батсуурь тахим буулгав. Бямба гарагт зургаа давж, Улсын заан Б.Бат-Өлзийд унан үзүүр булаалаа. Харин ням гарагт тэр тав давж, түрүү бөх Улсын харцага Г.Бадрахад уналаа.
2008 онд Аймгийн арслан цолонд хүрсэн тэрбээр найман жилийн ард Улсын арслан болсон. Эд үедээ эрэмгий явсан арслан маань эдгээр өдрүүдэд үеийн бөхчүүдээсээ өөр гэдгээ харуулсан нь энэ. Тэрбээр 1985 оных. Түүний үеийн бөхчүүдээс нэрлэвэл 1984 онд төрсөн Улсын аварга С.Мөнхбат, 1985 онд төрсөн Улсын аварга Ч.Санжаадамба, 1985 онд төрсөн Улсын гарди Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, 1986 онд төрсөн Улсын арслан Ц.Содномдорж, Ж.Бат-Эрдэнэ, 1984 онд төрсөн Улсын заан Б.Соронзонболд, 1985 онд төрсөн Б.Батмөнх нар юм.
За тэгээд үе үе гарч барилддаг Даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нар ч эдгээр өдрүүдэд үзэгдсэнгүй.
Сайшаалтай нь Улсын заан Б.Пүрэвсайхан эхний өдөр, Б.Батмөнх хоёр дахь өдөр тус тус зодоглосон.
Галбир сайтай, галзуу мэхтэй, ганцхан зүтгэлтэй ийм л бөхийг Монголын ард түмэн дэмждэг гэдгийг үзлээ. Хүч харьж, бяр татарсан байж болох ч төр, түмнээ хүндлэн барилдах нь жинхэнэ ЖУДАГ байлгүй дээ...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)