Өнгөрөгч амралтын өдрүүдэд дотоод, гадаадын спортын ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Хаан
Сагсанбөмбөгийн хаан гэгддэг Леброн Жэймс өнгөрсөн бямба гарагт карьерийнхаа 40 мянга дахь оноог авлаа. Тэрбээр өнгөрсөн онд NBA-ийн түүхэнд оноо авалтаар тэргүүлж байсан бол одоо 40 мянган оноо авсан цор ганц тоглогч болж байна. Өдгөө 39 настай Жэймсийн түүхэн амжилтийг гэвч баг нь ялалтаар мялааж чадсангүй. Энэ шөнө Лос Анжелес Лэйкерс лигийн аварга Денвер Наггетс багт 124:114-өөр хожигдсон юм. Тоглолтын үеэр Леброн Жэймс 26 авсан.
Г. Хишигсайхан олимпын эрхээ өвөртөллөө
Япон улсын Токио хотноо ням гарагт явагдсан " ТОКИО МАРАФОНД" Марафон гүйлтийн Азийн тивийн аварга /ОУХМ/Галбадрахын Хишигсайхан 2:26:32 амжилтаар "Парис-2024" Олимпын наадамд өрсөлдөх эрхийн болзол биелүүлжээ. Марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тэрбээр шагналт наймдугаар байрт шалгарлаа.
Аварга гэдэг аварга л байдаг ажээ
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслахаар зохион байгуулсан “Малчин түмэндээ тусалъя” хандивын Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнгөрөгч баасан гарагь амжилттай сайхан болж өндөрлөлөө. Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Энэ нь О.Хангай аваргын 32 дахь түрүү болсон.
Дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харьяат, Алдар спорт хороо, Булганхангай дэвжээний бөх, аймгийн арслан Н.Намнансүрэн, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Арслангийн энтэй Заан
Өнгөрөгч бямба гарагт Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Өмнөх өдөр нь үзүүр булаасан залуу заан энэ өдөр түрүүлсэн нь энэ.
Дөрөвт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нью План” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол групп, Эй Би Өү групп, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Н.Дашдаваа нар шалгарлаа.
Гэнэтхэн түрүүлчхээд байдаг залуухан харцага
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.
Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Их Дуулгаас ээлжит медальтан мэндэллээ
Узбекстаны нийслэл Ташкент хотноо олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” тэмцээн ням эхэлсэн. Уг тэмцээнд 69 улсын 497 жүдоч хүч сорьж байгаа юм. Тэмцээний эхний өдөр манай улсаас -60 кг-ын жинд МУГТ Э.Ариунболд, ОУХМ Э.Сумьяабазар, -48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, Г. Баасанхүү, 52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам нар хүч үзэв. Тэднээс ОУХМ Л.Сосорбарам хүрэл медаль хүртэж, биднийг баясгав. Хөнгөн жинд хүч үзсэн Г.Наранцэцэг мултарч, Г.Баасанхүү хүрлийн төлөө ялагдал хүлээн шагналт тавдугаар байрт орлоо.
Л.Сайнаа