Тэр яг дөчин нас хүрлээ. Өнөө жил яах бол, улсын цол авчихаасай хэмээн түмэн олон түүнийг наадам болгоноор харж, бас олон жил дэмжсэн. Дэмжсээр ч байна. Олон түмэнд “Гоё” хэмээн алдаршсан аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатар 1983 оны гахай жилд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт орших Хөгнө хан уулын ар хормойд төрж өссөн. Малчин ард Алтангэрэлийн 11 хүүхдийн отгон нь. Том эгч нь түүнийг хүүхэд харуулахаар Орхон аймаг руу авч явсан нь бөх болох хувь тохиол эндээс бүрдсэн гэдэг. Аймгийн арслан М.Пүрэвсүрэнгийн гараас хөтөлж бөхийн мэх заалгаж, өрөхийг хүртэл заалгаж, бөх болох мөрөөдөл нь ийн лавширсан юм.
Багын бөх болох мөрөөдөлтэй, төрсөн ах нь сумын заан тул бөх болно гэсэн чин хүслийг сумынхаа наадамд “Гоодой” хэмээх Дэнзэнжамц заантай барилдаж унасан нь санаанаас нь огт гардаггүй байна. Дурсамжтай сайхан барилдаан гэж тэр хүүрдэг. Маргааш нь шигшээ барилдаанд түрүүлж урам авлаа. Тэр намар цэрэгт татагдаж, угийн нуруулаг түүнийг 032 дугаар анги буюу Хүндэт харуулын ангид хуваариласан байна. Шинэ мянганы анхны наадмын Төрийн есөн хөлт цагаан туг манах хувь тохиосон байна. 2002 онд улсын харцага Д.Сэрээтэрийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийж, “жинхэнэ бөх” болох замдаа орлоо.
Говьсүмбэр аймгийн баяр наадмын тавын даваанд нэг голд төрж өссөн нутгийн ах, улсын начин Ц.Цогтжаргал нь цолны босго алхуулж, шөвгийн дөрөвт улсын арслан Д.Азжаргалд унасан. А.Отгонбаатар арслан анхны цолоо говь нутгаас ингэж хүртлээ. Дараа жил нь Булган нутагтаа түрүүлэхдээ тувт тунасаар байж аймгийн арслан П.Гантөгсөөр найм давж арслан болов. 2008 оны Улсын баяр наадмын торгон ногоон дэвжээнд анх удаа барилдахдаа аймгийн арслан О.Өлзиймөнхөөр хоёр давж, дараа нь улсын начин М.Цанлигийг дархан тонгороогоор гурав давжээ. Дөрвийн оноолт дээр хашир арслан Д.Мөнх-Эрдэнийг арай хийн давлаа. Бөх хүний гар хөгширдэггүй гэдгийг тэр үеэс мэдэрсэн гэдэг.
А.Отгонбаатар арслан тонгорох, хутгах, давуулж гуядах дархан мэхтэй. Тавын даваанд дархан аварга Г.Өсөхбаярын аманд гарч барилдахдаа даанч хайхрамжгүй барилдаж унасан даа. 2009 оны наадмын гурвын даваанд гарди Ж.Бат-Эрдэнэд, 2010 онд дөрвийн даваанд гарди Ө.Бат-Оршиход, 2011 оны наадмын начин цолны даваанд Б.Сангисүрэнтэй тунаж, унасан юм. Тэр наадмын дөрвийн даваанд улсын начин Э.Энхбат агсан элэг бүсээ тайлж өгсөн ч тавын даваанд нутгийн гарди И.Доржсамбуу аваагүй нь сонин. Бөхийн хүрээнийхэн гайхдаг. А.Отгонбаатар арслан цолонд шунасан удаагүй, удмын сангаа зөв сайхан авч явахыг хичээдэг хэмээн хэлсэн удаатай. Нутгийн ах нь амлаагүй тул барилдах идэвхгүй унасан гэж ярьдаг.
Өнгөрсөн жил 39 настайдаа улсын цолны төлөө дахин дайрсан боловч улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан, гэвч түүнийг давсан бөхөөс допинг илэрсэн. Харамсалтай гэхээс өөр үг олдохгүй. “Гоё арслан” маань улс, аймгийн цолтны барилдаанд нэг түрүүлж, аймаг цэргийн цолтны барилдаанд нэг түрүүлсэн бөх. 3-4 үзүүрлэж, их шөвөгт зургаа ч үлдсэн. Түүний санаанаас огт гардаггүй барилдаан гэвэл Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд түрүүлэхдээ олон сайчуудыг цувуулан давсан барилдаан. Тэр хоч шигээ монгол бөхийн түүхэнд тодрон гарсан гоё барилдаантай бөх. Улсын наадамд начин цолны төлөө хамгийн олон удаа гарч барилдсан, бөхийн торгон ногоон дэвжээ хэзээ нэг өдөр ивээж, улсын начин болохын ерөөл өргөе. Тэр улсын цолонд ойрхон бөхийн тоонд олон жил яригдсан. Одоо ч энэ ярианаас гараагүй хүчтэн.
Сэтгэгдэл (4)