Олон улсын “Алтан хальс” холбоо, Монгол-Францын төв хамтран зохион байгуулж буй “Dreamers Day” кино өдөрлөг эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Тус өдөрлөгийн маргаашийн хөтөлбөрөөр Голландын алдарт зураач Винсент ван Гогийн амьдралаас сэдэвлэн 1991 онд бүтээсэн “Ван Гог” киног 16:00 цагт толилуулахаар бэлтгэжээ.
Энэхүү арга хэмжээ нь 2009 оноос хойш зохиогдож буй Монголын анхны арт кино өдөрлөг юм. Өдөрлөгөөс олон орны үе үеийн шилдэг кинонуудыг монгол хадмалтайгаар үзэх боломжтойгоос гадна бямба гараг Нийслэлийн Улаанбаатар Чуулгад гарах юм.
Зохион байгуулагчдын зүгээс дотоодын кино театруудаар гарах боломжгүй арт кинонуудыг сонгон гаргадаг бөгөөд 2014 оноос эхлэн заалны түрээсийг нөхөх үүднээс тасалбарыг үнэтэй болгосон байна. Харин энэ удаагийн “Ван Гог” киноны тасалбар үнэгүй юм. Мөн сонгодог болон арт хаус киног илүү өргөн хүрээнд таниулж, сонирхолтой содон бүтээлүүдийг олны хүртээл болгоход тус өдөрлөгийн үйл ажиллагаа чиглэдэг. Түүнчлэн кино урлагийг ахисан түвшинд сонирхож, судалдаг хүмүүсийг нэгтгэх зорилготой ажээ.
Л.Сайнаа