Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмын шилдэг киногоор “Этгээд” уран сайхны кино шалгарлаа.
Энэ киноны найруулагч Б.Баатар "Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд найруулагчийн анхны гараагаа эхэлсэн уран бүтээл хоёр дахь олон улсын кино наадамдаа маш амжилттай орж, цомын эзэн боллоо. Энэ удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадмаас хос "Хангарьд" цомын эзэн болсондоо баяртай байна.
Би уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн болж бүтэхгүй асуудлыг хөндөж, дугарахыг хичээдэг.
Энэ утгаараа "Этгээд" киноны төрөл хүнд боловч өнөөгийн нийгмийг харуулахыг зорьсон. Өнөөдөр бид өөрийн гэсэн толгойгүй, дагалдан баясагч болсон байна. Энэ нь биднийг юу руу хөтөлж байна вэ гэдгийг өгүүлж буй. Энэ жилийн наадамд олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсэн сайн кинонууд оролцож байна" гэв.
Наадмын уламжлал ёсоор "Хангарьд" монгол киноны уралдааны хэсэгт "Шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг зохиол", "Шилдэг продюсер"-ыг шалгаруулдаг. Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрдэг билээ.
Б.Баатарын найруулсан "Этгээд" уран сайхны кино есдүгээр сард Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал хүртсэн.