"Фантастик продакшн" дөрвөн жилийн дараа эргэн ирсэн нь “Зура: Цурам ажиллагаа” кино байв. Шинэ киноны нээлт, улаан хивсний ёслолын үйл ажиллагаа The Corporate convention center-т боллоо. Киноны нээлтийн үзвэр үзсэн үзэгчид бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа.
Топ модель Б.Цэрэндолгор: Маш гоё. Солонгос кино шиг л байлаа. Би өөрөө тулаантай, эйкшн төрлийн кинонд дуртай. Киноны нээлтэд урьсанд маш их баярлалаа. Хүмүүсээс түрүүлж үзсэндээ их баярлалаа. Хүлээлтээс маш их давлаа. Үнэндээ хэлэх үг алга. Маш мундаг байна.
МУГЖ Г.Золбоот: “Фантастик продакшн”-ы хамт олон Монголын кино урлагт цахиур хагалаад гарч ирсэн. Үзэгчид тэдний киног хүлээдэг, тамгалагдсан продакшн боллоо. Миний хувьд олон уран бүтээлд нь хамтарч ажилласан. Энэ өдөр зам битүү, Corporate задгай хэр нь хүмүүс дүүрэн байна. Хүмүүс ингэж л хүсэн хүлээсэн байна.Маш сайхан байна. Дүү нартаа амжилт хүсье.
“Аглуу” энтертайнментын захирал Л.Баттулга: Сайхан уран бүтээл болсон байна. Манай залуус хийж чадаж байна. Үүнээс ч илүү амжилт хэрэгтэй. Тоглосон бүх уран бүтээлчдэд амжилт хүсье. Кино бүтээхэд оролцсон, урлагийг дэмжиж, ойлгож ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
Энэ дунд нэг жүжигчнийг тодоор хэлмээр байна. Сүхээгийн Ариунбямба гэдэг бол үнэхээр гайхаалтай жүжигчин байна. Түүний тоглосон олон киног харсан.Бүгд өөр, өөр чадварлаг дүрүүдтэй.
Манай уран бүтээлчид маш сайн байна. Гаднаас уригдаж ирсэн Малайзын жүжигчин маш гоё байлаа. Тэднээс дутах юм алга. Бид гадаадын киног үзээд гайхаад байдаг. Гэтэл бид дутахааргүй чанартай уран бүтээлийг хийж чадаж байна шүү дээ. Монголын кино урлагт тив дэлхий, Холливүүдэд ойртож, өмнөх хаалтууд байхгүй болжээ гэдгийг Фантастик продакшн тод тамгаллаа. “Зура 2:Цурам ажиллагаа” лав ойрын гурван сардаа театраас буухгүй байх.
Жүжигчин А.Өнөржаргал: Киногоо үзээд гараад ирлээ. Маш сайхан байна, янзтай. Ойрд ийм адал явдалтай, тусгай ажиллагааг үзээгүй юм байна. Кино үнэхээр таалагдлаа. Дүү нартаа ахин дахин баяр хүргэе.
МУИХ-ын даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр: Фантастик продакшны кино бүр ямар нэг мессеж өгсөн, нийгмийн бодит байдлыг харуулж байдаг. Энэ удаагийн киног зохиол буюу уран сайхны кино гэдгийг тэд онцолж байсан. Сэтгэлд хүрсэн, чимхсэн кино болжээ. Цурам ажиллагааны хүлээлт байсан. Хүлээлтээс давлаа. Фантастик продакшны жүжигчид бид хэд найзууд. Киноны талаар ганц нэгээр нь асууж байсан хэдий ч төсөөлж байснаас илүү байлаа.
Найруулагч, жүжигчин Д.Энхбаяр: Кино маш их таалагдлаа. Фантастик продакшны уран бүтээлчид маань ээлжит гайхалтай уран бүтээлээрээ үзэгчдэдээ бэлэг барьж байна. Техникийн дэвшил, зураг авалт, жүжигчдийн ур чадвар гээд маш олон зүйлийг ахиулсан харагдлаа. Монголын кино урлаг улам хөгжиж дэвшиж байгааг “Зура: Цурам ажиллагаа”-г ирж үзсэн хүмүүс ойлгох байх.
“Цэгцлэгч” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Болд: Кино нээлт, улаан хивсний ёслол маш сайхан боллоо. Энэ цаг үеийн шилдэг, оргил болсон залуусын уран бүтээлийн нээлтэд ирсэндээ таатай байна. “Цурам ажиллагаа” киноны талаар нийгэм даяараа шуурлаа. Тийм ч учраас албаар трейлерийг үзээгүй, ямар ч мэдээлэл авахгүйгээр ирж үзэхийг, шинэ нүдээр харахыг хүссэн.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (11)