“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийг “Фауст”, “Гэм зэм” жүжгээр шуугиан тариад амжсан М.Батболд найруулж байна. Жүжгийн баг хэвлэлийн хурал хийж дараах мэдээллийг өглөө.
Найруулагч М.Батболд: ОХУ-д Театр урлагийн академи төгсөөд ирэхэд МУУГҮЗ Н.Ганхуяг багш маань энэ зохиолыг санал болгож байсан. Зохиолыг уншаад маш их таалагдсан. Нэг асуудал байсан нь гол дүр болох Опалийн дүрд хэн тоглох вэ гэдэг чухал байсан. Энэ дүрд тохирох хүнийг идэвхтэй хайсны эцэст О.Энхтуул эгчийг санасан. Ингээд хамтрахаар болсон. Энэ жүжиг өөрөө жүжигчний тоглолт, ур чадвар, мэдрэмжид тулгуурлаж хийгддэг.
"Орфей" театрын захирал, жүжигчин Т.Ариунчимэг: “Опал” жүжиг нь хүний дотоод гоо сайхан, сайхан сэтгэлийн талаар өгүүлдэг. Энэ удаагийн жүжиг камерын жүжиг буюу богино зайд цөөхөн үзэгчтэйгээр бүтсэн гэдгээрээ онцлогтой. Өнөө цагт дутагдаад байгаа хүний мөн чанар, суурь хүмүүжил, сайхан сэтгэл гэж юу болох, эргээд үүний хүний мөн чанарт юу дутагдаад байгаа вэ гэдгийг энэхүү жүжиг өгүүлнэ. Өмнөх “Гэм зэм” жүжигт ахлах ангийн сурагч, оюутан залуус “iStudent” хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй үнээр жүжиг үзэж байсан бол энэ удаад дахин хэрэгжихээр болсон.
Гол дүрийн жүжигчин О.Энхтуул: Миний хувьд ХБНГУ-д 15 жил амьдарч 13 жил тайзан дээр гараагүй. Эх орондоо ирээд залуу жүжигчидтэйгээ хамт театрын тайзан дээр гарах гэж байгаадаа сэтгэл догдолж байна. Театрын аз жаргал маань эргээд ирж байгаад баяртай байгаа. Би өөрийнхөө дүрд дурласан. “Опал” жүжгийн гол санаа нь бие биеэ үнэн сэтгэлээсээ хайрлах. Хажууд байгаа хэр нь ганцаардуулдаг хүн байна. Тиймээс бие биеэ олж, хайрлаж, амьдралын нандин харилцааг жүжигт тусгасан байгаа.
Гол дүрийн жүжигчин Н.Онон: Миний хувьд театрын урлагаас гарч “Х-Түц” продакшныг байгуулж ажилласнаас хойш театрын жүжигт орж, шинэ хамт олонтой төдийлөн ажиллаагүй юм билээ. Шинэ залуу уран бүтээлчид Монголын театрын урлагт шинэ тавилт, дүр төрхийг авч ирж байгаа найруулагч М.Батболдтой хамтарч ажиллахыг хүссэн. Ингээд зохиолоо уншаад жүжиг маш их таалагдсан.
Гол дүрийн жүжигчин Ц.Төмөрбаатар: Миний хувьд М.Батболд найруулагчтай хоёрдох жүжигтээ хамтран ажиллаж байна. Энэ удаагийн жүжигт эмчийн дүрд нэг үзэгдэл тоглож байгаа. Үзэгчдийн сонирхлыг татахуйцаар энэ дүрийг гаргана. Би энэ дүрдээ дуртай. Хамт ажилласан жүжигчид маань хүртэл миний дүрд дурладаг. Үүнд нь би бардам байгаа. Бардмынхаа ард гарч, үзэгчдийн сонирхлыг татсан дүр бүтээнэ гэж бодож байна.
Жүжгийн гол дүрийг тайз, дэлгэцийн жүжигчин О.Энхтуул алс холын Герман улсаас зорин ирж бүтээж буй гэдгээрээ онцлогтой. Ийнхүү тэрбээр 15 жилийн дараа театрын тайзнаа эргэн ирж байна. Мөн энэхүү жүжигт Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж буй бөгөөд тэд нэгэн тайзан дээр хоршин тоглох нь ээ. Жүжиг "Хүн театр"-т тоглогдох юм байна.
Т.Мөнхжаргал