“Хувьсал” продакшн үүсгэн байгуулагдаад 23 жил болжээ. Он цаг хувисч өөрчлөгдөхийн хэрээр “Хувьсал” хэмээх салхийг Монголын кино урлагч оруулж буй хамт олон бол “Хувьсал” продакшн юм. Тэд хэдхэн хоногийн өмнө дэлгэцийн долоо дахь уран бүтээл болох “Ноён эмэгтэй” УСК-г үзэгчдийн хүртээл болгосон. Ийнхүү уншигч та бүхэнд “Хувьсал” продакшн болон уран бүтээлийн тухай баримт мэдээллийг хүргэе. Мөн “Ноён эмэгтэй” УСК-ны зураг авалтын үеийн зургуудыг хуваалцаж байна.
Баримт 1. Хувьсал продакшн 23 жилийн өмнө буюу 1999 онд байгуулагдаж байв.
Баримт 2. Нэгэн цагт УДЭТ-аар овоглон, хэр чадварлаг жүжигчин болохоо мэдрүүлсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг нь өдгөө “Хувьсал” продакшны ерөнхий захирлаар ажиллаж байна.
Баримт 3. “Хувьсал” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл бол “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” юм. Тус кино 2013 онд үзэгч түмний хүртээл болж байв. Киноны зохиолыг одоогийн “Аримун” продакшны жүжигчин Д.Ганцэцэг бичиж байжээ.
Баримт 4. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК нээлтээ хийсэн 2013 ондоо нийт дэлгэцийн бүтээлүүдээс орлогоороо тэргүүлж байв. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын мэдээлснээр 731 сая төгрөгийн орлого олжээ.
Баримт 5. Тус продакшны хоёр дахь дэлгэцийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” УСК 2014 онд нээлтээ хийсэн бөгөөд зохиолыг А.Ганчимэг бичжээ. Харин найруулагчаар жүжигчин У.Уранчимэг ажиллаж, А.Ганчимэг, Цэцэ нартай хамтран киноны дуугаа дуулж байв.
Баримт 6. Харин 2015 онд “Хувьсал” продакшн “Тооцоогүй тоглоом” УСК өлгийдөн авсан билээ. Уг кино “Хувьсал” продакшны хамгийн үзэлт багатай уран бүтээл байсан гэхэд хилсдэхгүй. Учир гэвэл тухайн үед үзэгч түмэн “тооцоолоогүй зохиолоор, тооцоогүй кино бүтээж, тооцоогүйгээр олонд дэлгэсэн” гэх шүүмжлэл өртөж байсан юм.
Баримт 7. “Тооцоогүй тоглоом” УСК-ны дараа нэгэн тэсрэлт хийж гарч ирсэн бүтээл бол яах аргагүй “Атганд үлдсэн эрдэнэ” УСК. Кино зохиолыг МУГЖ У.Уранчимэг бичсэн билээ. Уг кино 2016 онд нээлтээ хийсэн бөгөөд дуу дүрс, өнгө гэрэлтүүлэг, төхөөрөмж ашиглаж байжээ. Мөн 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино нэр дэвшиж байсан удаатай.
Баримт 8. “Миний нууц” киноны хамгийн анхны сэдэл, санааг найруулагч Г.Цоггэрэл гаргаж байжээ. Энэ кинонд анх удаа “Хувьсал” продакшн найруулагч урьсан юм. Тэрхүү найруулагч бол СТА, найруулагч Д.Галбаяр байлаа.
Баримт 9. Ийнхүү уран бүтээлүүдээ туурвисаар 20 жилийн босгон дээрээ “Тэнгэрээс буусан од” хэмээх хүн бүрийн сэтгэл зүрхийг хөндсөн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгов. Киног үзсэн хүн бүрийн зүрхэнд “Хайр бол зүрхний чанадад орших агуу их уучлал” гэх үг үлдсэн. Энэ киноны зохиолыг “Хувьсал” продакшны залуу уран бүтээлч, зохиолч Г.Бямбасүрэн бичжээ.
Баримт 10. Зохиолч Г.Бямбасүрэн нь саяхан нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” киноны зохиолыг мөн бичжээ.
Баримт 11. “Ноён эмэгтэй” кино 16-н гол дүртэй гэдгээрээ тун онцлог. 16-н эмэгтэй гол дүрийн амьдралаар эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаджээ. Киноны трейлерийг эндээс үзнэ үү.
Баримт 12. Ийнхүү уншигч та бүхэн “Ноён эмэгтэй” киноны зураг авалтын үеийн зургуудаас хуваалцаж байгаа билээ. Зураг авалт Дархан хотод хийгдсэн бөгөөд олны хэсэгт 400-500 хүн оролцуулжээ.
Баримт 13. “Хувьсал” продакшны дараагийн шинэ уран бүтээлийн зураг авалт дууссан бөгөөд 2023 онд үзэгчдийн хүртээл болох юм.