"Хувьсал" продакшны долоо дахь бүтээл болох "Ноён эмэгтэй" уран сайхны кино наймдугаар сарын 26-ны өдөрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. Зохиолч Соргодогийн Жаргалсайханы тэртээ 20 гаруй жилийн өмнөх зохиол ийнхүү дахин амилж дэлгэцийн уран бүтээл болжээ. Харин үзэгчид киноны талаар юу хэлэв?
Э.Ууганбаяр "Урнаа эгчээ та үнэхээр галзуу юм"
Жүжигчин Э.Ууганбаяр “Би энэ кинонд дүн тавихгүй, үзэгчийн үүднээс сэтгэгдлээ хэлмээр байна. “Хувьсал” продакшн хэзээ ч муу бүтээл хийж байгаагүй. Хэлэх гэсэн санаа тодорхой байдаг. Энэ удаагийн “Ноён эмэгтэй” киноны хувьд эмэгтэйчүүдийн эрх хаана ч хөндөгдөхгүй байх ёстой тухай гол агуулгатай байлаа. Киноны хийц, зураглалын хувьд он цагт баригдаагүй сэтгэлийн эрх чөлөөтэй байна. Зарим нэг сценийг онцолмоор байна. Нэмээд хэлэхэд Урнаа эгчээ та үнэхээр галзуу юм аа. Чармай нүцгэн зодолдож байна шүү дээ. Энэ бол зориг, урлагийн хүнд байх ёстой зан чанар. “Хувьсал” продакшны хамт олондоо бүгдэд нь халуун баяр хүргэе.
Жүжигчин Б.Уянга “Хувьсал”-ын уран бүтээлүүд өмнөхөөсөө илүү чанаржиж байдаг. Баяр, бахдал төрж байна. Өөрөө эмэгтэй хүн болоод ч тэр үү шимширч үзлээ. Б.Баярмаагийн хэсэгт мэлмэртлээ уйллаа. Ээж хүн, эмэгтэй хүн болохоор хүүхдүүдээ бодлоо, уйлж үзэж дуусгалаа. Үнэхээр сэтгэлийн утсыг гогодож чадсан бүтээл болжээ.
Найруулагч Ц.Хүсэлбаатар “Урнаа маань сенсацтай, шинэлэг, хурц шийдэлтэй уран бүтээл хийдэг. Энэ удаагийн бүтээл олон жилийн өмнө тавьж байсан, өөрөө ч тоглож байсан жүжгийг кино болгосон байна. Сэтгэл хөдөлгөсөн, хурц үйл явдал нь үзэгчдэд таалагдах байх. Урнаа маань УДЭТ-т байхдаа энэ киноны зохиол буюу “Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн гол дүрд тоглож байсан. Үүний дараа “Хувьсал” продакшн дахин жүжиг хэлбэрээр амилуулж байсан бол энэ удаад дэлгэцийн уран бүтээл, кино болсонд баяртай байна. Чанартай зохиол, чанартай уран бүтээл болжээ. Урнаадаа болон “Хувьсал”-ын хамт олондоо баяр хүргэе.
The Voice of Mongolia шоуны ялагч Г.Даваадалай “Яг одоо гунигтай байна. Кинондоо орчихсон чинь мэдрэмж маань гарч өгдөггүй. Киноны хувьд үнэхээр гоё болжээ. Ойрд шинэ кино үзээгүй байсан, шинэ кинонд сэтгэгдэл өндөр байна. Юун түрүүнд энэ киног бүтээлцсэн хамт олонд баяр хүргэе. Эндээс гараад хамгийн түрүүнд ээжтэйгээ яримаар санагдаж байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)