АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээлснээр Украин улс руу халдан довтолж буй ОХУ-ын тал БНХАУ-аас санхүү болон зэвсгийн тусламж хүссэн гэнэ. Уг тусламжийн багцад ОХУ тусгайлан байлдааны дроныг багтаахыг хүссэн бөгөөд БНХАУ ч тэдний саналыг хүлээж авахад бэлэн байгаа юм байна. Ийм учраас АНУ-ын зүгээс БНХАУ-д ОХУ-ын саналыг хүлээн зөвшөөрвөл ОХУ-ын талд зогсон тэдэнд тусламж үзүүлж дэлхийн амар амгалан байдалд заналхийлсэн хэнд ч эдийн засгийн хориг тавихад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин уг мэдээлэл АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн эх сурвалжууд дээр нийтлэгдсэний дараа ОХУ болон БНХАУ-ууд уг мэдээллийг худал хэмээн няцааж эхэлжээ.
БНХАУ-ын гадаад хэргийн сайд энэхүү мэдээг шууд утгаараа эсэргүүцээгүй ч худал мэдээлэл гэдгийг нь хэлсэн. Харин ОХУ-ыг төлөөлөн Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков: “Бид БНХАУ-аас ямар нэгэн тусламж хүсээгүй. Манай улсын хувьд одоогийн өрнүүлж буй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зэвсгийн болон санхүүгийн бие даасан нөөцтэй. Бидний хэлсэнчлэн бүх зүйлс төлөвлөгөөний дагуу өрнөж байгаа бөгөөд урт хугацаандаа бид өөрсдийн зорилгодоо бүрэн хүрэх болно.” гэжээ.
Энэ сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын Украин улсад өрнүүлж буй зэвсэгт халдлагыг буруушаах сэдвийн дор хуралдсан бөгөөд энэхүү хуралд БНХАУ-ын талаас төвийг сахиж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэдний хувьд Их Британи, АНУ, болон Европын Холбооны орнуудыг ОХУ-д оногдуулж буй эдийн засгийн хоригийг нь гал дээр тос нэмж буй үйлдэл хэмээн шүүмжлээд байсан удаатай. Тэгвэл БНХАУ-ын зүгээс ОХУ-д зэвсгийн тусламж үзүүлэх нь үнэн мэдээлэл байвал энэ нь жинхэнээсээ гал дээр тос нэмж буй үйлдэл болох билээ. Мөн дэлхийн том гүрнүүд БНХАУ-ыг Орос-Украины дайныг төгсгөхийн тулд дорвитой хөдөлж ОХУ-д эдийн засгийн хориг тавихыг нь уриалаад байсан.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)