Украины Мариуполь хотын төрөх эмнэлэгт ОХУ агаараас халдсаны дараа түргэн тусламжийн машин руу дамнуурга дээр аваачиж байгаа төрөх дөхсөн жирэмсэх эхийн зургийг Та мэдээллийн сувгуудаар харсан байх. Энэ халдлагын дараа олон арван жирэмсэн эхийг нүүлгэн шилжүүлсний нэг нь тэр эмэгтэй байлаа. Оросын халдлагын аймшигт дүр зургийг дэлхий нийтэд харуулсан тэр зураг дээрх жирэмсэн эх болон хэвлий дэх хүүхдийг нь харамсалтай нь аварч чадаагүй талаар “AP” агентлаг мэдээллээ. Мэс заслын эмч Тимур Марин жирэмсэн эхийн аарцаг бяцарсан, түнх нь мултарсан байсан гэдгийг мэдэгджээ. Эмч нар халдлагад өртсөн жирэмсэн эхэд кесар хагалгаагаа хийсэн ч ураг амьгүй төрсөн байна. Хагалгаанаас 30 минутын дараа эхийн бие эрс муудаж сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн ч нас баржээ.
Дайны гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ОХУ-ын албаны хүмүүс тус амаржих газрыг Украины хэт даврагчид бааз болгон ашиглаж байсан бөгөөд длтор нь эмч, өвчтөн байгаагүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Бөмбөгдөлтөд өртсөн жирэмсэн эхчүүдийн зургийг хуурамч, тавилттай зураг хэмээн НҮБ-д суугаа төлөөлөгч болон Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдээд байсан билээ. Харин “AP” агентлагийн сэтгүүлчид халдлагад өртсөн эмнэлэгт байсан жирэмсэн эхчүүдийн шилжүүлэн очсон эмнэлэг дээрээс сурвалжлага хийн энэ бүхнийг үнэн гэдгийг хохирогчдоос ярилцлага аван нотлоод байгаа юм.
“The Guardian”
Сэтгэгдэл (1)