Дэвид Беннетт гэх 57 настай АНУ-ын иргэн өмнөх нэгдүгээр сарын долооны өдөр гахайн зүрх шилжүүлэн суулгуулах мэс заслыг амжилттай хийлгэснээр дэлхий даяар нэр алдарт хүрээд байсан билээ. Гэвч түүний бие сүүлийн өдрүүдэд огцом муудаж мягмар гарагт амьсгал хураасан байна. Түүнийг нас барсны дараа түүнд гахайн зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн мэс засалч: “Ноён Беннеттийг алдсан явдалдаа бид маш ихээр харамсаж байна. Тэрээр эцсээ хүртэл зоригтой байж маш их хэмжээний тэсвэр тэвчээрийг гаргасан. Түүний гэр бүл найз нөхдөд нь манай эмнэлгийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна.” гэжээ.
Дэвид Беннеттийн зүрх ажиллагаагүй болж байсан бөгөөд түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ердийн зүрх шилжүүлэн суулгах эсвэл хиймэл зүрхний шахуурга хийх боломжгүй байсан тул сүүлчийн арга болох амьтны зүрхийг ашиглахаар болсон. Энэ талаараа Дэвид Беннетт: “Надад үхэх эсвэл гахайн зүрхтэй болох гэсэн хоёр сонголт байсан. Би үхмээргүй байна. Тиймээс эргэлзэх зүйлгүйгээр хоёр дахь сонголтыг сонгосон” гэж хагалгааныхаа дараа хэлж байжээ. Дэлхий даяар өвчтөнд шилжүүлэн суулгах эрхтний хомстол үүсээд байгаа бөгөөд АНУ-д гэхэд 106,000 мянган хүн эрүүл эрхтэн олдохыг хүлээж байгаа ба өдөр бүр 17 өвчтөн хагалгаагаа хийлгэж амжилгүй нас бардаг гэнэ.
П.Тамир