Хассан гэх 11 настай Украин хүү Запорожье хот дахь гэрээсээ Словак улсын хил хүртэл 1,200 км газрыг ганцаараа туулж аюулгүй газарт хүрчээ. Хил дээрх сайн дурынхантай уулзах үедээ хүү үнэмлэх, цүнх, Словак улсад байдаг хамаатнуудынхаа дугаарыг бичсэн цааснаас өөр ачаа бараагүй байсан гэнэ. Хүүгийн ээж хэвтрийн өндөр настай ээжийгээ орхиод явж чадаагүй тул Хассаныг галт тэргэнд суулгаж түүнд аюулгүй байдлыг нь өөрийнх нь гарт атгуулжээ. Одоогийн байдлаар хүүг Словак улсын нийслэл хот руу хүргэж байгаа бөгөөд тэнд хамаатнуудтайгаа уулзах юм байна.
Түүнийг гэрээсээ гарах үед Запорожье хотын хажууханд зэвсэгт мөргөлдөөн болж байсан бөгөөд уг хотод Европ тивийн хамгийн том цөмийн станц байдаг гэнэ. Хэрэв уг цөмийн станцыг гэмтээх юм бол 1986 онд тохиолдсон Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтээс илүү ихээр байгаль орчин хохирох тухай Украин улсын ерөнхийлөгч Зеленский мэдэгдэж байсан удаатай. Гэхдээ зэвсэгт халдлага эхэлснээс ойролцоогоор долоо хоногийн дараа ОХУ-ын цэргүүд Запорожьегийн цөмийн станцыг эзлэн авсан.
Эх сурвалж: BBC