ОХУ-ын эхлүүлсэн Украин улсын газар нутагт өрнөж буй зэвсэгт халдлагын үеэр амь үрэгдсэн олон зуун хүмүүсийн дунд Украины хөлбөмбөгчдийн нэрс багтаж байна. Украин улсын үндэсний хоёрдугаар лигийн Карпаты Львов багийн Виталий Сапило гэх 21 настай залуу тоглогч эх орныхоо төлөө тулалдахаар танкны командлагчаар армид элссэн боловч тулааны үеэр нар барсан байна. Мөн Украины Гостомел гэх багийн хагас мэргэжлийн тоглогч 25 настай Дмитрий Мартыненко гэртээ байх үедээ ОХУ-ын цэргүүдийн бөмбөгдөлтөд өртөж ээжийнхээ хамт амь үрэгджээ. Тэднээс гадна Украины биатлоны холбоо 20 настай биатлонч Евгений Малышев эх орныхоо төлөө тулалдаж байх үедээ нас барсан болохыг мөн баталсан.
Эдгээр залуусыг нас барсан гэх мэдээний дараа Мэргэжлийн хөлбөмбөгчдийг дэмжих дэлхийн байгууллагын зүгээс: “Бид бүхний бодол санаа болон сэтгэлийн дэмжлэг амь насаа алдсан залуусын гэр бүл, найз нөхөд, багийн гишүүдтэй нь үргэлж хамт байх болно. Энэ бол хөлбөмбөгийн спортын энэхүү дайнаас хүртэж буй анхны том гарз байлаа. Тэд амар амгалан нойрсог.” гэх мэдэгдлийг хийжээ. Мөн тоглогчоо алдсан Карпаты Львов баг Виталий Сапилог баатар хэмээн дүрсэлж түүний дурсгалыг үргэлж нандигнаж явах тухайгаа мэдэгдсэн.
Уг зэвсэгт халдлагаас улбаалан UEFA болон FIFA-ын зүгээс ОХУ-ын шигшээ баг болон клубуудыг олон улсын тэмцээнүүдэд түр зуур оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэснээр ОХУ-ын эмэгтэй шигшээ баг энэ зун зохиогдох ЕАШТ-д, эрэгтэй шигшээ баг гуравдугаар сарын 24-д явагдах ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод, Спартак Москва клуб Европа лигийн шөвгийн 16-ын шатны тоглолтуудад тус тус оролцох боломжгүй болж байгаа юм.
П.Тамир