ОХУ-ын зүгээс эхлүүлээд байгаа Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлага одоогийн байдлаар цэргүүдээс гадна 130 гаруй Украин иргэдийн (13 хүүхэд) амь насанд хүрээд байгаа билээ. Мөн Украин улсын зүүн хойд хэсэгт байрладаг Харьков хот руу ОХУ-ын агаарын хүчин өчигдөр довтолж хотын дуурийн театр, засгийн газрын ордон, эрх чөлөөний талбай гэх мэт түүх соёлын үнэт газруудыг нь нураан сүйтгэсэн бөгөөд дор хаяж 10 хүний амийг хөнөөсөн гэнэ.
Тэгвэл уг халдлагатай холбоотойгоор Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский:“Харьковын довтолгоо дайны гэмт хэрэг байсан. Тэд ард иргэдийн амьдардаг армитай холбоогүй бүс нутаг руу ямар ч шалтгаангүй халдсан. Уг хэргийг цааш нягтлан шалгаасай гэж Олон улсын эрүүгийн шүүхээс хүсэж байна. Мөн бидэнд зэвсгийн хүчээр туслалцаа үзүүлсэн Европын холбоонд талархах хэрэгтэй.
Бид улсынхаа хүч чадлыг дэлхий нийтэд харуулсан. Одоо та бүхний туслалцаа бидэнд хэрэгтэй байна.” гэжээ.
Түүний энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдэж байна хэмээн үзэж халдлагыг шалгах тухай хүсэлтүүд Олон улсын эрүүгийн шүүхэд маш ихээр хүргэгдэж байсан тул тэдний зүгээс уг хэргийн тухай мөрдлөгийн ажлыг эхлүүлэхээр одоогийн нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн гэнэ. Хэрэг дээр ажиллах ерөнхий прокурор Карим Хан ажлаа эхлүүлэхийн тулд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдээс зөвшөөрөл авах хэрэгтэй байгаа хэдий ч аль хэдийнээ ОХУ-ын зүгээс энгийн иргэд рүү халдсан гэх нотлох баримтуудыг цуглуулаад эхэлсэн байна.
П.Тамир
Сэтгэгдэл (6)