Украин улсаас салан тусгаарлаж байгаа Донецк болон Луганскийн бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурж, тэдний тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө Донбассын бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээсний дараа барууны улс орнууд ОХУ-д хориг тавиад байгаа билээ. Украины хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр яаралтай хуралдаж уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Аюулгүйн зөвлөлийн улсуудаас ОХУ-ыг дэмжсэн нэг ч улс байгаагүй юм. Харин БНХАУ болон БНЭУ төвийг сахисан байр суурьтай байгаа ажээ. Европын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний эхний багцыг өргөн бариад байгаа бөгөөд АНУ, Канад, Норвеги, Герман, Их Британи улсууд ОХУ-д хориг арга хэмжээ тавихаа мэдэгдээд байгаа юм. Энэ бүхнээс хамгийн анхаарал татаж байгаа нь ХБНГУ-ын Канцлер Олаф Шольцын мэдээлэл байлаа. Түүний хэлснээр Германы Засгийн газар ОХУ-аас Европын зах зээлд байгалийн хий дамжуулах хоолойн “Умардын урсгал-2” төслийг түр зогсоохоор болжээ. Түүний энэ мэдэгдлийн дараа ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев “Европчууд удахгүй 1000 шоо метр хийнд 2000 евро төлөхдөө бэлэн байгаарай” хэмээн өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдэгдлээ.
“Умардын урсгал-2” бол Оросын эргээс Балтийн тэнгисээр дамжин Герман руу буюу Усть-Луга боомтоос Грейфсвальд хүртэл жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хоёр шугамын хийн хоолойн төсөл юм. Газпромын охин компани “NordStream 2 AG” уг хийн хоолойн төслийг хариуцсан бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр барилгын ажлыг бэлэн болсон хэмээн мэдэгдэж байлаа. Харин Украин улс энэ төслийг эсэргүүцэн хориг арга хэмжээ авахыг АНУ-д уриалж байв. Хэдийгээр энэ төслийн барилгын явж бэлэн болсон ч хараахан хийгээ шахаж эхлүүлээгүй байв. Учир нь, Европын комисс хийн хоолойн зөвшөөрлийг энэ оны тавдугаар сар хүртэл хойшлуулаад байсан юм.
П.Тамир
Сэтгэгдэл (7)