Коронавирусын халдвараас шалтгаалан 2020 оны гуравдугаар сарын 20-нд хилээ хааж дэлхийн хамгийн хатуу аяллын хоригуудын нэгийг тавиад байсан Австрали улс албан ёсоор улсынхаа үүд хаалгыг гаднын зорчигчдод нээлээ. Нийт 4,900 гаруй Австрали хүн коронавирусын халдварын улмаас нас барсан бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Австрали улс нь хоригоо бууруулж улсынхаа иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхэлсэн ч жуулчдын хувьд нэвтрэх боломжгүй байсан юм. Австрали улс руу вакцины хоёр тунтай иргэд нэвтрэх үедээ хөл хорионд орох шаардлагагүй бол вакцин хийлгээгүй хүмүүс зочид буудалд өөрсдийн зардлаар 14 хоногийн турш тусгаарлагдах юм байна.
Өнөөдөр Австрали улсад 50 гаруй олон улсын нислэг газардсан бөгөөд тэдгээр хүмүүс Австралийн Баруун бүсээс бусад газар нутгаар зорчих боломжтой. Баруун Австрали нь гуравдугаар сарын 3-аас эхлэн жуулчдыг хүлээж авах бөгөөд вакцины гурван тунг шаардах юм байна. 2019 онд Австрали улс нь 9.5 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд аялал жуулчлал нь тус улсын эдийн засгийг бүрдүүлэгч томоохон салбаруудын нэг билээ. Хил нээгдэж аялал жуулчлалын салбар хэвийн үйл ажиллагаандаа шилжсэнээр Австрали улсад тогтсон ажилгүй байсан 660,000 гаруй хүн буцаад ажилтай болж байгаа гэх тоо баримт байгаагаас гадна хоёр жилийн турш зогсонги байдалтай байсан аялал жуулчлалын салбар буцаад хэвийн хэмжээндээ шилжтэл нэлээд цаг хугацааг авах тухай Австралийн худалдаа, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын сайд Дан Техан мэдэгджээ.
П.Тамир