Европ улс руу нэвтрэх хүсэлтэй бүлэг цагаачид Турк Болон Грек улсуудын хилийн зурвастай ойролцоох нутагт хөлдөж үхсэн байдалтай олджээ. Уг осолд Турк улсын хувьд өөрийн улсынх нь нутаг дэвсгэрээр дамжин Грек улсын хил дээр амжилттай очсон цагаачдыг хилээрээ нэвтрүүлэхийн оронд Грекийн хилийн цэргүүд цагаачдын гутал болон хувцсыг нь хураан авч буцаан явуулсан гэж сэжиглэн буруутгаж байна.
Турк улсын цэргүүд нийт есөн хүний цогцсыг лхагва гарагийн өглөө олдсон бөгөөд хайлтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсний үр дүнд нэмэлт хоёр цогцсыг олсон байна. Тэдгээрээс гадна нэг цагаачийг осгосон байдалтай байхад нь олж эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй.
Харин Грек улсын зүгээс нас барагсдыг улсынх нь хил дээр очоогүй гэж үзэж байгаа бөгөөд Турк улсыг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр хэргийг түлхэхийн оронд хүлээсэн үүргээ биелүүлж эдгээр аюултай аяллуудыг анхнаас нь хориглон урьдчилан сэргийлж цагаачдыг хамгаалах ёстой байсан гэж үзэж байна. Ийнхүү хоёр улс уг хэргийг нэгэн рүүгээ тохсоор байна. Грек улс нь олон улсын хүний эрхийн хуулийг даган мөрддөг бөгөөд цагаачдыг улсынхаа хил дээрээс ийм нөхцөл байдалд буцаан үхэл рүү түлхэх нь уг хуулийн хүрээнд хууль бус үйлдэл юм.
Грек улс цагаачдын тухай хуулиа 2015 оноод хойш чангатгаж улсын хилээр нэвтрүүлэх цагаачдын тоог хязгаарласан бөгөөд энэхүү үйлдлээ Европ тивийн хилийг хамгаалж байгаа хэмээн үздэг. Мөн Турк улсыг цагаачдын эсрэг маш бага хэмжээний арга хэмжээ авч маш муу ажиллаж байгаа хэмээн буруутгадаг.
П.Тамир
Сэтгэгдэл (1)