Нэгэн цагт Франц улсын колон байсан баруун африкийн Мали улсын төрийн бодлогыг 2020 оны наймдугаар сараас эхлэн улсын арми нь аваад байгаа билээ. Тус цаг үеэс хойш Франц болон Мали улсуудын хоорондын харилцаа муудаж эхэлсэн бөгөөд саяхан Францын гадаад хэргийн сайдын Мали улсын шилжилтийн засгийн газрын тухай хэлсэн үг нь нөхцөл байдлыг улам муутгаад байна.
Энэхүү явдлын дараа Мали улсын удирдагчид Франц улсын элчин сайдуудад тус улсыг орхин гарах 72 цагийн хугацааг өгч байгаагаа үндэсний телевизээрээ зарласан ба Франц улс ч уг мэдэгдлийн дараа элчин сайдуудаа татан авч буйгаа нэн даруй мэдэгдсэн. Мөн Франц улсын зүгээс исламын шашинтай босогчдын эсрэг Мали улсын газар нутагт тулалдаж байсан цэргүүдээ татан авна хэмээн сүрдүүлээд байна. Франц улсын цэргүүд 2013 оноос эхлэн Мали улсад үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Буркина Фасо, Нигер гэх африкийн улсуудад ч мөн босогчдын эсрэг тэмцдэг.
П.Тамир