Нидерланд улсад омикрон вирус тархсаны дараагаар арванхоёрдугаар сарын 18-наас эхлэн кафе, ресторан, музей гэх мэт олон нийтийн үйлчлүүлдэг газруудыг засгийн газраас хаах шийдвэрийг гаргасан билээ. Гэвч уг шийдвэр нь үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд өдөрт 60,000 тохиолдол илэрч халдварын тоо өмнөх долоо хоногоос 50 хувь өсөөд байгаа юм.
Уг нөхцөл байдлын талаар тус улсын Ерөнхий сайд Марк Рютте “Хувийн бизнесүүдийг дахин нээхээр болсон. Уг үйлдлээрээ бид эрсдэл үүрч байгаа хэдий ч ард түмний хүсэлтийн дагуу ийм шийдвэрийг гаргаж байна” гэжээ. Кафе, ресторан гэх мэт газрууд шөнийн 22 цаг хүртэл ажиллах бөгөөд зөвхөн вакцины үнэмлэхтэй болон ковид тусаад эдгэсэн иргэдэд үйлчлэх юм байна.
Спорт болон соёлын үйл ажиллагааг тавин хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах боломжтой бол шөнийн клубуудыг нээхгүй байх шийдвэр гарчээ. Ингэснээр Нидерланд улс нь үр дүнгүй байсан хөл хориог эрт зогсоож ард түмний амьдралд хэрэгтэй шийдвэрийг хурдан шуурхай гаргаж байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: CNN