Грек улсын нийслэл Афин хотод хүчтэй цасан шуурга болсон бөгөөд үүний үр дүнд олон мянган машин зам дээр гацаж орхигджээ. 3,500 гаруй жолоочид тус шуурганы үеэр аврагдаж гэртээ аюулгүй харьсан бол 300 гаруй жолооч бүтэн шөнийг машин дотроо өнгөрүүлсэн байна.
Мөн уг шуурганаас болж Афин хотын хагас хэсэг нь ямар ч тоггүй болж хүмүүс хоорондоо холбоо барихад хүндрэл учруулжээ. Афин хотын захирагчид хүнсний дэлгүүр, шатахуун түгээх газар, болон эмийн сангуудаас бусад хувийн үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоох үүрэг даалгавар өгөөд байна. Мөн зам дээр хаягдсан машинуудыг нэн даруй холдуулж замын хөдөлгөөнийг хэвийн байдалд шилжүүлэх чиглэлийг өгсөн.
Тус шуурга нь дан ганц Грек улсыг бус Турк улсыг мөн адил хамарч Истанбул хотод байрладаг дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудлыг үйл ажиллагаагаа түр зогсооход хүргэсэн байна. Мөн Турк улсад ойролцоогоор 4,600 хүн авто машинаа зам дээр орхисон байгаа бөгөөд Анталяа хотод 29 жилийн дараа цас орсон байна.
П.Тамир