Энэхүү цаг мөчид Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж тус тивийн бүх анхаарал уг тэмцээн рүү чиглээд байгаа билээ. Тэгвэл урд шөнө шилдэг 16 багийн хасагдах шатны тоглолт Камерун болон Коморос улсуудын хооронд явагдаж зохион байгуулагч Камерун улс 2:1 харьцаатай ялалт байгуулан тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжтой болсон.
Тэгвэл тус тоглолтын өмнө цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэхээр цугласан байсан үзэгчд дарагдаж найман хүн нас баржээ. Хохирогчдын дунд нэг хүүхэд байсан бөгөөд түүнээс гадна хэд хэдэн хүүхэд сураггүй алга болоод байна. Тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэн 60,000 хүний багтаамжтай бөгөөд ковидын халдвараас сэргийлэх зорилгоор 80 хувийн дүүргэлттэйгээр үзэгчдийг оруулж байжээ. Дээрх харамсалтай хэрэг гарахад цэнгэлдэхийн гадна ойролцоогоор 50,000 хүн байсан ажээ.
Одоогийн байдлаар шархадсан хохирогчдыг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа бөгөөд хэд хэдэн хүний биеийн байдал хүнд байгаа байна. Камерун улсын цагдаагийн байгууллагаас уг хэргийн тухай мөрдлөгийг эрчимтэй явуулж байгаа бөгөөд удахгүй нарийн тодорхой мэдээллүүдийг хүргэнэ гэжээ.
П.Тамир