Нидерланд улсын Амстердам хотод өчигдөр газардсан карго онгоцны дугуйны бүхээг дотроос африк гаралтай нэгэн залуу олджээ. Одоогийн байдлаар тус хүний нас болон хаанаас ирснийг тогтоогоогүй байгаа бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн ч онц ноцтой бэртэл гэмтэлгүй байгаа гэнэ. Онгоцны уг хэсэгт хүмүүс онгоц газардсан байх үед нууцаар орон нуугдаж нутгаасаа цагаачлах гэж оролдох үйлдэл олон тохиолддог ч онгоц хэт өндөрт гарснаар агаарын температур огцом багасаж мөн хүчилтөрөгч дутагдсанаар бараг бүгд агаарт байх үедээ нас бардаг.
Гэтэл нийтдээ 11 цаг үргэлжилсэн энэ нислэгийн турш дугуйн энэ хэсэгт нуугдан Нидерландад газардсан залуу амьд үлдсэн нь тун ховор үзэгдэл гэдгийг судлаачид тэмдэглэж байна. Энэхүү онгоц нь Өмнөд Африкаас хөөрч замдаа Кени улсад хэсэг зогсоод Нидерланд улсад нислэгээ дуусгасан юм. Хэдийгээр гайхамшиг түүнд тохиолдож амьд үлдэж чадсан ч Нидерланд улс түүнийг ирсэн газар руу нь буцаах, аль эсвэл улсдаа үлдээж цагаачлуулах эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв түүний хаанаас ирсэн хэн болохыг нь тогтоож чадвал нутаг буцаах магадлал өндөр.
П.Тамир
Сэтгэгдэл (1)