Арилжааны банкны зээл олгох шалгуур хэт өндөр учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдагаа талаараа жижиглэн худалдаа эрхлэгчид Ерөнхий сайдад учирлалаа. Тодруулбал, энэ сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Худалдаа эрхлэгчдийн холбоо, Баянгол дүүрэгт худалдаа эрхлэгч иргэдийн “Эвсэг холбоо”, ТҮЦ эрхлэгчдийн холбоо болон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.
Тэд Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж торгуулийн доод, дээд хэмжээг зааж өгөх, өдрийн зээлийг цэгцлэх, СХД-ийн 23 дугаар хорооны 40 өрхийг эрчим хүчээр хангаж, газрын маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ялангуяа мөнгө хүүлэлтийн сүлжээ болсон өдрийн зээл жижиглэн худалдаа эрхлэгчдэд асар их дарамт болж байгааг хэллээ. Тэд арилжааны банкнаас зээл авах шалгуур хангадаггүй учир аргагүйн эрхэнд өндөр хүүтэй өдрийн зээл авдаг байна.
Хувиараа жижиглэн худалдаа эрхэлж байгаа иргэдээ аль болох дэмжих ёстой гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэднийг торгохоо урьтал болголгүй, аль болох анхааруулж сануулдаг байх, хууль, дүрэм, журмыг сурталчлан таниулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Жижиглэн худалдаа эрхлэгчид, холбоодын төлөөллийн тавьсан хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломж, гарцыг долоо хоногийн дараа эргэн танилцуулахыг мөн сануулав.
Г.Алимаа