Цагтаа хамгийн тансаг зэрэглэлийн "зах"-аар тодорч, нөгөө талаасаа усны ундарга дээр баригдсан гэж төрийн албан хаагчдын үйлийг үзсэн байгууламж бол Дүнжингарав худалдааны төв. Тохилог, дулаахан орчинд Нарантуул захаас ч бага түрээс өгөөд худалдаа эрхлэж болно гэж худалдааны төвийн босс нь тухайн үед рекламдаж байсан. Энэ нь биелэлээ олж, Дүнжингарав худалдааны төв өнөөдөр хөл гишгэх зайгүй шахуу болтлоо түрээслэгчээр дүүрсэн юм. Гэхдээ цаг хугацааны эргэлтэд түрээсийн үнээ үе шаттай нэмж ирсэн гэдгийг энд цохон тэмдэглэх ёстой болов уу. Гэвч тус захын удирдлагууд нэг л өдөр гэнэтийн шийдвэр гаргаж, түрээсээ хоёр дахин нэмжээ. Энэ талаар түрээслэгч нар хэлсэн бөгөөд яг ямар шалтгааны улмаас 2-3 дахин нэмсэн талаар огт мэдээлэлгүй байгаа аж.
Тус худалдааны төвийн нэг лангууны хэмжээ 2×3 метрийн хэмжээтэй. Өмнө нь нэг лангуу 495 мянган төгрөг байсан бол 995 мянган төгрөг болгох болсноо удирдлагууд нь дуулгажээ. Хамгийн гол нь түрээслэгч нарын түрээсийн гэрээ дуусаагүй байгаа аж. Ийм атал гэрээгээ зөрчин, түрээсээ нэмсэн нь хууль бус үйлдэл гэдгийг иргэд онцолсон юм.
Мэдэгдэх хуудсыг өнгөрсөн наймдугаар сарын 25-нд гаргасан хэрнээ түрээслэгч нарт дөнгөж энэ сарын 17 буюу өчигдөр өгчээ. Үүнд, түрээс нэмэх болсноо дурдаад "Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол есдүгээр сарын 25-ны дотор өргөдөл бичиж өг" хэмээжээ. Нэг ёсондоо бол түрээс нэмсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол лангуугаа хүлээлгэж өгөөрэй гэсэн санаа аж.
Ийм гэнэтийн мэдэгдэл авсан түрээслэгч нар сандралдаж, яах учраа олохоо байсан байна. Тэдний олонх нь банкны зээлтэй. Бүр тодруулбал, орон гэрээ, унах унаагаа барьцаалж, эргэлтийн хөрөнгө босгосон. Банкны сар бүрийн төлөлтөө арай хийн дарж байхад түрээсийн мөнгөө гэнэт нэмсэн нь шууд дарамт шахалт болох нь тодорхой. Тиймээс түрээслэгч нар тус худалдааны төвийн үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тэд "Хэрвээ шаардлагатай бол УИХ-ын гишүүн Б.Наранхүүд хүсэлт явуулна. УИХ-ын гишүүн тус худалдааны төвийн эзэн гэдгийг бүгд мэднэ. Ард түмний төлөөлөл хүн байна. Учир ойлгох байгаа" гэсэн юм.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (12)