Улаанбаатар Хотын Банкны Бүтээгдэхүүн Хөгжлийн Хэлтсийн Захирал Э.Шинэбаяртай ярилцлаа.
-Үндэсний үйлдвэрлэлийг бид яагаад бодлогоор дэмжих ёстой талаар эхлээд та бодлоо хэлээч?
-Дэлхий ертөнц үсрэнгүй технологийн ачаар өдрөөс өдөрт улам бүр ижилсэж байна. Бэстселлэр ном, Холливуудын киноны нээлтийг бид дэлхийтэй нэг зэрэг шахуу хийж байна. Өндөр хөгжилтэй улсын иргэдтэй адил хамгийн сүүлийн загварын Samsung, IPhone гар утас, зөөврийн компьютерийг ашиглаж байна. Тэгвэл энэ хурдацтай глобалчилалд үндэстнүүд ялгарч үлдэх ёстой юу, юугаараа бид ондооших вэ гэдэг асуудал өнөөдөр улс орнуудын өмнө тулгараад байна. Тэгвэл глобалчилалд ялгарч үлдэх нэг гарц бол нүүдэлчний соёл уламжлалд тулгуурласан Монгол хүний оюун санаагаар бүтээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, түүнийгээ экспортонд гартал дэмжих нь банк санхүү, бизнесийн байгууллагуудын хийх зүйл гэж хардаг.
Нөгөө талаас зэсийн үнээс хамаарч савладаг жижиг эдийн засгийг маань солонгоруулж олон тулгуурт болгоход ч алсдаа нөлөөлөх боломжтой гэх мэт өөдрөгөөр харвал үндэсний үйлвэрлэлийн олон давуу талуудыг дурдаж болно.
-Иймд банк санхүүгийн байгууллагын хувьд та бүхэн оюуны өмчийг барьцаалан үндэсний үйлдвэрүүдэд зээл олгох болжээ?
-“Үндэсний Үйлдвэрлэлийг Дэмжигч” уриатай ажилладаг манай банк энэ онд 20 жилийнхээ ойтой золгож байгаа гэхээр эртнээс л энэ чиглэлд алсын харааагаа чиглүүлж байсан гэж ойлгож болно. Үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх үзэл сүүлийн үед залуучуудын дунд хүчээ авч байна, тэр хэрээрээ үндэснийхээ бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх нь илтэд нэмэгдэж, брэндүүдийн тоо ч өсч байна. Үүнийг орчин үеийн технологитой хослуулан өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломжийг манай бизнесийнхэн ч эрэлхийлж байна. Гагцхүү тэдний хувьд бусад бизнесүүдийн адил зах зээлд хангалттай нийлүүлэлт хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. Санхүүжилтийг банкууд олон төрлийн зээлээр шийдэж байгаа ч барьцаа хөрөнгийн асуудал үргэлж үүсдэг. Иймд “Оюуны өмч”-г эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг зорьсон анхных нь манай Улаанбаатар Хотын Банк билээ. Өнөөдрийн импортыг орлох үйлдвэрүүд маань маргаашийн экспортлогч нар гэж бид хардаг.
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал олон жилийн турш <жижүүрийн яриа> байсаар ирсэн. Яаж бодит ажил болгов?
-Бид оюуны өмчийн газраар баталгаажсан “Бараааны Тэмдэг”-ийг барьцаалан зээл олгож байгаа Монголын анхны банк юм. Оюуны өмчийг бодитоор эргэлтэнд оруулах хүч нь одоогоор банк санхүүгийн байгууллагад л байна. Анхдагчид ачааны хүндийг үүрдэг жамтай. Бид олон талаас харж, гадаад дотоодын олон бизнес кэйс жишээг судалсаны үндсэн дээр “Барааны тэмдэг”-г барьцаалж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олгож эхэлсэн. “Барааны тэмдэг” бол тухайн хувь хүн, бизнесийн байгууллагын бий болгосон брэндийн нэр хүнд, гол үнэ цэнэ нь юм.
-Барааны тэмдэгийг барьцаалан зээл олгож байгаа Монголын анхны банк гэхээр энэ тал дээр нэлээд туршлага хуримтлуулж байгаа байх. Энэ зээлийнхээ онцлогийг дурдаач?
-Ийм төрлийн зээл анх барууны өндөр хөгжилтэй оронд 1997 онд нэвтэрсэн байдаг. Манай урд хөрш гэхэд 5 жилийн өмнөөс үүнд анхаарлаа хандуулж ирсэн гэхээр харьцангуй шинэ төрлийн зээл л дээ. Харин манайд хууль эрх зүйн хувьд тодорхой болгох зүйлс нэлээд байгаа. Эдийн бус хөрөнгийн барьцаатай зээл болохоор банкны хувьд эрсдэлтэй, гэхдээ үүнийг бид хоёрдугаарт тавьж байгаа. Юун түрүүнд харилцагчаа гэх маш том итгэл дээр суурилж тэдэнд санхүүгийн түлхэц өгч байгаа юм. Мөн зээл өгөөд зогсохгүй санхүүгийн зөвлөгөөг нэлээд өгөх шаардлагатай болдог. Гэхдээ энэ нь банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд ч бас эерэг нөлөөтэй гэж системийн нөлөө бүхий банкны хувьд үзсэн тул бид энэ зээлийг нэвтрүүлэхээр шийдсэн.
-Арилжааны банкуудын зээлийн хүүнд иргэд их бухимдалтай ханддаг. Танай “Барааны тэмдэг” барьцаалах зээлийн хүү бодит боломжийг олгож чадах уу?
-Зээлийн хүү маш олон хүчин зүйлээс хамаардаг ч Монгол Банкны бодлогын хүүг арилжааны банкууд суурь болгодог. Монгол Банкны бодлогын хүү дээр 2 хувийг нэмж “Барааны тэмдэг” барьцаалах зээлийн жилийн хүүг тооцож байгаа. Ийм зээлийн хүү одоогоор банкны зах зээл дээр байхгүй, бидний нэмж байгаа 2 хувь нь зардалдаа зориулагддаг гэвэл энэ зээлийн зорилго та бүхэнд ойлгогдож байгаа боловуу?
Гол нь энэ зээлээр дамжуулж бизнесэээ дараагийн шатруу ахиулчихвал бидний хамтын зорилго биелж буй хэрэг юм. Харилцагчид маань томрох тусам банк улам л бэхжиж байдаг.
-Тэгвэл “Барааны тэмдэг” барьцаалах зээл гарснаас хойшхи та бүгдийн тэмүүлсэн хамтын зорилго хэр биеллээ олж байна вэ?
-Бид энэ оны хоёрдугаар сард бүтээгдэхүүнээ гаргасан. Бизнесүүд маань амжиллтай урагшилцгааж байна, цаашид ч илүү өргөжинө гэсэн хүлээлттэй байна. Энэ зээл үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжиж байгаа ч үүнд хамгийн их хожих нь хэрэглэгчид юм. Учир нь зээлийн хүү боломжийн түвшинд байх тусам иргэдийн гар дээр очих барааны үнэ хямд бас чанарт ч эерэгээр нөлөөлдөг.
Улаанбаатар Хотын Банк “Оюуны өмч”-г эдийн засгийн эргэлтэнд оруулахад түүчээ нь болсондоо бахдалтай байна. Манай зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гарснаас хойш “Барааны тэмдэг”-г оюуны өмчийн газраар баталгаажуулах очер ихэссэн гэсэн. /инээв/ Энэ нь үндэсний баялаг бүтээгчид олон байгаа гэсэн үг. Өмнө нь ёс төдий байсан зүйл өнөөдөр бодит үнэ цэнийг бий болгож байна, энэ бахархмаар хэрэг биш гэжүү...
-Цаашид зээлийн хэмжээ, хүүг эргэж харах боломжууд байгаа юу? Илүү хүртээмжтэй болгох тал дээр ажиллаж байна уу?
-Оюуны өмч нь олон төрөлтэй. Барааны тэмдэгээс гадна Патент, Ашигтай загвар, Зохиогчийн эрх гэх мэт. Тодорхой хугацаааны дараа оюуны өмчийн бусад хэлбэрүүдийг барьцаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг ээлж дараалан бүрдүүлээд явна гэдэгт итгэлтэй байна. Биднээс гадна холбогдох төрийн болон бизнесийг дэмжигч байгууллагууд үүн дээр санаа тавиад эхэлсэн нь үйл явцыг хурдасгахад нөлөөлөх байх.
Харин бид анхдагчийн хувьд зах зээлийн хамгийн бага хүүг ямар ч үед санал болгохоор зоринодоо.
Ярилцсанд баярлалаа, Амжилт хүсье.