Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнав нар "Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны хөгжлийн бодлогын санхүүжилтийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Уг хөтөлбөр нь Засгийн газраас Олон Улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн санхүүжилтийн багцын хүрээнд олгогдож байгаа юм. Хоёр дахь шатны хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциаци болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларыг хамтран санхүүжүүлж байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөр үр дүнгээ маш сайн өгч байна. Манай улсын эдийн засаг өсөлт 2018 онд 7.2 хувьтай байсан бол энэ оны эхний хоёр улирлын байдлаар 7.4 хувьтай болж өссөн. Төсөв ашигтай гарч, манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт их бий.
Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа дээрх төслийг бусад байгууллагууд ч гэсэн дэмжин ажиллаж зээл олгож байгаа. Өнөөдөр Дэлхийн банктай хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээ хэлэлцүүлгийг хийлээ. Мөн тодорхой хугацааны өмнө Олон улсын валютын сан хөтөлбөрөө зогсоосон. Дэлхийн банк санхүүжилтээ өгөхгүй байгаа зэрэг янз бүрийн яриа гарч байсан. Тиймээс Олон улсын сантай байгуулсан хөтөлбөр үргэлжилж байгаа" гэдгийг онцолсон юм.
Мөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев "Уг санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон түншлэгч байгууллагуудын нэгдсэн зөвшилцөлд хүрсэн томоохон хөтөлбөрийн нэн хэсэг юм. Ингэснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтворжуулалт болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зарцуулагдах юм. Бид эдийн засгийн реформын чиглэлээр цаашид ч хамтран ажиллахын төлөө зорьж ажиллаж байна" гэв.