Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн билээ. Тус паркийг байгуулахтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-аас ТЗҮ-ийг баталсан бөгөөд арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, ноосон эдлэлийн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл байгуулахаар тусгасан байна. Мөн дагалдах салбарууд болох талх, нарийн боов, сүү, усны үйлдвэрлэл, хог хаягдал боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл, фермерийн аж ахуй гэх мэтээр олон чиглэлийн үйлдвэрлэл байгуулах боломжтой байхаар төлөвлөөд байгаа аж.
Багахангай дүүрэг нь 4200 гаруй оршин суугчтай ч эдийн засаг, хөгжлийн хувьд хязгаарлагдмал, ажилгүй иргэн олон учраас тус паркийг байгуулах нь ач холбогдол өндөр хэмээн тооцжээ. Нөгөөтэйгүүр, энэхүү паркийг байгуулснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах боломжтой хэмээн үзэж байгаа аж. Паркийг ашиглалтад оруулснаар 500 орчим ажлын байр бий болгох боломжтой юм байна. Тухайлбал, үйлдвэрүүд байгуулснаар гарах эдийн засгийн үр өгөөжийг нарийн тооцож, ажиллах хүчний хувьд мэргэжлийн хүмүүс ажиллуулах тал дээр анхаарах шаардлагатайг ИТХ-ын төлөөлөгчид онцлон хэлсэн. Тус паркийн жилийн урсгал зардлыг 116 сая төгрөгөөр тооцжээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгууллаа.
Тэргүүлэгчдийн энэ сарын 11-ний өдрийн хурлаар мөн 286 айлын түр оршин суух түрээсийн орон сууцыг блансаас блансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус барилгыг Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд барьж, ашиглалтад оруулжээ. Орон сууцанд одоогоор дахин төлөвлөлтөөс шалтгаалан хохирсон 264 айл амьдарч байгаа аж. Барилгыг Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн газрын блансаас хасч “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн данс бүртгэлд шилжүүлэх асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, тогтоолын төслийг баталсан юм.
Мөн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хандиваар барьж ашиглалтад оруулсан 239 сая 855 мянган төгрөгийн өртөг бүхий барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авсан юм.
Түүнчлэн “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-иас Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зарим төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцүүллээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын такси үйлчилгээний төсөл”, “Зогсоолын менежментийг сайжруулах төсөл”, “Ухаалаг төлбөрийн нэгдэн системийн төсөл”, “Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн төсөл” гэсэн дөрвөн төслийг цогцоор нь хэрэгжүүлэх саналыг танилцуулж, тэргүүлэгчид дэмжлээ. Тус хурлаас мөн төрийн дээд одон медалиар 306 иргэнийг шагнуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн Тамгын газар уламжлахаар шийдвэрлэв. Мөн тус хурлаар нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг батлав.
Г.Алимаа